Төгсгөл нь үзэгдэхгүй урт зам. Түүний цаана чи зогсоно.
Чиний яг эсрэг талд би зогсоно. Яг зуун жилийн өмнө бид энд ирж зогссонсон. Тэгэхэд ногоон гэрэл асчихсан байсан. Одоо ч бас ногоон гэрэл асчихаж. Торойх ганц машин, ганц хүн ч энэ зам дээр, энэ замын ойр хавьд ч алга.
Чиний харцанд инээмсэглэл ч алга. Бас нүдэнд чинь гуниг ч алга. Замын дохиолуур ногоон өнгөөр гэрэлтэж, чамайг над руу ирэхэд юу ч саад болохгүй. Гэхдээ мэдээж чи над руу ирэх ёсгүй. Учир нь чи наашаа ганц л алхвал улаан гэрэл асч, хаанаас ч юм үй олон машин гарч ирээд, чиний амьдралыг төгсгөнө.
Миний харц асар их догдлол, бас түүнээс ч илүү эмзэглэл, айдастай. Тэр бүхэн бүгд нэгдээд миний бяцхаан зүрх рүү довтолно. Ногоон гэрэл асаалттай. Уг нь бидэнд л үйлчлэхээр зохиогдсон тэрхүү амьдралын тухай хуулиар бол би л чам руу очих учиртай. Тэгвэл бид хоёр тэврэлдэн учралдаад, тэгээд хэзээ ч хагацахгүйгээр мөнхийн хайрандаа умбан жаргана. Гэвч би чам руу очьё гэж бодсон ч хөл минь хөшчихөж. Би алхаж чадахгүй байна. Хэтэрхий их бардамнал, асар их хайр минь хоёр хөлийг минь тушчихаж.
Харваас чиний харцанд над руу ирье гэсэн хүсэл алга. Бүр цээжинд чинь хүртэл сайн, муу бодлын аль нь ч алга. Зүгээр л намайг өөр дээрээ хүрч ирэхийг хүлээн зогсоно. Магадгүй чи яах ёстойгоо мэдэхгүй байгаа бололтой.
Улаан гэрэл аслаа.
Чи явж, чиний оронд цоо шинэ ертөнц, цоо шинэ инээмсэглэл, бүр цоо шинэхэн гуниг тээсэн харцтай нэгэн залуу ирж зогслоо. Замаар дүүрэн машин холхиж, эцэс төгсгөлгүй хөдөлгөөн ертөнцийг эзэгнэлээ.
Уг нь би түүн рүү очих ёстой, гэвч намайг л зөвшөөрвөл тэр энэ олон машиныг сүлжин над руу гүйхэд бэлэн байна. Гэхдээ би түүнд ингэхийг зөвшөөрч чадахгүй. Зүрх минь зөвшөөрөхгүй нь. Мэдээж энэ ч бас өөрийн гэсэн хуультай. Хэрэв би түүн рүү очихоор зоригловол замын хөдөлгөөн гэнэт ярагдаж, надад зам чөлөөлж өгнө. Өөрөөр хэлбэл намайг түүн рүү очиход юу ч саад болохгүй. Харин түүнийг над руу алхвал замын хөдөлгөөн яг л янзаараа үргэлжилсээр байх болно.
Бурхан минь, түүний харцанд ямар олон зүйл, ямар их аз жаргал гэрэлтэнэ вэ. Гэвч надад тэр аз жаргалаас хүртэх эрхийг минь өгөхгүй нь. Хайр надад тийм эрх чөлөөг олгохгүй нь. Хөл, гар минь чөлөөтэй хөдөлж, дуугарья гэвэл хоолой ч бас цээлхэн дуугарах бололтой. Гэвч би түүнийг өөр рүүгээ явахыг зөвшөөрч чадахгүй, өөрөө ч бас түүн рүү очиж чадахгүй нь.
Гэрэл солигдож, шар гэрэл асахад тэр залуугийн хажууд чи ирж зогслоо. Замын хөдөлгөөн зогсов. Гэвч энэ гэрэл ч бас өөрийн гэсэн дүрэмтэй. Энд би ч, чи ч сонголт хийх учиргүй. Учир нь сонголт хийх эрх зөвхөн тэр залууд л үлдсэн. Тэгээд тэр залуу над руу харлаа. Мэдээж тэр миний харцнаас баяр, гунигийн алийг нь ч олж харсангүй. Тэгээд тэр чам руу харлаа. Тэр бас л чиний харцнаас хорсол, эвлэрэл хоёрын алийг нь ч олж харсангүй бололтой, ахиад л над руу харав. Гэтэл энэ мөчид гэрэл ахиад л солигдож, ногоон гэрэл аслаа.
Тэр залуугийн явах ээлж болжээ. Ахиад л ногоон гэрэл. Ширхэг ч машингүй зам. Бас ямар ч сэтгэлийн догдлолгүй чи бид хоёр үлдлээ. Нарийхан засмал замын хоёр талд хоёр биенийгээ ширтэн удаан зогслоо. Ахиад л хөлийг минь хүлчихэж. Гараа даллах гэтэл гарыг минь ч бас гинжлэчихэж, өнөөх цаг хугацаа гээч нь. Тэгээд чамд энэ бүхнийг учирлах гэтэл хоолойг минь өнөөх хэмжээлшгүй их хайр боомилчихож. Тиймээс би дуугарч чадсангүй.
Одоо чиний харцанд ч зүрхэнд ч бас хайр, хорсолын аль нь ч алга. Нүднээс чинь би зовлон жаргалын алийг нь ч олж харахгүй байна. Намайг ямар ч бодолгүй, ер нь юу ч үгүй нүдээрээ төөнөсөөр их удлаа. Тэгснээ гэнэт чи газар ширтэв. Учир нь чи миний харцнаас хайр, догдлол, инээмсэглэл, гунигийн алийг нь ч олж харсангүй. Миний харц болоод зүрхнээс инээмсэглэл ба гунигийг минь өнөөх цаг хугацаа аваад нисчихсэн байна.
Гэтэл гэрэл улаанаар солигдож ахиад л нөгөө залуу ирж зогслоо. Тэр над руу аргадсан, гуйсан, ятгасан бүр тулган шаардсан харцаар удаан ширтлээ. Би ч бас юу бодож зогсоогоо мэдэхгүй атлаа л түүн рүү ширтсээр байв. Гэтэл гэнэт түүний харц болоод зүрхнээс хайр, хагацал хоёр үргэж, цаг хугацаа хэмээх охин тэнгэрийн нүд булаам цагаахан далавчин дээр суун алсыг зорьж одохыг би олж харав.
Гэтэл ч гэрэл солигдож, чи түүний дэргэд ирж зогслоо. Чиний харц болоод зүрхэнд бодол ч, мөрөөдөл ч алга. Ингээд бид гурав хайр ч үгүй, хагацал ч үгүй, инээмсэглэл ч үгүй, гуниг ч үгүй харцаараа биесээ ширтэн удаан зогслоо.
Ээлж солигдоно. Тэр ирнэ. Чи буцна. Гэрэл солигдоно. Тэр явна. Чи ирнэ. Гэвч цаг хугацаа бидний хэн хэнийх нь бодол болоод мөрөөдлийг минь аваад явчихсан учраас яг эндээ л бид гурав зөвхөн өөрийнхөө ээлжийг хүлээн зогсож, тэгээд ямар ч утгагүйгээр, юу ч бодолгүйгээр ширтэлцэж, гэрэл солигдохыг удаан хүлээнэ. Зөвхөн энэ л байрандаа зогсож, ээлжээ ирэхээр явж, гэрэл солигдоход ирэх ёстой гэдгээ л та хоёр мэднэ. Үүнээс өөр юу ч та хоёрын сэтгэлд алга. Харин би та хоёрын алийг нь ч ирсэн яг эндээ зогсоод ширтэх ёстой л гэж мэднэ. Тэгээд хөл ч, гар ч, бие ч хөдлөхгүй. Бас хоолой гарахгүй.
Учир нь би та хоёрын хэн рүү чинь очих ёстой, эсвэл та хоёрын хэн нь над руу ирэх ёстой, эсвэл бид гурвын хэн нь ч хэн рүүгээ очих ёсгүй болохыг мэдэхгүй байна. Энэ зам, энэ гэрэл ч, та хоёр ч ямар үүрэгтэй, ямар утгатайг би мартчихаж. Өөрийгөө ч гэсэн би мартчихаж. Ингэхэд та хоёр хэн юм бэ?
Ирээд л, яваад л байна. Үүнээс өөр юуг ч би санахгүй байна. Чи бид хоёр хаана ямар зүйлээр холбогдож, яагаад ийнхүү ирж очих учиртайг би мартчихаж. Чи:
-Энэ урт зам, энэ хурц гэрэл, тэр бүсгүй хэн билээ. Залуу минь чи таньж байна уу?
Тэр залуу:
-Би л лав та хоёрын хэнийг чинь ч танихгүй юм байна.
Би:
-Өө, би ч бас та хоёрыг танихгүй юм байна. Ингэхэд би хэн билээ?
Мянган жилийн дараа бид гурав гэнэт сэтгэл дотроо ийн ярилцав…
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих