
-ЭНЭ САРЫН 20-НООС ЦАГДАА НАР БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ АЖИЛЛАНА-
-Хоёр хөршийн төрийн тэргүүнүүд ирэх гэж байна. Замын цагдаагийн газраас энэ үеэр ямар зохицуулалт хийж ажиллах вэ?
-Наймдугаар сарын 23-нд Хятадын Ерөнхийлөгч, есдүгээр сарын 3-нд ОХУ-ын Ерөнхийлөгч ирэхтэй холбогдуулан А зэрэглэлийн хамгаалалт гарна. Энэ үеэр хөдөлгөөний эрчим нэлээд нэмэгдэх байх гэсэн тооцоотой байна. Тиймээс эвдрэлтэй замууд, тэмдэг тэмдэглэл, гэрэлтүүлгийг сайжруулах ажлыг хотын удирдагуудад өгөөд, ажиллаж байгаа.
-Энэ үеэр цагдаагийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах уу?
-Амарч байгаа алба хаагчдаа наймдугаар сарын 20 гэхэд бүгдийг нь ажилд нь оруулж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллахаар бэлтгэж байна. Ингэж хөдөлгөөн зохицуулалтыг эрчимжүүлнэ. Наймдугаар сарын 20-ныг хүртэл эвдрэлтэй байгаа зам, гэрэлтүүлгийг сайжруулах чиглэлээр нийслэлийн авто замын газар болон холбогдох байгууллагуудад албан шаардлага хүргүүлсэн. Дээр нь хаагдсан замуудын ажлыг эрчимжүүлж, зорчих хэсгийг яаралтай нээх ажиллагаануудыг хийж байна. Нарантуул захын орчим гэх мэт хөдөлгөөний нягтрал үүсдэг замуудын тэмдэг тэмдэглэгээ, талбай, эвдрэлийг засуулж байна.
-Удахгүй болох хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр хүүхдүүд зам тээврийн осолд ихээр өртдөг. Энэ асуудалд хэрхэн анхаарах вэ?
-Хичээлийн шинэ жил эхлэхээр хөдөлгөөн эхэлдэгээрээ эхэлнэ. Энэ үеэр замуудын гарцыг тодруулах үүрэг даалгаврыг Авто замын газарт албан шаардлагаар хүргүүлсэн. Есдүгээр сарын 1-ний өдөр замтай ойр сургуулиудын орчимд цагдаагийн алба хаагчдыг ажиллуулахаар төлөвлөсөн. Мөн хөдөлгөөний аюулгүй байдлын туслах ажилтан буюу цэнхэр хувцастай ажилчид хөдөлгөөн зохицуулж ажиллана. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний төвтэй энэ тал дээр хамтран ажиллах хүсэлт тавиад байна. Нийслэлийн Боловсролын газрыг сурагчдын автобусаа бүрэн ажиллагаанд оруулах тал дээр анхаарахыг сануулсан. Хичээлийн шинэ жилийн үеэр хэрхэн ажиллах талаар нэгдсэн төлөвлөлт хараахан гараагүй байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4592
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих