Японы Засгийн газрын хоёр сайд нэг өдөр буюу өчигдөр огцрох хүсэлтээ
өгч, Ерөнхий сайд Шинзо Абэ өргөдлийг хүлээн авчээ. Хоёр сайд нэг өдөр,
тэр дундаа эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой
байгаа Японы Засгийн газрын сайд нарын танхимын таван эмэгтэй гишүүний
хоёр нь ийнхүү нэг өдөр огцорлоо.
Японы дараагийн Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвших өндөр магадлалтай байсан, тус улсын одоогийн Засгийн газрын Худалдаа, үйлдвэрлэлийн сайд Юко Обүчи санхүүгийн дуулианы улмаас огцрох өргөдлөө өгсөн байна. Тэрээр Японы Ерөнхий сайд асан Кэйзо Обүчигийн охин аж. Юко Обүчи сонгогчид болон дэмжигчдэд зориулсан театрын арга хэмжээ зохион байгуулахад Худалдаа, үйлдвэрлэлийн сайдыг дэмждэг хоёр сан 43 сая орчим иен буюу 400 мянга орчим ам.доллар зарцуулсан байна. Энэ зардлыг тайландаа тусгаагүй байсан нь түүнийг санхүүгийн тайлан тооцоогоо үнэн зөв гаргадаг гэдэгт эргэлзээ төрүүлжээ. Үүний дараа түүний санхүүгийн зарцуулалтад хяналт тавих болсон бөгөөд Юко Обүчигийн төрөл төрөгсдийнх нь эзэмшдэг дэлгүүрээс бараа худалдан авахад өөр нэг сан 3.8 сая иен буюу 35 мянган ам.доллар зарцуулсан нь түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэх хардлагад хүргэсэн юм. Юко Обүчи албан тушаалаасаа огцорсны дараа, Хууль зүйн сайд Мидори Мацүшима мөн өдрийн үдээс хойш албан тушаалаасаа огцрох өргөдөл гаргажээ. Тэрээр сонгуулийн үеэр тойргийн сонгогчдод өөрийн зурагтай дэвүүр тараасан нь сонгогчдыг хахуульдаж, бэлэг өгөхийг оролдсон гэх хардлагад өртөөд байсан аж.
Энэ бүхний дараа Японы Засгийн газрын нэр хүнд долоон хувиар буурсан байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ бүхэнд өөрийгөө буруутай хэмээн үзэж ард түмнээсээ уучлалт гуйсан байна. Тэрээр "Би тэднийг сайдын албан тушаалд томилсон учир буруутай" хэмээн мэдэгджээ. Ерөнхий сайд Шинзо Абэ 2020 он гэхэд улс төр дэхь эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувьд хүргэх зорилгоор танхимдаа таван эмэгтэй сайд авсан юм. Энэ явдал нь Абэ хойшид парламентын сөрөг намын гишүүдийн зэмлэл хүртэхийг тодорхой харууллаа хэмээн шинжээчид үзэж байна.
ҮНДЭСНИЙ ШУУДАН

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих