Энэ удаагийн ярилцлагын зочноор "Монголын залуучуудын хөдөлмөрийн төв бирж”-ийн захирал Б. Эрдэнэбат оролцож байна.
-Залуучуудыг ажлын байранд зуучлах энэхүү төслийг цаг үеэ олсон гэж сайшаах хүмүүс олон байгаа. Төслийг анх санаачилж байсан үеэс яриагаа эхлүүлэх үү ?
-Бид залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, ажилтай орлоготой байлгах гэх мэт асуудлын талаар их ярьдаг. Би ч мөн адил хөдөө орон нутгийн оюутан байсан учраас үүнийг сайн мэддэг байлаа. Учир нь зуныхаа амралтаар хийж бүтээсэн зүйлгүй эргээд л нутаг руугаа явж амардаг тийм л залуу байсан. Тиймээс нээрээ л залуучууд яагаад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж үүний хажуугаар орлого олох боломжийг бүрдүүлж болдоггүй юм гэсэн бодол байдаг байсан. Тийм ч учраас миний бие залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор залуучуудын хөдөлмөрийн төв биржийн захирлаар томилогдсон. Тиймээс олон нийтийг хамарсан хэн хэндээ хэрэгтэй гарцтай тийм төслийг санаачилбал зүгээр болов уу гэж бодсоны үндсэн дээр "Ажилтай орлоготой монгол залуу” төслийг санаачилсан юм.
-Олон нийтийг хамарсан төсөл тэр дундаа төрийн бус байгууллага хэрэгжүүлэхэд хамгийн чухал зүйл бол санхүүжилт шүү дээ. Засгийн газар энэхүү төслийг яаж хүлээж авсан бэ?
-Залуучуудын холбооныхон маань энэ санал санаачилгын хүрээнд яаман дээр очоод тодорхой хэмжээнд илтгэл тавьсан. Нэлээд хэдэн ч удаа очиж илтгэл тавьсан. Мэдээж алдаа дутагдалтай талууд байсан болохоор бид хэд хэдэн удаа засаж нягталж үзэж өөрчилж хэд хэдэн удаа очсон гэх үү дээ. Тэгсэн хэдий ч бид дөрөв дэх удаагийн илтгэл дээр үнэлэлт, дүгнэлт авч чадсан. Мөн Хөдөлмөрийн яамны сайд Я.Санжмятав бидний үйл ажиллагааг маш сайн дэмжсэн. Сайд маань өмнө нь залуучуудын холбоонд удирдах албан тушаалд ажиллаж байсан хүний хувьд өөрийн саналуудыг нэмж биднийг дэмжсэн. Ингээд бид "Сумын залуус, ажлын гараа" гэсэн төсөл хөтөлбөрүүд дээр залуучуудыг түр ажлын байраар хангая, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажиллая хэмээн ярилцаж шийдэлд хүрсэн. Энэ маань явцын дунд улам боловсронгуй болж Залуучуудын холбоо, Хөдөлмөрийн яам хамтран ажиллах санамж бичиг байгуулаад хэрэгжиж эхэлсэн түүхтэй.
-Энэхүү төсөл бусад төрийн бус байгууллагуудын төсөл хөтөлбөрүүдээс ялгарах онцлог юу вэ?
-Энэхүү хөтөлбөр нь нийгэмд хүлээгдэж байсан төсөл. Богино хугацаанд маш олон залуусыг хамруулж чадсан, хэрэгжих цаг үе нь ч яг таарсан учраас олон нийт болоод төрийн болон төрийн бус байгууллагаас үнэлэлт дүгнэлт авсан болов уу. Мэдээж залуучуудыг ажилтай орлоготой болгох талаас нь шинэчлэлийн засгийн газар хөдөлмөр эрхлэлтийг маш сайн дэмжсэн. Мөн МУ-ын хэмжээнд анх удаа төрийн бус байгууллага ихээхэн хэмжээний санхүүжилтийг аваад хэрэгжүүлж чадсанаараа онцлогтой төсөл хөтөлбөр болсон. Маш олон залуучуудын хүч хөдөлмөр, идэвх чармайлт, оролцоотойгоор 2013 онд амжилттай хэрэгжүүлж чадсан.
-Хөтөлбөрийн хүрээнд ажлын үр дүн хэр үзүүлэлтэйгээр 2013 он буюу анхны жилээ үдсэн бэ?
- Төслийн хүрээнд 3000 гаруй залуучууд хамрагдсан. Ажлын гараа, сумын залуус, бүтээн байгуулалтад залуучууд гар бие оролцсон бөгөөд намрын ургац хураалтын ажил гэх мэтчилэн ажилд 3000 гаруй түүнээс ч олон залуус хамрагдсан. Мөн цагийн ажлаар дамжуулан бид бүхэн байнгын ажлын байр, түр ажлын байранд зуучилсан. Тэгэхээр багцаагаар 7000 гаруй залуучууд хамрагдсан. Үүний дараагаар чуулга уулзалт зохион байгуулсан. 2013 оны 10 сарын 26-нд Төрийн ордонд болсон чуулга уулзалтад Монгол улсын Ерөнхий сайд Н. Алтанхуяг, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П. Цагаан, тухайн үеийн байнгын хорооны дарга асан З.Баянсэлэнгэ, Хөдөлмөрийн яамны сайд Я. Санжмятав мөн 21 аймгийн залуучуудын холбооны төлөөлөл, "Дөрвөн бэрх" багийн бүх төлөөллүүд, "Ажлын гараа" төсөлд хамрагдсан 800 гаруй залуучууд оролцсон юм. Чуулга уулзалтад сумын залуучууд "Дөрвөн бэрх" багийнхан ажилласан тайлан болоод ач холбогдол үр дүнгээ хэлэлцсэн бөгөөд эхний байруудыг шалгаруулсан байгаа. Мөн сайн ажилласан залуучуудаа шагнаж урамшуулсан. Ажлын гараагаар өвөлжөө барьсан залуучууд маань зуныхаа амралтаараа амрах хугацаандаа ажилласан ажлын тайлан хөтөлбөрөө танилцуулсан. Ийнхүү богинохон хугацаанд олон залуусыг хамруулж чадсан энэхүү төсөл маань нийгэмд ач холбогдлоо өгч чадаж эхэлж байгаа нь анзаарагдсан. Тэр ч утгаараа Ерөнхий сайд Н. Алтанхуяг "ирэх онд 10,000 залууг хамруулсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжье, та бүхэн сайн ажлаарай" гэж захисан нь ажиллах урам зориг нэмж байгаа шүү. Мэдээж залуучуудын хичээл зүтгэл оролцоо маш сайн үзүүлэлттэй байсан учраас л ийн хэлсэн байхаа.
-Энэхүү төслийг боловсруулаад эхлүүлэхэд бэрхшээлтэй зүйл олон гарав уу?
-Анх "Дөрвөн бэрх" баг болоод сум орон нутагт эрүүл мэнд, нийгэм боловсролын үйлчилгээ үзүүлэх гээд иргэдэд очтол иргэд маань ойлгохгүй, хүлээж авахгүй, сургалтад нь хамрагдахгүй хүндрэлтэй талууд байсаан. Үнэнийг хэлэхэд сүүлийн үеийн залуучууд олигтой ч юм хийхгүй, хийж чадахаа байсан, ингэж байгаад л алга болдог гэсэн бодолтойгоор иргэд хүлээж авч байсан. Гэсэн ч манай залуучууд маш сайн ажиллаж чадсан. Тийм ч учраас 2014 онд эргээд төслийн хэрэгжилтийн явцтай танилцах гээд орон нутгаар явж байхад үнэхээр сайн ажилласан нь илт мэдэгдэж байсан. Тодруулбал хөтөлбөрийн хүрээнд залуучууд маань нутгийнхаа өндөр настнууд дээрээ очоод өвөлжөө бууц цэвэрлэж янзлаад, байшинг нь сайхан дээвэрлээд өгсөн гээд нутгийн иргэд сонин ихтэй угтсан шүү. "Сумын залуус, ажлын гараа" ялангуяа "Ажилтай орлоготой монгол залуу" хөтөлбөр маш олон хүмүүсийг хамруулж чадсан нь төслийн гол онцлог болсон. Тийм ч утгаараа бидний ажил маш сайн явагдаж 2013 оныг үдсэн гэж хэлж болно.
-Энэ зун бүтээн байгуулалтын салбарт олон оюутан залуучуудыг зуучилсан. Залуучуудыг бүтээн байгуулалтад зуучлахын онцлог, давуу талыг дурдахгүй юу ?
-Ялангуяа бүтээн байгуулалтын ажилд бид бүхэн залуучуудыг хамруулж байгаа нь маш олон давуу тал болоод онцлогтой гэж бодож байгаа. Улс оронд маань эд бүтээн байгуулалтын үе өрнөж байна. Гэтэл яагаад дотоодоосоо ажиллах хүчнээ сонгож, өөрсдийн бүтээн байгуулалтад оролцуулж болохгүй гэж. Залуучууд эх орондоо юм хийж бүтээж, байгуулах сэтгэлгээтэй болохоос гадна ажлынхаа гарааг зөв дадал зуршилтай эхлүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжааг олох гээд олон боломжийг бүрдүүлж өгснөөрөө онцлог давуу талтай. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвтэй хамтраад бүтээн байгуулалтад залуучуудыг гар бие оролцуулж байгаадаа бид их таатай байдаг. Ялангуяа барилга байгууламж, авто зам төмөр зам, уул уурхай, үйлдвэрүүд гэх мэт эдгээр ажлуудад залуучууд маш идэвхтэй сайн оролцож байгаа.
-Та залуучуудын хөдөлмөрч байдал хэр байна гэж дүгнэж байна?
- Залуучуудын маань хөдөлмөрч сэтгэлгээ бол маш сайн тогтсон гэж ойлгож болно. Залуучуудын ажил сураглаж, лавлаж асууж байгаагаас ажиглахад маш сайн үзүүлэлтийг өгнө. Учир нь залуучуудын холбоонд байнгын болон цагийн ажлын байр сураглаж ирж байгаа залуучууд өдрөөс өдөрт, сараар сард нэмэгдсээр л байна. Тэгэхээр хөдөлмөрийн идэвх оролцоо маш сайн байгаа гэж дүгнэж болно. Мөн ажил хайж ирэхээс гадна төсөлд хамрагдъя гэсэн хүсэлтэй ирүүлсэн залуучуудын оролцоо маш өндөр байгааг харахад бахархалтай санагддаг. Учир нь залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөдөг болсон нь илт харагдаж байна. Баар, шоу цэнгээн гэхээсээ илүүтэйгээр хөдөлмөрлөхийг, орлогоо нэмэгдүүлэхийг хүсдэг болсон байна
-2014 онд хэрэгжүүлэх ажлын нээлтэй 6 сард хийсэн. Энэ талаар?
-2014 оны тухайд төсөл хөтөлбөрөө илүү өргөн цар хүрээтэйгээр илүү олон залуучуудыг хамруулахаар ажиллаж байна. Ажлын гараа төслийн тухайд бол тухайн дүүргийн хөдөлмөрийн хэлтсүүд зохион байгуулаад 21 аймгийн 330 суманд өвөлжөө, хаваржаа барих хадлан хадах гэх мэт ажлуудад залуучуудыг оролцуулж байна. Ажлын гараа сумын залуус төслийн тухайд мөн урд жилийн адил 21 аймгийн 330 суманд залуучууд маань "Дөрвөн бэрх" баг болж эрүүл мэнд болоод нийгмийн үйлчилгээ үзүүлж байна. Бид бүгд аймаг бүрт очиж ажил хэр явагдаж байгаа талаар газар дээр нь танилцдаг. Үүнд аймгуудын иргэд өдрөөс өдөрт маш сайн оролцож байгаа үзүүлэлттэй байна. Мөн явуулын Хөдөлмөрийн биржтэй болж төв бирж дээр ирж ажилд бүртгүүлж чадахгүй байгаа хүмүүст хүрч очин үйлчилгээ явуулаад эхэлсэн байгаа. Энэ долоо хоногт гэхэд Ботаникийн буудалд дээр явуулын бирж ажиллаж 49 хүнийг ажлын байранд зуучилсан гэх мэт ажлуудыг санаачилж олон залуучуудыг хамруулахыг зорилгоо болгож байгаа.
-Ер нь залуусын ажлын хөлс нь дунджаар хэдэн төгрөгөөр үнэлэгддэг вэ?
-Цалин хөлс урамшууллын хувьд бол бүх залуус адилхан 200,000 төгрөгөөр Засгийн газар болоод Хөдөлмөрийн яамнаас цалинжиж байгаа. Сумын залуус төслийн тухайд ажлын гараа төслийн тухайд ч мөн 200,000 төгрөг. Үндсэн цалин дээрээс ажил олгогч нэгж байгууллагуудын нэмэлт урамшуулал олгогддог.
-Танд залуучууддаа хандаж хэлэх үг байна уу?
-Аливаа юманд залуучууд санаачлагатай шинийг сэдэж, шинийг эрэлхийлсэн хөдөлмөрч байхад л аяндаа бүх зүйл сайхан болдог. Хамгийн гол нь залхуу биш байх хэрэгтэй гэж боддог. Мөн олон залуучуудын санал санаачлагыг дэмжсэн Засгийн газар Хөдөлмөрийн яам бусад холбогдох яам тамгын газруудад залуусынхаа өмнөөс талархсанаа илэрхийлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье?
-Баярлалаа. Танд ч бас ажлын өндөр амжилт хүсье
Ярилцсан Г. Содцэцэг khunnu mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих