
МХЕГ-ын дарга Д.Батмөнхтэй уулзаж, цаг уеийн асуудлаар ярилцлаа.
-Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх гэж байна. Хууль батлагдвал Мэргэжлийн хяналтын байгууллагын бүтэц тогтолцоо өөрчлөгдөх байх. Ийм өөрчлөлт хийх зайлшгүй шаарддага бий юү?
-Хяналтын системийг нэгдсэн тогтолцоонд шилжүүлж, хүнд суртал, давхардлыг арилгах зорилгоор төр МХЕГ-ыг 2003 онд байгуулсан. Хяналтын байгууллагын анхны хэлбэр учраас анзаараагүй байх. Энэ үед зах зээлийн зарчмаар хянаад явах боломжтой хяналтыг хүртэл МХЕГ-т хяналтын тогтолцоонд нэгтгэсэн. Жишээ нь, худалдаа, аялал жуулчлал, ахуй үйлчилгээнд төр заавал хөндлөнгийн хяналт шалгалт хийх шаардлагагүй. Үүнийг салбарын хууль эрх зүйн актаар зохицуулах боломжтой. Тийм учраас хяналтын байгууллагын мөрдөж ажиллах хууль эрх зүйн орчныг шинэчилж, тогтолцоог өөрчлөх нь зөв. Ингэхдээ дэлхийн чиг хандлага, улс орны онцлог, ард иргэд, нийтийн ашиг сонирхол, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх төрийн бодлогыг уялдуулж, тохиромжтой хувилбар сонгох байх. Ер нь сайн судалж, зөвшилцөж эцсийн шийдвэрийг гаргах ёстой. Хэрвээ Мэргэжлийн хяналтын байгууллагыг тарааж, хяналт хийх эрх мэдлийг салбарын яам, агентлагт шилжүүлбэл нөгөө л хүнд суртал, ашиг сонирхол үүсэж, арав гаруй жил мөрдсөн хяналтын зарчмаа эвдэх болно. Зүй нь яам гаргасан шийдвэрээ хянаад эхэлнэ гэдэг эрүүл тогтолцоо биш. Нөгөө талаар хяналт шалгалтын давхардал үүснэ. Тиймээс УИХ асуудалд нухацтай хэлэлцэж шийдэх болов уу.
-Та МХЕГ-т шинэ хүн биш. Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа хяналтын байгууллагаас олж харж, өөрчлөхсөн гэж бодсон зүйл бий юү. Газрын даргын албыг бага биш хугацаанд хашчихлаа. Ямар нэг өөрчлөлт хийж амжив уу?
-Ажил хүлээж аваад таван сар болж байна. Тамгын газрын дарга шийдвэр гаргах эрхгүй ч, энэ байгууллагад ямар асуудал олон жил хуримтлагдав, үйл ажиллагаанд нь юу чөдөр тушаа болж байна гэдгийг гадарлаж, санаа оноогоо хэлээд явдаг байсан. Газрын даргаар томилогдоод ажилтан, албан хаагч, ард иргэд төрийн ажил руу хандсан Ажлын 15 хэсэг байгууллаа. Мөнгө ихтэй том обьектыг МХЕГ шалгадаг, мөнгө багатай жижиг, дунд обьектыг аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналт шалгадаг гэсэн хардлага төрүүлдэг хяналт шалгалтын зааг ялгааг тодруулсан 57 тушаалыг цуцалсан. Одоо МХЕГ бодлого тодорхойлж, хэрэгжүүлнэ. Харин хяналт шалгалтыг аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын байгууллага хийдэг болсон. Мөн улсын байцаагчдын ажлын байрны тодорхойлолтыг шинэчилж, ажил дүгнэх, үнэлэх, хяналт шинжилгээ хийх журам, байцаагчдыг ажил үүргээ гүйцэтгэхэд саад учруулдаг мэргэшлийнасуудал, бүтэц, орон тоо, хөдөлмөрийн нөхцөлийг шинэчиллээ.
Бас хүний нөөцөд мониторинг хийж, жишиг дүүрэг байгуулах, Боомтын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хилийн боомтын нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх, хяналтын үйл ажиллагаанд эрсдэлийн удирдлагыг нэвтрүүлэх зэрэг бэрхшээлтэй хэд хэдэн асуудлыг цэгцэлсэн. Үр дүн нь эхнээсээ гарч байна. Энэ асуудлуудын талаар олон жил ярьсан ч шат дамжлага дамжиж, удааширч явсан. Нөгөө талаар улсын байцаагч ЦЕГ, УЕП болон шүүхийн байгууллагад шинжээчээр ажиллах асуудал сэтгэл зовоож ирсэн. Улсын байцаагч шинжээчээр ажиллахад гэмт хэрэгтэн шиг үзэгдэх, мөрдөн байцаагчид айлгах, дарамтлах, хөдөө орон нутагт ажиллахад томилолтын зардал олгохгүй байх зэрэг хүндрэл гардаг. Тиймээс ЦЕГ-ын дарга Б.Билэгт, УЕПД.Дорлигжав нартай уулзаж асуудлыг шийдэхээр хэлэлцэж эхэлсэн.
-МХЕГ нэг гарт төвлөрсөн, хяналт, шалгалт хийх давсан эрх мэдэлтэй, хүнд сургалтай, улсын байцаагчид авлигад өртөмтгий гэсэн шүүмжлэлд байнга өртдөг. Гадна талд ингэж харагддаг дүгнэлтийг дотроос яаж өөрчлөх гэж байна вэ?
Мэргэжлийн хяналтын байгууллага хэтэрхий их мэдэлтэй, хүнийг айлгаж, сүрдүүлж, дарамталдаг, торгодог, шийтгэдэг гэх буруу ойлголт байдаг. Манайхан аливаа зөрчигдсөн эрхээ сэргээхээр МХЕГ-т хандаж мэддэггүй. Үүнээс болоод энэ байгууллагыг буруугаар ойлгодог. Үнэн хэрэгтээ зөрчигдсөн эрхээ сэргээхээр хандаж, эрхээ хамгаалуулсан иргэд, аж ахуйн нэгжүүд МХЕГхүн болон хүнсний, хүрээлэн байгаа орчин, хөдөлмөрийн аюулгүй байдлын төлөө ажилладаг гэдгийг ойлгодог. Ер нь манайд ирсэн маргаан нийгмийн тодорхой хэсэг, бүлэг хүн, эсвэл төрийн байгууллага, аж ахуйн нэгжийг хамарч хөндөгддөг. Өнөөдөр хүнс, машин техник, шатахуун хэрэглэдэггүй, хувцас өмсдөггүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаггүй, боловсролын байгууллагаар дамждаггүй хүн байхгүй.
Энэ байгууллага ийм өргөн хүрээний, нүдэнд үзэгддэггүйэд юмсын аюулгүй байдлыг хангах далайцтай, ач холбогдолтой ажил хийж, үндэсний эрх ашиг, аюулгүй байдлын төлөө ажилладаг гэдгийг ард түмэн хүлээн зөвшөөрч, ойлгож, дэмжих учиртай болов уу. Авлига, хээл хахуульд өртөж, ашиг сонирхлын зөрчил үүсгэн, гэмт хэрэгт холбогдсон нэр бүхий улсын байцаагч бий. Гол нь ийм зүйл дахин гаргахгүй, таслан зогсоох ажлыг зохион байгуулж, байгууллага, хамт олны нэр хүндийг өргөж, нийгмийн сэтгэл зүйг өөрчлөх ёстой. Энэ талаар бүтээлч ажил хийж эерэг хандлага бий болгоно гэж харж байгаа.
-Улсын байцаагч нарыг ямар нэгэн маргаан, хардлагад өртүүлэхгүй, гаднын нөлөөнд автуулахгүй байлгах тал дээр ямар арга хэмжээ авахаар төлөвлөсөн бэ?
-Байцаагч нарын сэтгэлгээг өөрчлөх ажил хийх хэрэгтэй. Ажилтан, албан хаагчидямар нөхцөлд амьдарч байна, амьжиргааны түвшин нь ямар байна, өрхийн орлого нь хэд вэ, үр хүүхэд нь ямар сургуульд боловсорч байна, хань ижил нь ажилтай байна уу, гэдгийг судалж, асуудлыг шийдсэний дараа тэднээс сайн ажиллахыг шаардах ёстой. Ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр Төв аймгийн Эрдэнэ сумын ИТХ, Засаг даргад хүсэлт тавьж, 100 улсын байцаагчид 0.7 га газрыг нь олгуулсан олгосон. Дараагийн удаа ажилтнуудын орон сууцны асуудлыг шийднэ. Ингэж байж тэд идэвх зүтгэлтэй, ашиг сонирхлын зөрчилд автахгүй, авлига, хээл хахуулиас ангид, иргэн, аж ахуйн нэгжид хүнд суртал чирэгдэлгүй үйлчилнэ. Ер нь манай байцаагч нар ачаалалтай ажилладаг. Зөвхөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 2013 онд 600 объектод хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн ч жилийн эцэст 11.184 байгууллагад шалгалт хийсэн байх жишээтэй. Гүйцэтгэлийн хяналт шалгалт нь бас энэ хэмжээнд хүрсэн байгаа юм. Үүнээс гадна бид байцаагчдаа авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах зорилгоор сарын аян зохион байгуулсан. Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэг, хууль эрх зүйн орчин, байцаагчийн ёс зүйг сахин ажиллаж байж ийм эрсдэлээс ангид байж чадна.
-МХЕГ байгуулагдаад 11 жил болж байгаа. Энэ хугацаанд арван дарга солигдсон байдаг. Энэ газарт яагаад дарга тогтдоггүй юм бэ?
-Нуулгүй хэлэхэд Хонгорын Багануурын архины хордлого зэрэг нийгмийг цочроосон асууддаас болж дарга солигдсон. Бас улс төрийн нөлөөллөөс болж халаа, сэлгээ явагддаг. Уг нь нэгдсэн тогтолцоонд шилжсэн хяналтын байгууллагыг бодлогын хувьд дэмжээд, хууль эрх зүйн хамгийн сайн орчин бүрдүүлж, удирдлага тогтвортой ажиллах боломжоор хангасан бол энэ байгууллага өнөөдөр ингэтлээ муугаар хэлэгдэхгүй байсан болов уу. Манайхан гар нийлж, бие биенээ хүндэтгэн, сонсож, дэмжиж чаддаг эвсэг хамт олон. Манай байгууллагаар эрх нь зөрчигдсөн, маргаанаа хэлэлцүүлсэн, ашиг сонирхлын зөрчилтэй талууд үйлчлүүлдэг. Маргааныг бид хуулийн дагуу шийддэг ч, гомдолтой үлдсэн талууд нийгэмд буруу ойлголт өгдөг тал бий. Гэсэн ч бид хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийнхээ дагуу ажиллаж байна. /МХЕГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих