МАХН-аас 2014 оныг Анхан
шатны байгууллагыг бэхжүүлэх жил болгон зарласантай холбогдуулан бүсчилсэн
чуулга уулзалт хийж байгаа билээ. Хангайн бүсээс эхэлсэн чуулга уулзалт
өнгөрсөн амралтын өдрүүдэд Зүүн бүсэд үргэлжиллээ. Дорнод, Сүхбаатар, Хэнтий
аймгийн МАХН-ын гишүүд дэмжигчид, идэвхитэн сонгуульдтнууд оролцсон уг чуулга
уулзалтад УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлого, байнгын хорооны дарга
Ц.Цолмон, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, МАХН-ын Ерөнхий нарийн
бичгийн дарга Г.Шийлэгдамба, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжаъян нар оролцсон юм.
МАХН-ын гишүүд Дорнод аймгийн дайчдын хөшөөнд цэцэг өргөснөөр чуулга уулзалт
эхэллээ.
Улс төрийн намын анхан шатны байгууллага идэвхитэй жигд ажиллах нь хамгийн чухал. Тиймээс МАХН-ынхан анхан шатны байгууллагынхаа чадавхийг сайжруулах, байгууллага, салбар хороодын үйл ажиллагааг жигдрүүлэх, аймаг аймгийн намын хороодын арга туршлагыг солилцуулах, нэгтгэх зорилгоор ийнхүү чуулга уулзалтаа амжилттай үргэлжлүүлж байгаа юм. Зүүн бүсийг нэгтгэн чуулсан уулзалтыг нээж МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба үг хэлсэн юм. Тэрбээр "Манай намын бүсчилсэн чуулга уулзалт амжилттай үргэлжилж байна. Энэ удаад бид Дорнод аймагт зүүн бүсийн гишүүн дэмжигчид, идэвхитэн сонгуультнуудаа цуглууллаа. Бид хүний эрхийг дээдэлсэн, эрх чөлөөт, шударга нийгмийг жинхэнэ утгаар нь бий болгохоор хамтдаа зүтгэж яваа. Бидний замд олон саад бэрхшээл таарч байгаа ч даван туулах хүч хангалттай бий гэдгийн орон нутгийн иргэд та нартай уулзах бүртээ улам бүр мэдэрч байна. Та бүхнийхээ санаа бодлыг сонсож дэмжих асуудлаа дэмжиж, засч залруулах зүйл байвал газар дээр нь шийдэх нь энэ уулзалтын чухал ач холбогдол юм. Мөн намын анхан шатны байгууллагаа идэвхитэй, жигд, чадамжтай байлгахын тулд санаа бодлоо харамгүй солилцох шаардлагатай” гэлээ.
Үүний дараа УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ Байнгын хорооны үйл ажиллагааны талаарх мэдээллийг танилцуулсан бол Аюулгүй байдал, Гадаад бодлого, байнгын хорооны дарга Ц.Цолмон социал демократ үзэл баримтлал, түүнийг жинхэнэ утгаар нь бий болгох, адил төстэй гадаадын намуудын талаар сургалт хийсэн юм.
Уулзалтад ирсэн хүмүүсийн дийлэнх нь МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал болон хэзээ иргэж ирэх, намын төв байртай холбоотой асуудлаар сонирхон асууж байсан. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү дэлгэрэнгүй хариулж Н.Энхбаяртай холбож байгаа дараагийн хэрэг гэх намын төв байртай хобоотой асуудал нь дахин нэг хэлмэгдүүлэлт хэмээн үзэж байгаагаа хэлсэн юм. Н.Энхбаяр гэдэг хүнийг улс төрөөс нэг мөсөн түлхэн гаргахын тулд ийм арга хэрэглэж байгаа бөгөөд шударга үнэний төлөө дуугарсан хэнийг ч болов хэлмэгдүүлж байгааг онцлон тэмдэглэлээ. Харин уулзалтад оролцож байгаа иргэд Н.Энхбаяр дарга хурдан эх орондоо ирж энэ бүхэнд цэг тавьж, шударга үнэн ялна гэдгийг хүлээж байгааг хэлж байлаа.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих