Шатыг доороос нь биш дээрээс нь шүүрддэг. Энгийн гэмээр энэхүү
зарчмыг хүн бүр мэднэ. Хэрвээ доороос нь шүүрдвэл шатан дээрх хогийг
бүрэн цэвэрлэж чадахгүй. Харин ч халтуурдсан болоод өнгөрнө. Гэтэл манай
төр, засгийн хийж хэрэгжүүлж байгаа ажил дандаа доороос нь шүүрдэж
байгаа харагдах юм. Товчхондоо халтуурдаж байна. Яагаад ингэж тодотгох
болсон гэхээр хууль тогтоох, хэрэгжүүлэх, туүнд нь хяналт тавих шатандаа
ийм дүр төрх анзаарагдах боллоо.
АТГ
Монголын
төрд авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх
тусгай чиг үүргийн ганцхан байгууллага байдаг нь Авлигатай тэмцэх
газар. Сүүлд УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг АТГ-ын бөөрөнд
аваачиж, бүтэц чиг үүргийг нь улам томруулсан. Гэвч үйл ажиллагаа нь
бусдаас хараат бусаар явах учиртай АТГ авлигын бус улс төрийн
цэвэрлэгчийн үүрэг гүйцэтгэх болов. Аль нэг нам эвсэл, фракцын
захиалгаар шүү дээ. Магадгүй цэвэрлэгч гэхээр зарим нь гайхширч болох.
Гэхдээ АТГ-ын барьж, хорьж, цагдаж байгаа хүмүүс нь дандаа аль нэг
намын "шошготой" байгаа нь үүнийг гэрчилнэ. Нөгөө талаас АТГ-аас
шүүхийнхэн "үхтлээ" айдаг гэсэн шинэ хэллэг бий болж байх шиг.
Товчхондоо АТГ-ынхан шүүгч дээр хэн нэгний нэрийг барьж очоод шууд
хориулдаг болсныг хууль хяналтынхны төлөөлөл ярих болов. Хэрвээ шүүгч
татгалзвал өөрөө авлига авсан асуудалд ороогдох учраас аргагүйн эрхэнд
хорих шийдвэр гаргадаг гэх. Үүнийг нь ч хууль зүйн салбарт олон жил
ажилласан туршлагатай гишүүн шүүмжилж, эцэстээ олон асуудал чирэхийг
анхааруулж байгаа. Одоо бол АТГ-аас аль нэг нам, фракцын эрх ашигтай
зөрчилдсөн бизнесмэнийг авч яваад л хорьдог болж. Торойж тодорсон нь
байхгүй ч битүүхэндээ айдастай яваа бизнесийн салбарынхан олон байгаа
нь нууц биш. Уг нь бусдаас хараат бус байлгах үүднээс АТГ-ын удирдлага,
бүтэц зохион байгуулалтыг УИХ-аас томилж, баталдаг. Үүгээрээ ч АТГ-ын
чиг үүрэг, статус бусдаасаа ялгардаг. Гэвч хэн нэгнийг хорьж, цагдах,
айлгах нь АТГ-ын үүрэг болсон гэлтэй. Хамгийн гол нь энэ бүгдийнх нь ард
хэсэг бүлэг хүмүүс, фракцын эрх ашиг, гомдол байдаг болсоор удаж байна.
МХЕГ
Хяналт
шалгалт хийх болохоороо газарт бууж, хариуцсан ажилдаа эзэн бол гэхээр
тэнгэрт гардаг нэг байгууллага манайд бас бий. Тэр нь Мэргэжлийн
хяналтын ерөнхий газар. Угтаа бол хаана хууль тогтоомж, норм стандартыг
зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна, түүнийг нь илрүүлж таслан зогсоох
нь эдний үүрэг. Гэвч улс орны нүд чих нь болж явах учиртай энэ
байгууллагын ажил акт нэртэй цааснаас хэтэрдэггүй боллоо. Ойрын жишээ
дурдахад, сүүлийн хоёр жилд барилгын ослоос үүдэлтэй эрдэнэт хүний амь
эрсэдсэн золгүй тохиолдлууд байсхийгээд гарах болов. Олныг
сэрдхийлгэсэн эдгээр осол гарах болсон шалтгаан нь ердөө л хөдөлмөрийн
аюулгүй байдлаа хангаж ажиллаагүйгээс үүдэлтэй. Гэтэл эдгээр осол
гарахаас сэргийлж, норм стандартыг нь мөрдүүлэх ёстой МХЕГ-аас өмнө нь
үйл ажиллагааг зогсоосон байсан гэсэн тайлбарыг л өгөөд суух юм. Улиг
болсон энэ тайлбар нь ч тэдний амных нь уншлага болсон гэлтэй. Байнгын
хяналт тавьж ажиллах учиртай байцаагчид нь хүртэл Барилгын яам руугаа
жишим ч үгүй чихэх нь энүүхэнд. Тийм атлаа жижигхэн хүнсний дэлгүүр,
хоршооны үйл ажиллагааг хүссэн нь очоод зогсоочихдог.
Мэдээж
хууль зөрчсөн бол зогсоох нь зөв. Гэхдээ энэ авираа ажлаа хөдөлмөрийн
аюулгүй байдлаа хангадаггүй том толгойтой барилгын компаниудад ч гаргах
нь тэдний хуулиар хүлээсэн үүрэг баймаар. Тэгээд ч чиний эрхээр миний
эрх хязгаарлагддаг, бас хүн бүрт хууль эрх тэгш үйлчилдэг нийгэмд бид
амьдарч байна.
ХОТ
Хотын удирдлагуудын
хурааж, нураах шийдвэр нийслэлчүүдийн бухимдах шалтгаан болдог байлаа.
Ямар сайндаа л "Хориотой хот" гэсэн нэр томъёо гарч байх вэ дээ. Сүүлд
хотын төвөөр замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашинаас татвар авах
саналыг гаргасан ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Нэгдүгээр эгнээнд
тавьсан автомашиныг ачих кампанит ажлыг хэсэгтээ өрнүүлсэн ч, суурин
дээр нь дугуйг нь түгждэг аргыг шинээр хэрэгжүүлж байна. Энэ нь ч
"тусаа" өгч байгаа гэлтэй хаа сайгүй дугуйг нь түгжсэн, зам түгжрүүлсэн
автомашинтай таарах болов. Ийнхүү нийслэлийн удирдлагууд жолооч нарыг
"хариуцлагажуулах" ажлыг идэвхтэй өрнүүлж байна. Магадгүй үр дүнгээ өгч
байгаа л байх. Гэхдээ жолооч нарт ханддаг шигээ барилгын салбарынханд
яагаад хатуу хандаж болохгүй байгааг нийслэлийн удирдлагуудаас асуумаар
байна. Санаж байгаа бол хотын удирдлагууд ажлаа авсныхаа дараа
зөвшөөрөлгүй барилгуудтай тэмцэх ажлыг эрчимтэй өрнүүлж байсан.
Э.Бат-Үүл дарга ч зөвшөөрөлгүй барьсан хэд хэдэн барилга дээр өөрийн
биеэр очиж нураах үүргийг холбогдох албаныханд өгч байлаа. Гэтэл тэдгээр
барилгыг нураах бус, түрүүчээсээ ашиглалтад ороод эхэлжээ, хотын дарга,
аа. Уг нь таны шийдвэр биеллээ олж тухайн барилгуудыг нураах хангалттай
хугацаа өнгөрлөө. Бусдад нь ч сургамж болох байв. Өнгөрсөн хугацаанд
нийслэлийн удирдлагууд машин тэрэгтэй л зууралдсанаас бус, зөвшөөрөлгүй
нь барилга, орон сууцаа цэгцлээгүйн гор нь эрдэнэт хүний амиар гарч
байгааг ч үгүйсгэхгүй.
Төрийн дээд шатны гуравхан
байгууллагаар жишээ татахад ийм байна. Нэг ёсондоо тэдний хийж
хэрэгжүүлж байгаа ажил нь доод шатандаа л өрнөж байгаа нь энэ. Яг л
шатыг доороос нь шүүрдэж, халтуурддаг шиг. Уг нь, АТГ нь аль нэг нам
эвсэл, фракцын захиалгаар биш, МХЕГ нь ажилдаа хариуцлагатай
хандаж, хотын удирдлагууд нь хэлснээ хэрэгжүүлэхэд болохгүй гэх зүйлгүй.
Тиймээс А гэхээр Б гэдэг зангаа таягдан хаяж, ажилдаа хариуцлагатай,
эзэн болж чаддаг болохыг хаа хаанаасаа эхлүүлж бусдадаа үлгэрлэдэг
болъё.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ шуудан/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих