
"Монголоо шинэчилье” уриан дор нэгдсэн Ардчилсан хүчний холбооны зүүн бүсийн чуулга уулзалт Дорнод аймгийн Халхгол сумын нутаг "Буйр” нуурын хөвөөнөө болж өндөрлөлөө. Тус чуулга уулзалтад УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Д.Арвин нар оролцлоо. Мөн Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Говь-Сүмбэр, Дорноговь, нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Багахангай, Багануур, Налайх дүүргүүдээс гадна Ардчилсан хүчний холбооны дэргэдэх "Хөгжил”, "Хүч”, "Хөх сувд”, "Лидер” клубүүд оролцлоо. Бүсийн чуулга уулзалтын гол хөтөлбөрийн нэг нь дүүрэг, клубүүд лекц хэлэлцүүлэг зохион байгуулсан явдал байлаа. "Хөгжил” клубын залуус Монгол Улсын хөгжлийн гол үндэс нь хувь хүний хөгжлөөс эхлэхийг онцолж байна. Тус клубээс "Монгол Улсын хөгжилд хувь хүний оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Улсын хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал. Хувь хүний хөгжил гэж юу вэ, ямар хүнийг хөгжсөн хүн бэ гэдгийг эхлээд тодорхойлох ёстойг хэлэлцүүлэгт оролцогсод хайж байв. Ёс зүйтэй, хариуцлагтай, төлөвшсөн, түүх ёс, заншлаа мэддэг, үйл хөдлөл бүр нь зөв хүнийг хөгжсөн хүн гэж үзэж болохыг залуус онцолсон.

Суурь боловсролыг хувь хүний хөгжилд гол болохыг чухалчилах нэгэн байна. Гэхдээ хүүхэд залуус гадаад хэл сурах, мэргэжил эзэмших гээд боловсролдоо илүүтэй анхаарахаас гадна тэднийг хүн болгон хүмүүжүүлэх, ёс суртахуунлаг, хүнлэг нэгэн болгох нь хамгаас чухал болохыг оролцогсод онцолж байна. Хэлэлцүүлэгт оролцсон залуусын зарим санлыг хүргэе.
Б.Ганзориг: (БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн Нийгмийн даатгалын албаны дарга)
-Хүүхэд залуус гадны соёлыг дуурайх явдал ихэссэн. Япон, Солонгос, Хятадын соёл илүүтэй нэвтэрч Монголынхоо соёлыг мартах, гадны соёл уламжлалыг илүүд үзэх боллоо. Тиймээс Монгол соёл, Монгол уламжлалыг сэргээх нь чухал байна.
Т.Амартүвшин: (Ардчилсан хүчний холбооны дэргэдэх "Хөгжил” клубын зохицуулагч)
-Хүн бүрийг нийтээр нь хөгжүүлэх, хувь хүний хөгжилд онцгой анхаарах цаг ирсэн. Хүүхэд залуус сургуулиараа дамжуулан боловсрол эзэмшиж байгаа ч өв уламжлал, түүх соёлоо мэддэг ёс суртахуунлаг, хариуцлагтай, бие хүн болон төлөвших тал учир дутагдалтай байна. Хүүхэд залуусыг нийтээр нь хөгжүүлэхийн тулд ерөнхий боловсролын хичээлийн программд өөрчлөлт оруулах, түүх, соёл, уламжлалт арга ухаанаас суралцах, хүмүүжүүлэх тал дээр нь анхаарсан хичээлийг түлхүү оруулах шаардлага байна. Өөрөөр хэлбэл боловсрол мэдлэг олгохоос гадна зөв хүн болгон хүмүүжүүлэх тал дээр нь анхаарал хандуулах ёстой.
Б.Билэгням: (Хэнтийн аймгийн Бор өндөр сумын I цэцэрлэгийн нягтлан бодогч)
-Хүүхэдийн боловсрол, хүмүүжилд анхаарал хандуулахын тулд багш нарын ур чадвар, боловсролд анхаарал хандуулах ёстой. Хүүхэдийг ёс суртахуунлаг хүн болгон хүмүүжүүлэхэд багш нарын оролцоо чухал үүрэгтэй. Тийм учраас энэ чиглэлд мэргэшсэн багш бэлдэх шаардлагатай.
Т.Ням-Осор: (АХХ-ны дэргэдэх "Хөгжил” клубын ерөнхий зохицуулагч)
-Хувь хүний хөгжилд ёс зүй өндөр ач холбогдолтой. Ес зүйтэй, хариуцлагатай хүн л хөгжинө. Түүнээс архи тамхи хэтрүүлэн хэрэглэдэг, оноогдсон ажил үүргээ гүйцэтгэдэггүй хүн хөгжих боломжгүй. Тиймээс ёс зүйг хувь хүний хөгжлийн гол тулгуур гэж харах ёстой.
Р.Цолмонтуяа: (Сүхбаатар аймгийн номын санч)
-Хүүхэд залууст хамгийн эхэнд Монгол уламжлалаа өвлүүлэх нь чухал байна. Энэ нь хувь хүн хөгжихийн үндэс юм. Түүх, уламжлалаа мэдэхгүй хүн хөгжиж боловсрох боломжгүй.
"Эцэг эхчүүд гэр бүлдээ цаг бага зарцуулж байгаа нь хүүхэдийн хүмүүжил, хайр халамжид сөргөөр нөлөөлж байна. Хайр, анхаарал халамж дутуу авч өссөн хүүхэдийн сэтгэхүй өөрчлөгдөх, бусдыг хайрлах сэтгэлгээ дутмаг болж өсөж торнидог” хэмээн мэргэжлийн судлаачид онцолж байна. Тиймээс ураг бүрэлдсэнээс нь эхлээд хүүхдийг хайрлах, аз жаргалтай гэр бүл нь хүүхэд залуусын хүмүүжил, хөгжилд онцгой үүрэгтэй гэдэгт оролцогчид санал нэгдлээ.
Буйр нуурт өрнөсөн "Монгол Улсын хөгжилд хувь хүний оролцоо” сэдэвт хэлэлцүүлэгийг нийслэл хотод үргэлжлүүлэн зохион байгуулах юм. Хэлэлцүүлэг боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт ажиллаж буй мэргэжлийн судлаач эрдэмтэн багш, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож санал солилцоно. Хэлэлцүүлэгээс гарсан санлыг УИХ-ын дарга, гишүүд болон холбогдох албаны хүмүүст уламжлах юм байна.
Т.Түвшин

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4767
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих