Ирж буцаж байдаг энэхэн цаг хугацааг эзэгнэн мөнх амьдрагч Бүргэд
гэж байна. Юу ч болж байсан энгүүн эрхэмсэг тэр Бүргэд. Ийм Бүргэд
цөөхөн. Түүний нэг бол Хэнтийн их хөвчийн хүү, Нямбуугийн Нямдорж.
Ононы хөвөөнд он цаг шиг саатаж, он-он шиг амьдарсан их найрагч. Хүн
ардын тархи, зүрхэнд амьдрагч түүний бүтээлээр нэрлэсэн, бидний дунд
мөнх амьдран байгааг нь тунхагласан "Онон Хатан Ижий” яруу найргийн
наадам өнөөдөр мөнгөн бидэрт Хэрлэнгийнх нь хөвөөнөө эхэлж байгаа.
Яруу найрагчид төдийгүй яруу найрагч биш нь ч өнөөдөр тэр зүг, түүний
төрж өссөн Онон Хатан ижийн зүг сэтгэл, итгэл, чин сүжиг /утга зохиол
гэх итгэл, бишрэл/ -ээ өргөн байгаа гэж итгэнэ.
Цаг хугацаа, орон зай түүний өмнө юу ч биш байв. Тэр Монголоос хальж, Өрнө, Дорныг харсан. Түүнд өчигдөр, өнөөдөр жижигдэж, ирээдүйг дуулсан. Тэр зовлон тулгарсан ч зүрх шимширсэнээс бус үл дуугарч, цаг уяслаа гэвч "Жаргалтай дэлгэр”-ийг хангинуулаагүй. Тэр зөвд буруу сөхөрдөг шиг, зөөлөн нь хатуугаа иддэг шиг амьдарсан. Үзэл сурталжсан нийгэмд золиос болсон ч үнэн худлын далайд хаялга шиг явсан. Туучаад өнгөрдөг хорвоод нас гэж улаан дарцаг шиг, зориг гэж сэлэм шиг, сэтгэл нь далай шиг, халгих Ононы хүү тэрээр харин даруу явсан. Бүргэд гэмээ нь тийм даруухан, чимээгүй, зөөлхөн явсан юм. Өчнөөн он-оны цасанд дарагдсан ч бүргэд хэвээрээ байсан. Өндрөөс өнөөдрийг харсаар байгаа яг л өнөөдөр шиг цэл залуу -Өвгөн Бүргэд тэр.
Бүргэд хэмээн сүсэглэгч миний гарт өнөөдөр тэр их хүний өөрөө зохион туурвиж, өнөр олонд түгээсэн "Сайхан булаг” /1979 оны хэвлэлт/ ном нь байна. Өөрийнх нь гараас авсандаа бэлэгшээдэг. Тухайн үед 1991 оны өвөл идэр есөөр Бичигт-Шилийн Богдод яг л бүргэд шиг нисч очсон их найрагчийн "Онон Хатан ижий” шилмэл шүлгийн түүвэр нь хэвлэлтээс гарч, мөн өөрөө Төрийн соёрхол хүртээд удаагүй байсан цаг. Цэргийн алба хааж байгаа хүүгээ эргэх замд нь тааралдаж шүлгийн хэдэн нооргор дэвтрээ эргүүлж тойруулан баахан уншиж өгсөн юм, би. Тэгээд буурал найрагч намайг урмаар шагнаж номоо дурсгах гэтэл нь "Онон, Хатан ижий” номоо хүмүүст өгөөд дууссан байсан. Чемоданых нь ёроолд аль тэртээ 1979 онд хэвлэлтээс гарсан, хуудсууд нь шарлаж хавтас нь элэгдсэн "Сайхан булаг” ном нь л үлдсэн байсан юм. Түүнийгээ надад бэлэглэсэн нь тэр. Бас "Миний хүү хөдөө хөхөрч, тогооны бариул болчихолгүй заавал сургуульд сураарай” гэж захисан юм. Мөн манай ах, эгч хоёрт "Энэ хүүхдийг тостой тогооны бариул болгочихож болохгүй дээ.
Манайх руу манай хөгшин бид хоёрт даатгаад явуулчих. Залуу хүмүүсийн тогоо барьж сууснаас хөгшинтэй маань гал тогооны өрөөнд таваг, аяга эргүүлж сууг. Би сургууль соёл хөөцөлдөж оруулъя” гээд хаяг, утасны дугаараа бичиж өгөөд явсан ч эгч маань олон нялх хүүхэдтэй, хүргэн ах маань гэрийн бараа харахгүй ажилтай, би л түшиг болохоос өөр яах билээ. Сургууль соёлын тухай тэгсхийгээд мартсан.
Харин миний санаанд хэнийг ч "Муу байна, сонсохгүй , одоо боль” гэхгүй. "Муу шүлэг, эсвэл наадах чинь шүлэг биш” гэж голохгүй "Уншаад бай” л хэмээн сонсч суусан буурал найрагч мөнх үлдсэн. Алтан цагаас нь хороон өөрөө л өөртөө шүлэг гэж бодож бичсэн /шүлэг мөн бишийг ч бүү мэд/ юмнуудаа уншсаар бараг өөрөө өөрөөсөө залхмаар болж байсан минь одоо ч сэтгэлд тодхон санагдана.
Харин уншиж өгч амжаагүй нэг л шүлэг бий. Тэр бол "Бүргэд” нэртэй цөөхөн мөр.
"...Өвгөн Бүргэд
Өлчир
Өвлийн хүйтэнд даарахгүй
Өөдрөг
Илдэн дор сөхрөхгүй
Олныг өнгөрөөж
Оныг үдэж
Өвгөн бүүрэг
Бүргэд шиг явсан
Ам ангайхгүй
Атаа хорсолгүй
Хатаасан болд шиг
Халуун зүрхтэй
Хачин чимээгүй
Гүн сэтгэлтэй
Онон шигээ
Он-Он шигээ
Онцгой
Түүхийн
Түгжээтэй авдар...”. Энэ Бүргэд одоо ч хөх тэнгэрийг мөнх эзэгнэн байгаа.
Ч.Үл-Олдох /ЗУУНЫ МЭДЭЭ/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих