-Халх голын ялалт нь дэлхийн II дайны хувь заяаг тодорхойлсон чухал үйл явдал учраас Халх голоос дэлхийн дайныг түүхийг ярих хэрэгтэй гэсэн байр суурийг үгүйсгэх аргагүй юм-
1939 онд Халхын голд Монгол-Оросын цэргүүд Японы Квантунй армийн VI дивизийг бүрмөсөн бут цохисон. Энэхүү ялалтын 75 жилийн ойг энэ онд өндөр дээд хэмжээнд Монгол, ОХУ харилцан тэмдэглэж байна. Энэхүү ялалтын ойд хүрэлцэн ирж оролцохыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг урьсаны дагуу өнгөрсөн Лхагва гаригт айлчлаад буцлаа.
Ноён Путинд зориулсан хүндэтгэлийн зоогийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ "Одоогоос 75 жилийн тэртээд Монголын дорнод хил хязгаар нутаг Халхын голд болсон байлдаан нь айсуй дэлхийн дайны угтал болсон билээ. Энэ зарлаагүй дайнд хожмын Аугаа их эх орны дайны үеийн домогт жанжин, ЗХУ-ын маршал Г.К.Жуков болон бусад цэргийн гарамгай удирдагчдын авьяас, ур чадвар тодорсон юм. Монголын ард түмэн аль ч үед маршал Жуковыг хайрлан хүндэтгэсээр ирсэн бөгөөд Халхын голын дайны ялалтын 30 жилийн ойгоор 1969 онд түүнд БНМАУ-ын баатар цол хүртээсэн нь үүнийг гэрчилнэ. Халхын голын тулалдааны үйл явц улирах он цагийн эрхээр энэхүү түүхт ялалтын ач холбогдол улам бүр тодорсоор байх болно. Энэ ялалт Монгол Улсын төрийн тусгаар тогтнолыг улам бэхжүүлж, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бататган хамгаалж, Монгол Оросын ард түмний найрамдлыг дайчин нөхөрлөлөөр гагнасан юм. Энэ ялалт Зөвлөлтийн Алс дорнодод дайны аюулыг хазаарлан зогсоож, нэгэн зэрэг хоёр фронт дээр тулдалдахаас сэргийлж чадсан нь маргашгүй түүхэн үнэн билээ” хэмээн энэхүү ялалтын ач холбогдлыг дүгнэсэн.
Сүүлийн үед Халх голын тулалдааны талаар цэргийн эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнөдөг болоод байна. Юун түрүүн, энэ үйл явдлын нэршлийн талаар. Түүхийн баримт бичгүүдэд энэ явдлыг тулалдаан, байлдаан, дайн, цэргийн ажиллагаа, зэвсэгт мөргөлдөөн гэх зэргээр олон янзаар тэмдэглэж иржээ. ОХУ-ын Цэрэг-түүхийн нийгэмлэгийн судлаачдын үзэж байгаагаар энэ үйл явдлыг дайн гэж нэрлэж хараахан болохгүй аж. Ингэж үзэж байгаагийн учир нь, Халх голд цэргийн ажиллагаа явуулах фронт нээгээгүй явдал аж. Цэргийн шинжлэх ухаанд дайн гэдэг тодорхойлолтын гол элемент нь фронт байдаг байна. Тус нийгэмлэгийн дэд захирал М.Ю.Мягковын хэлж байгаагаар Халхын голын тулалдаан цэргийн шинжлэх ухааны түүхэнд олон шинэ зүйлийг оруулж иржээ. "Халх голын тулалдааны талаарх архивын баримт материалууд одоо л олонд дэлгэгдэж байна. Энэ дайны сэдэл юу байсан, япончууд ЗХУ-ын байлдааны бэлэн байдлыг шалгасан уу, эсвэл Япон илүү холын зорилготой байсан уу гэдэг талаар одоо ч судлаачид ярьж байна. Халхын голын тулалдаан нь Оросын цэргийн шинжлэх ухааныг олон зүйлээр баяжуулсан, хэд хэдэн шинэ зүйлийг туршсан үйл явдал байсан” гэлээ. Юун түрүүн, пуужин зөөгч шинэ онгоцыг туршжээ. Мөн тухайн үед хэрэглэж байсан танкууд хуучирч, маневр муутай байсныг нотолсоны үндсэн дээр шинэчилсэн байна. Мөн энэ үеэр хуурамч мэдээллээр дайснаа төөрөлдүүлэх тактикийг хэрэглэжээ. Монголчууд үүнийг "Дайсны цэргүүдээ сонсоцгоо” киногоор мэддэг. Чанга яригч зоосон хоёр машинаас дайны ажиллагаа явагдаж байгаа мэт худал чимээ өгч төөрөгдүүлэх, мөн ухуулга сурталчилгаа хийж байгаа тухай гардаг. Мөн Халхын голын тулалдаан эхлэхийн өмнө ЗХУ-ын цэргүүд шинэ өмсгөл, хэрэглэлтэй болсон бөгөөд энэ нь дайн байлдааны үед хэр тохирсон болохыг мэдэж авсан байна. Тухайлбал, 1936 онд явган цэргийн шинэ төмөр дуулга хэрэглэж эхэлсэн бөгөөд энэ нь "Халхын голка” нэрээр түүхэнд бичигдэн үлдсэн байдаг ажээ. Гэхдээ энэ малгайг өмсөхөд тохиромжгүй байсныг Халхын голд нотолж, эх орны дайн эхлэхээс өмнө сольж сайжруулсан юм байна. 1936 оноос өмнө оросын цэргүүд Францад үйлдвэрлэсэн дуулга хэрэглэдэг байжээ.
Цэрэг тактикийн хувьд бас шинэ хуудас нээсэн нь маршал Г.Н.Жуковын явган цэргийн дэмжлэггүйгээр дан танкийн дайралт хийсэн явдал юм.
Халх гол тойрсон өөр нэг хэлэлцүүлэг нь дэлхийн II дайн Халх голд эхэлсэн үү, эсвэл Гитлерийн Герман Польш руу довтолсноор эхэлсэн үү гэдэг байр суурь. Халх голын ялалт нь дэлхийн II дайны хувь заяаг тодорхойлсон чухал үйл явдал учраас Халх голоос дэлхийн дайныг түүхийг ярих хэрэгтэй гэсэн байр суурийг үгүйсгэх аргагүй юм.
Халх голын тулалдааны талаар нарийвчлан судлах зүйл маш их байгааг ОХУ-ын Цэрэг-түүхийн нийгэмлэг онцлон хэлж байна. Энэ нийгэмлэгийн идэвхтэй оролцоотойгоор Оросын дунд сургуулийн түүхийн сурах бичигт Халхын голын тулалдааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл агуулсан бүлгийг нэмж оруулахаар бэлтгэжээ. Ирэх хичээлийн жилээс сурах бичигт албан ёсоор орох байх хэмээн Цэрэг-түүхийн нийгэмлэгийн дэд захирал М.Ю.Мягков Монголын сэтгүүлчдэд /өнгөрсөн наймдугаар сарын сүүлийн долоо хоногт МҮОНТ-ийн ММ агентлаг, Өнөөдөр сонин, Өдрийн сонин, Зууны мэдээ сонин болон www.news.mn сайтын сэтгүүлчид Халх голын тулалдааны ялалтын баярын хүрээнд Москва хотноо зочилсон билээ/ үзүүлсэн.
Зөвхөн Халхын гол төдийгүй дэлхийн II дайны түүхэн баримтуудыг ч нарийвчлан судлах шаардлагатай байгаа талаар Цэрэг-түүхийн нийгэмлэгийнхэн ярьсан. Сүүлийн үед БНХАУ энэ чиглэлд ихээхэн анхаарал хандуулж эхэлсэн байна. Монголын сэтгүүлчдийг Москвад очихын өмнөх долоо хоногт Бээжин хотноо дэлхийн II дайнд зориулсан олон улсын бага хурал болж, тус нийгэмлэгийн төлөөлөгчид оролцоод ирсэнээ хуучилсан.
Д.НАРАНТУЯА
news mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих