Халхын голын түүхэн ялалтын 75 жилийн ойн баярын арга хэмжээнд
оролцохоор оросын "Монголын анд нөхдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч ЗХУ-ын
хошой Баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисгэгч Виктор Горбатко
тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Монгол Улсыг зорих гэж байна.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч
Зөвлөлтийн нисэх хүчний хурандаа Владимир Бабушкин,1939 оны Халхын голын
тулалдаанд дэслэгч цолтой, тагнуулын салаан даргаар байлдаж явсан
ахмад дайчин Богданов Николай Григорьевич, Халхын голд амь үрэгдсэн
зөвлөлтийн танкийн бригадын холбоочин В.В. Юдины охин И.В. Павленко,
ЗХУ-ын хошой баатар Г.П. Кравченкогийн үеэл дүү О.В.Серкова,
Нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн "Шарк” компанийн ерөнхий захирал
И.А.Рыбальченко, Найрамдлын нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн ,"БКУ” ХХ
компанийн ерөнхий захирал Е.А.Кузьмин, Нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн
угсаатан судлаач, "Нүүдэлчин” музейн захирал К.В. Куксин, ЗХУ-ын хошой
баатар нисгэгч С.И.Грицевецын төрөл төрөгсдийг төлөөлөн Нийгэмлэгийн
тэргүүлэгч гишүүн Нисэх хүчний хурандаа П.Н.Чуйко болон В.В.
Горбаткогийн гэргий Горбатко –Любимова Алла Викторовна нарын 10 хүн
оржээ.
"Монголын анд нөхдийн нийгмэлэг”-ийн төлөөлөгчид Монгол Улсын Засгийн
газраас баталсан Халхын голын түүхэн 75 жилийн ойг тэмдэглэн
өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд зохиох гол арга хэмжээнүүдэд оролцох
юм.
Тухайлбал, тэд Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан "Эх
орон дуудаж байна” киноны нээлт, Олон улсын эрдэм шинжилгээний бага
хурал , Халхын голын байлдаанд оролцсон ангиудын байлдааны туганд
хүндэтгэл үзүүлэх ёслол болон Ялалтын ойг тохиолдуулан нийслэлийн болон
орон нутаг дахь Монгол-Зөвлөлтийн дайчдын хөшөө, дурсгалын цогцолборт
цэцэг өргөх юм.
Түүнчлэн оросын төлөөлөгчид монголын хүүхэд залуучуудтай уулзалт
хийн, манай орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгнө.
Төлөөлөгчид Улаанбаатарын Чингис хаан олон улсын нисэх буудалд маргааш
өглөө бууна. Тэд Монгол Улсад нэг долоо хоног зочлох аж.
Москва хот. А.Огторгуймаа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих