Онгоцны ослын шачтгааныг тогтооход "хар хайрцаг" чухал мэдээллийг
өгөх учиртай. Тэгвэл сүйрсэн онгоцны "хар хайрцаг" хэрхсэн нь одоо
хүртэл тодорхойгүй байгаа юм. Гэвч өчигдөр зарим хэвлэл мэдээллийн
хэрэгслээр сүйрсэн онгоцны хар хайрцгийг Малайзын талд хүлээлгэн өгсөн
гэх мэдээлэл тараад байна. Гэхдээ энэ мэдээллийн үнэн эсэх нь бас
тодорхойгүй.
Ямартай ч тусгаар тогтнолоо зарлаад байгаа Донецкийн Бүгд Найрамдах Улсын Засгийн газар сүйрсэн онгоцны хар хайрцгийг Малайзийн шинжээчдийн багт хүлээлгэн өгсөн, хар хайрцаг бүрэн бүтэн байсан гэсэн мэдээг "Ройтерс" агентлаг уламжилжээ. Энэ мэдээллийг Малайзын төлөөлөгчдийн тэргүүн Мохамед Сакри дамжуулсан аж.
"Хар хайрцаг багагүй гэмтэлтэй хэдий ч хөндөгдөөгүй, бүрэн бүтнээрээ байхыг би харсан" хэмээн Мохамед Сакри нотолжээ. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол хэргийн учгийг тайлах чухал түлхүүр болох нь дамжиггүй.
Талууд хар хайрцгийг өгч авалцаж байгаа акт бичиг баримт үйлдсэн төдийгүй Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагад энэхүү бичиг баримтаа мөн хүргүүлжээ. Хэрэг явдал болсны дараа Малайзын албаныхан сүйрлийн газарт очиж чадаагүй юм. Учир нь тухайн газарт хүрэх зам дагуу Украины агаарын цэргийн хүчнийхэн босогчдын эсрэг цохилт өгсөөр байв. Хэдийгээр Ерөнхийлөгч Петр Порошенко онгоц сүрсэн газраас эргэн тойрон 40 км-ийн тойрогт байлдааны ажиллагааг зогсоох тушаал өгсөн ч эмгэнэлт явдал болсон газраас холгүй орших Шапошниково тосгоны орчимд Украины артиллерийн буудлага үргэлжилсэн хэвээр байсан нь байдлыг улам хүндрүүлсэн юм. Гэсэн хэдий ч өчигдөр Малайзын албаныхан хэрэг явдал болсон газар очихоор дахин хөдөлсөн гэх мэдээлэл байгаа юм.
Өдрийн шуудан

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих