Энэ удаагийн уулзалтад Оросын тал нэлээд
ажил хэрэгч байдлаар хандсан нь төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс харахад
илхэн байлаа. ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Олон улсын хамтын
ажиллагаа, гадаад эдийн засгийн харилцаа, аялал жуулчлалын яамны сайд
Галсанов, Гадаад эдийн засгийн харилцааны асуудал хариуцсан дарга
Кварцов Максим, Чита автотранс компанийн захирал Полехати Михайл,
Танхаев Ятур нарын төлөөлөгчид ирсэн.
Харин манай талаас Засаг дарга
С.Ганбат, Засаг даргын зөвлөх С.Итгэл, аймгийн ИТХ-ын даргын зөвлөх
Н.Хүрэлбаатар, аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, Хэрлэн сумын Засаг
дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч Ж.Энхцэцэг, аймгийн ЗДТГ-ын
ТЗУХ-ийн дарга Д.Жаргал, ХБХ-ийн дарга Н.Дашням, НХХ-ийн дарга
Н.Алтанцэцэг, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Ж.Сүхбаатар
нар болон бусад албаны хүмүүс оролцсон. Уулзалтын зорилго нь Дорнод
аймаг, Өвөр байгалийн хязгаар хооронд худалдаа, эдийн засаг,
хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах 2014-2015 онд хамтран ажиллах
төлөвлөгөөг зөвшилцөх, Халхын голын ялалтын 75 жилийн ойн арга хэмжээний
талаар болон дэд бүтэц, боловсрол, аялал жуулчлалын салбарын хамтын
ажиллагааны сэдвээр харилцан хэлэлцэх байлаа.
Энэ удаад Оросын тал
нэлээд олон асуудлаар зөвшилцөлд хүрэхийг чармайж байсан нь аймгийн
удирдлагуудтай хийсэн уулзалтаас харагдаж байлаа. Монгол улстай хил
залгаа боомтуудын үйл ажиллагааг сайжруулах шинэ төвшинд хүргэх,
Халхголын 75 жилийн ойн арга хэмжээнд зориулсан бэлтгэл ажлын төлөвлөгөө
зэргийг бэлдэж танилцуулахаар ирсэн. Оросууд бидэнтэй хөдөө аж ахуй,
барилга, аялал жуулчлалын салбарт нягт хамтран ажиллах сонирхолтой
байгаа нь анзаарагдсан. Тухайлбал Чита, Дорнод аймгийн хоорон нийтийн
тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх, аялал жуулчлалын маршрутаа тодорхой
гаргах, Эрээнцавд чөлөөт худалдааны бүс бий болгох зэрэг томоохон
ажлуудын санаачлага гаргасан. Дээр нь Чулуунхороот сумаар дамжуулан мал
мах хөлөөр нь гаргах боломж бийг ч хэлнэ лээ. Мөн барилгын материал
нийлүүлэх, мод, модон материал нийлүүлэх, уул уурхайн салбарт хөрөнгө
оруулах боломж байгаа гэдгээ хэлсэн.
Дорнод аймагт мах консервлох
үйлдвэр барих сонирхолтой байгаа гэдгээ ч нуусангүй. Оросууд Халхголын
түүхэн ялалтын ойд анхаарлаа хандуулж бүх цэргийн байгууллагуудаа
хамруулж байгаа гэнэ. Эндээс бид ашигтайг нь олж харж гэрээ байгуулж
чадвал аймаг орон нутгийн хөгжилд түлхэж болох нь дамжиггүй. Ялангуяа
барилгын материал нийлүүлэх, мал мах хөлөөр нь гаргах зэрэг нь манайд
ашигтай. Зөвхөн Хятадаас барилгын материал оруулж ирдэг. Нэг талаараа
хараат салбар. Махны тухайд бол Монгол улс боломж олдвол гаргахыг
хичээдэг ч шүлхий гээч "мангас”-аас болж ийм боломж олдоогүй удсан.
Харин манай аймагт энэ боломж ороод ирж байгаа "шар тос” байж магадгүй.
Аялал жуулчлал ч бас чухал салбар. Хэрэв Чита, Дорнод руу шууд автобус
яваад эхэлбэл аялагчдын тоо харьцангуй өсөх нь тодорхой. Ялангуяа энэ
жил Халхголын ялалтын 75 жилийн ойгоор жуулчид их ирнэ. Манай талаар
төрийн харилцааны салбарт харилцах харилцаагаа дээшлүүлэх, хилийн
боомтуудын ажиллагааг сайжруулах, гаалийн баталгаат агуулахтай болох
зэрэг саналууд дээр нэгдсэн байр суурьтай байгаа. Одоогоор хоёр тал
хамтын ажиллагааны төлөвлөгөөн дээрээ ажиллаж байна. Ийнхүү Дорнод
аймгийн хувьд ОХУ-ын Өвөрбайгалын хязгаартай харилцааны шинэ шатанд
гарах боломжтой боллоо.
Н.Мөнхсайхан
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=619
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих