Монголд Хятадын төрийн өмчит банк Улаанбаатарт салбараа нээх нь ашигтай юу эсвэл аюултай юу гэдэгт Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Эдийн засагч, доктор Ч.Хашчулуун, Аюулгүй байдал судлаач Б.Чулуунбат, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ нар байр сууриа илэрхийллээ.
Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: ХЯТАДЫН ТӨРИЙН БОДЛОГО ОРЖ ИРНЭ
-Монголд Хятадын мөнгөний бодлого орж ирнэ гэсэн үг. Хятадын төрийн бодлого нэвтэрнэ. Ер нь "Bank of China” салбараа нээчихээд аль хэдийнэ зээл олгоод эхэлсэн. Одоо ядаж арилжааны гүйлгээ хийлгүүлж болохгүй. Үүнийг сайн тооцож, олон талаас нь ярьж, мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсч, ҮАБЗ дээрээ ярьж байж шийдэх хэрэгтэй. Монгол Улс эдийн засгийн орон зайн нэгдмэл байдлаа алдаж байна гэдгийг олон удаа хэлж ярьж байна. Үүний нэг жишээ нь гадаадын төрийн өмчийн банк оруулж ирэх тухай энэ яриа.
Эдийн засагч, доктор Ч.Хашчулуун: АЛЬ Ч УЛСЫН ТӨРИЙН БАНК ЗАСГИЙН ГАЗРЫНХАА БОДЛОГООР АЖИЛЛАДАГ
-Манайд салбараа нээх гэж байгаа банк арилжааных бол асуудалгүй. Тэнд жам ёсны, зах зээлийн эрүүл өрсөлдөөн явна. Тийм учраас банк нь гадаадын төрийн мэдлийнх бол Монголын нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэдэгт түлхүү ач холбогдол өгч судалсан. Ерөнхийдөө аюултай, сөрөг үр дагавар нь илүү байна гэж дүгнэсэн. Хамгийн аюултай нь ямар ч улсын төрийн банк Засгийн газрынхаа бодлогоор ажилладаг учраас манай улсын мөнгөний бодлого, төр засгийн шийдвэрт захирагдахгүй, үл хамаарах шинж нь давамгайлна. Хятадын төрийн мэдлийн банк салбараа нээснээр ямар чиглэлд хөрөнгө оруулалт хийх, ямар компаниудад зээл өгөх вэ гэдэгт манай талаас зөвшөөрөл авалгүй, асуулгүйгээр зээлээ өгөөд явах бүрэн боломжтой.
Аюулгүй байдал судлаач Б.Чулуунбат: ЭДИЙН ЗАСГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАРААТ БУС БАЙХ ЁСТОЙ
-Юуны түрүүнд Монголын эдийн засгийн аюулгүй байдал байна. Үүнийг хөгжилтэй холбож үзэхээр бусдаас хараат бус, бие даасан байх ёстой. Жилийн өмнө Хятадын"Bank of China” манайд төлөөлөгчийн газраа нээсэн, одоо салбараа байгуулахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, манай улсад арилжааны банкны санхүүгийн үйл ажиллагаа явуулахаар бэлдэж байгаа юм. Үндсэндээ ажил нь явагдчихсаныг манайхан тэр бүр мэдэхгүй, анзаараагүй. Банк аль ч орны эдийн засгийн гол бүрдэл. Манай банкууд доголдоод, зээл хумигдахаар Хятадын банк орж ирэхээр боллоо. Яагаад гэвэл Монголын банкууд томоохон зээл олгож чадахаа байсан учир Хятадын банк түүнийг хийх юм гэнэ. Хятадын банк томоос нь түүж арилжаа хийгээд эхлэхээр жижиг ч гэлээ манай банкууд үйл ажиллагаанаас шахагдаж, дампуурал руу явна. Тэгэхээр жижиг, бичил зээлүүд хүссэн хүсээгүй "Bank of China” руу шилжинэ.
Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ: ДОРОЙ БАЙДЛЫГ АШИГЛАСАН УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР
-Эрсдэл шууд үүснэ. Тухайлбал, гадаадын банкны хөрөнгийн хэмжээ хоёр их наяд ам.доллар. Энэ нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс 166.7 дахин их. Монголын 13 арилжааны банкны нийт хөрөнгөөс 166 дахин их. Тиймээс дотоодын банкны мөнгөн дүнгийн хэмжээ, олгож буй зээлийн хувь хүүгийн хэмжээ, цаг хугацааны хувьд өрсөлдөх чадваргүй болно гэсэн үг. Энэ бол манай эдийн засгийн дорой байдлыг ашиглаж богино зайнд гаргасан улс төрийн шийдвэр гэж харж байна.
Э.СОЛОНГО
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих