Сүүлийн жилүүдэд орон нутгийн болон улсын төсвөөр хийгддэг худаг
гаргах ажлын хөлс "тэнгэрт хадсан”. Саяхны нэг өдөр энэ талаар
танилтайгаа хууч хөөрч суутал "тэр худгийг чинь маш бага зардлаар хийдэг
хүн байна” гэв. Үүнийг сонссон би тэр хүний эрэлд гарлаа. Харин ч их
ажил болсонгүй, сайн хүн санаагаар гэгчээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч
Урансувд биднийг уулзуулахаар болсон юм. Ингээд 2-р багийг зорилоо.
Хөнгөн шингэн алхаатай ануухан өвгөн гэрийн гадна угтсан нь Д.Батаа гуай
байлаа.
Батаа гэж насаараа худаг гаргасан нас дал дөхөж яваа тэтгэврийн хүн. Хуучнаар Усны аж ахуйг удирдах газар гэж байхад туслах ажилтнаас эхлээд худгийн мастер, бригадын дарга гээд бүхий л хүнд хүчир ажлыг дөч гаруй жил хашсан нэгэн. 80-аад оныхон бол мэднэ дээ, худаг усныхан гэж хээрээр гэр, хэцээр дэр хийж гэр орондоо тогтдоггүй, хөдөөгөөр голдуу ажилладаг хүмүүс байсныг. Ямар сайндаа Батаа гуайн хадам ээж "чи ер нь гэр орондоо үзэгддэггүй яачихсан хүн юм” гэж ундууцаж байсан удаатай. Эднийх гурван охин, дөрвөн хүүтэй айл. Ерээд оны шилжилтийн үед ажиллаж байсан УАА нь хувьд шилжихэд Батаа ажилгүй болжээ. Тэглээ гээд гар хумхин зүгээр суусангүй, социализмын үед гаргасан худгууд ч эхнээсээ эзэнгүйдэж эвдэрч хэмхрээд эхэлж. Захын хэн нэгэн засаж янзалж чадахгүй хойно олон жил худагтай "ноцолдсон” Батаад л хандана. Манай уншигчид мэдэх байх, хөдөөгүүр явж байхад таардаг морь, тэмээгээр эргүүлдэг тэр худгууд шүү дээ. Нэгдэл нийгэм гэж байхад хийж босгосон ийм худгууд зөвхөн манай аймагт л гэхэд 3400 орчмоор тоологдож байжээ.
Батаа гуай ч гуйсан хүмүүст худгийг нь засч өгчихөөд өгснийг нь авч олон жил явж. Эхлээд өөрийн хүүхдүүдээрээ туслалцуулж тэднийгээ сургууль соёлын мөр хөөлгөж ажил амьдралд нь залгуулав. Сүүлдээ хэдэн залуусыг дагуулж мэддэг чаддагаа зааж зурж басхүү чадах чинээгээрээ цалинжуулж яваа гэнэ. Түүнтэй хамт нэлээд хэдэн жил худаг гаргасан Алтанхуяг, Төмөрбаатар, Мөнхбаатар нарын залуус одоо ар гэрээ боломжийн хэмжээнд авч явна.
Газрын доор ус байгаа үгүйг өөрийн зөн совингоор мэднэ гэдэг амаргүй. Оросуудыг дагаж хөдөө гадаа их шиг тэнэсэн болохоор хаана ус гарахыг багцаална аа гэх. Устай газар андашгүй гэнэ шүү. Үүрийн 4 цагийн орчимд түргэн зуур манан татна. Тэр нь нэг их удаан үргэлжлэхгүй ердөө л 3-4 минут хэртэй. Түүнийг ажиглаж хүлээнэ гэдэг аргагүй тэсвэр тэвчээртэй хөдөлмөрч хүний шинж. Батаа гуайгаас нэг худгийг хэдээр гаргадгийг нь сонирхлоо. Хуучны худгийг засварлахад гурав орчим сая төгрөг, шинийг бол 3-5 саяар гаргадаг гэлээ. Түүний ярианаас үүдэн тархиндаа хэдэн тоо эргэлдүүлж суув. Одоогийн төсвийн хөрөнгөөр тендер зарлаж нэг худаг гаргуулахад 15-30 сая төгрөг. Тэгвэл Батаа гуай энэ мөнгөөр 5-10 ширхэг худаг гаргах нь ээ. Өнгөрсөн жил л гэхэд манай аймаг 14 суманд инженерийн хийцтэй 26 худаг гаргахад зориулж 390 сая төгрөг зарцуулсан. Хэрэв Батаа гуай хийсэн бол хэдэн худаг гаргах байсныг уншигч та бодоод үз дээ. Төсөв мөнгө хэмнэнэ гэж ярьдаг хүмүүс ч нэгийг бодож суугаа байх. Энэ хэрийн мөнгөөр130 худаг гаргах байж шүү дээ.
Батаа гуайг жаахан л дэмнээд өгвөл хөдөөгийнхөн гэлтгүй Дорнодынхондоо мөн ч хэрэгтэй хүнсэн. Тэрээр энэ ажлаа өргөжүүлэх, дэмжүүлэх санаатай хэдэн жил хөөцөлдсөн гэж ярина лээ. Д.Одбаяр даргын үеэс л аймгийн удирдлагуудтай уулзсан гэдэг. Цаадуул нь хөөрхий өвгөнийг нэг их ойшоогоогүй дэг ээ. Тийм болохоор бор зүрхээрээ зүтгэсээр хямд төсөр өртгөөр худаг гаргаж угтаа буян үйлдэж явна. Хийе гэсэн сэтгэл байвал болж бүтэхгүйн шалтаг байдаггүйн жишээг эндээс харж болохоор. Тэрээр саяхан аймгийн орлогч даргатай уулзжээ. Нэг худаг гаргадаг 15 саяар чинь би таван худаг гаргаад өгье гэсэн юм байх. Дэмжинэ л гэж.. Хэлсэндээ л байгаасай билээ дээ.
Дээр дурдсанчлан манай аймагт 3400 хуучин худаг бий. Өнөөдрийн байдлаар гэхэд 400 гаруй нь алаг цоог ажиллаж байна. Засаад авбал ахиад 50 гаруй худгийг ажилд оруулах боломжтой гэж Батаа гуай ярилаа. Зөвхөн энэ жил л гэхэд тэрээр Сэргэлэн суманд гурав, Хэрлэнд нэг, Хөлөнбуйрт 11 худаг гаргажээ. . Хуучин худгуудыг засварлах тун ч ярвигтай гэнэ. Ихэнх нь тоногдсон, байгалийн хүчин зүйлийн нөлөөллөөс болж эвдэрч хэмхэрсэн заримыг нь олох гэж хэдэн хоногоор эрж хайх гээд мундахгүй их цаг зав зарцуулдаг бололтой. Нэг худаг 3000-4000 малыг усаар хангах чадалтай гэхээр хэдий хэмжээний мал, айл унд усаар гачигдахгүй нь тодорхой.
Ашиг харж энэ ажлыг хийдэггүй нь түүний ярианаас илхэн. Гурван саяар нэг худаг гаргалаа гэхэд хоёрыг нь залуустайгаа хувааж аваад үлдсэнийнь дараагийн худагтаа зориулахаар нөөцөлдөг тухайгаа ярьж байсан..
Тэрээр. "би амьд дээрээ хэдэн сайхан залуусыг сум тус бүр дээр бэлтгэж өгөөд үлдээх юмсан. Хөдөөгүүр зөндөө худаг байдаг, ядахдаа тэднийгээ засварлаад өөрсдийнхөө хэрэгцээг хангачих юмсан даа” гэж сууна. Улсад дөч гаруй жил ажилласан энэ хүн 200 гаруйхан мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ч бусдын гар харсангүй. Өөрийн хүчээр олонд тустай буянтай ажлыг хийж явна. Хуучнаар УАА, одоогийн "Чандмань тал” компанийн харьяа өндөр настанд тооцогдох учиртай ч.яагаад ч юм бэ хасаад хаячихаж. Тиййм болохоор харьяалалгүй ахмадын тоонд ороод явж байна. Хэзээ үед авсан юм бүү мэд, "Хотын тэргүүн”-ээс өөр энгэрт нь гялтайх "юм” алга. Хэвлэл мэдээллийнхний хараанд огт онилогдоогүй юм байх даа гэсэн нь МҮОНТ-ийн "Эгэл амьдралын мөрөөр” нэвтрүүлэгт зочноор уригдаж байжээ. Харин манайхан л дэргэдэхээ анзаараагүй өдий хүрсэн хэрэг. Нэвтрүүлэг цацагдсаны дараахан өөр аймгуудаас олон хүн түүн рүү утасдаж худаг гаргуулахаар ярьсан гэнэ.
Өмнөговь аймгийнхан 200 саяар худаг гаргуулна гээд авч явсан ч хөрөнгө мөнгө нь шийдэгдэхгүй байсаар бүтэлгүйтжээ.
"Одоогийн энэ нийгэмд хүн чанар гэдэг зүйл дутагдаад байна даа” гэж тэрээр халаглан суусан. Долдугаар ангийн боловсролтой ч "амьдралын их сургууль”-ийг хэдүйн дүүргэсэн энэ хүнтэй ярилцаж суухад үнэхээр бахархам санагдсан. Олон айлд худаг гаргаж буян үйлдсэн ч буцаагаад "мод шиддэг” нь мэр сэр байдаг гэнэ. Амьжиргааны хэд гурван малтай энгийн малчид тохирсоноо л өгдөг бол хэдэн мянгаар тоологдох малтай мянгатууд үнэ хөлсөн дээрээ гонжирдог тухай яриандаа хавчуулаад авна лээ. Мал мянга хүрэхээр идэх юм олддоггүйн үлгэр тэр биз. Дарга нар ч ялгаагүй дэмжинэ дэмжинэ гээд усанд хаясан чулуу шиг алга болсон талаар гомдонгуй ярих.
Батаа гуай "худаг гаргах нэрээр төрийн мөнгийг үргүй зарж байна.Түүнээс хямд зардлаар худаг гаргах бүрэн боломж манайд бий. Насос, өрөм тэр байтугай редукторыг ч хийчихнэ” гэж ам бардам дуугарна лээ. Чаддаг хүний амнаас л ийм үг гардаг байх. Өөрийнх нь урласан багажийг харахад мундаг зохион бүтээгч болох нь түвэггүй ойлгогдоно. Дайны үеийн цэргийн дуулгаар өрөмийн шороо гаргах багаж, гурван үзүүртэй өрөм гээд бүхий л шаардлагатай "зэвсгээ” өөрийн гараар бүтээжээ. Телевизийн "Залуу зохион бүтээгч” нэвтрүүлгийг үзэх дуртай, тэндээс санаа авах юм их бий шүү хүүхдүүд минь гэж захиж байсан. Ийм л нэгэн эгэл гавьяатан бидний дунд борог даруухан амьдарч байна.
Жилийн жилд худаг гаргах нэрээр төсвийн мөнгийг хэдэн зуун саяар нь үрж байхаас Батаа гуай мэтийн хүмүүсээр хийлгэвэл хөрөнгө мөнгө хэмнэгдэхээс гадна хүчир энэ ажлыг түвэггүй нугалж болохоор. Тэр ч байтугай худгийн багаж материал үйлдвэрлэх жижиг цех ч байгуулж яагаад болохгүй гэж. Хийе бүтээе гэсэн сэтгэл байхад багаддаггүйн жишээг Батаа гуайгаас харлаа. Таныг би "эх газрын сувилагч” гэж нэрлэе. Ус бол эх газрын судас. Тэр судсыг ганцхан хатгалтаар олж ус хэмээх чандмань эрдэнээр хүн, малын амьдралыг тэтгэнэ гэдэг зүйрлэшгүй том буян. Буяны дээд нь худаг гаргах, нүглийн адаг нь түймэр тавих гэж монголчууд ярьдаг. Бурхан үргэлж таныг ивээж яваг ээ.
Н.Мөнхсайхан

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих