Хөдөө аж ахуйн бирж анх удаа мах бэлтгэлийн зориулалтын мал арилжих
анхны туршилтын арилжаагаа Баянхонгор аймгийн төвд зохион байгууллаа.
285 дахь удаагийн эл арилжаа цахим хэлбэрээр явснаараа онцлог бөгөөд харилцагчид газар дээр нь үйл явцыг харж, захиалга өгч оролцсон юм.
Малчид Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж буй хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч "Хонгорын таван эрдэнийн хишиг" компаниар дамжуулан захиалга өгсөн.
Энэ удаагийн арилжаа нь малыг амьдын жингийн 1 кг тутамд үнэ өгөх замаар эхэлсэн юм. Ингээд эл арилжааны явцад 12 толгой нас гүйцсэн эм хонь амьдын жингийн 1 кг тутам нь 1850 төгрөгөөр арилжигдсан юм. Өөрөөр хэлбэл, арилжаанд орсон нэг хонь дунджаар 83250 төгрөгийн үнэтэй байв.
Туршилтын гэдэг утгаараа цаашдаа засч боловсронгуй болгох зүйл багагүй байгааг зохион байгуулагчид хэллээ. Хөдөө аж ахуйн бирж нь энэ онд багтаан брокерын компани бүхий 16 аймгаас харилцагчийн захиалгын бүртгэл бүрдүүлэхээр болсон байна.
Ингэснээр 330 сумын малчид хөдөө аж ахуйн дундын хоршоогоо байгуулан тус биржээс тавьж байгаа шалгуурыг хангасан тохиолдолд ирэх онд багтаж биржийн арилжааны цахим сүлжээнд холбогдох боломжтой болох аж.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих