"Эрүүл явбал улсын наадам үзнэ" гэж Д.Нацагдоржийн онож хэлсэн үг
үнэхээр сайхан. Их зохиолчийн хэлсний утгыг жаахан өөрчилбөл хүн эрүүл
явбал шинэ онтой золгож, улсын эдийн засаг эрүүл байвал хөгжинө гэж
болох юм. Өнгөрсөн жилийн өдийгөөс эрүүл байж шинэ оныг угтана, шинэ
онтой золгоно гэдэг илүү сайхан. Гэхдээ хүний сэтгэл, шунал хоёр
ханадаггүй, цаддаггүй хойно эрүүл мэндийг үргэлж эдийн засаг дагаж
байдаг. Тэр утгаар нь харвал хувь хүмүүс нь эрүүл байгаадаа илүү
бахархах ч улсын маань эдийн засаг эрүүл байсан эсэхийг шинжилбэл арай
өөр даруухан онош гарна. Шинэ он гарахад таван хоног үлджээ. Өнгөрч буй
онд Монгол Улсын эдийн засаг ямар байсныг макро эдийн засгийн голлох
хэдхэн үзүүлэлтээр эргээд нэг дүгнэе.
Ер нь аль ч орны эдийн засгийг цорын ганц үзүүлэлтээр дүгнэдэг гэвэл үндэсний валютын чансааг нь хардаг байна. Энэ жишгээр эхлээд төгрөгийн чансааг харвал, 2014 оны нэгдүгээр сарын 1-нд ам.доллар 1600 орчим төгрөгтэй тэнцэж байсан бол оны эцэст 1900 төгрөгт хүрлээ. Хувилбал, өнгөрч буй онд төгрөгийн ханш 20 хувиар суларсан. Зах зээлд байгаа 100 төгрөг тутмын 20 нь үнэгүйдэж, иргэн, аж ахуйн нэгжийн үр ашиг энэ хэрээр буурсан гэсэн үг л дээ. Таны түрүүвчинд 365 хоногийн өмнө байсан 1000 төгрөг өнөөдөр 700 төгрөг болж үнэгүйджээ. 2014 оны эхэнд эдийн засгийн өсөлт 11.7 хувь байсан бол оны төгсгөлд таван хувь болж унасан байна. Эдийн засгийн өсөлт зургаан орчим хувиар саарсан бол инфляц гурван хувиар өссөн. Дээр нь гадаадын хөрөнгө оруулалт 60 хувиар буурч, төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр тасарлаа. Өөрөөр хэлбэл, 2014 он эдийн засгийн гол үзүүлэлтүүд бүгд буурч, хямралын шинж тэмдгүүд тод илэрч эхэлсэн, улсын эдийн засаг эм уусан ч нэг л эрүүлжиж чадахгүй явсаар шинэ онтой золголоо. Гэхдээ арай ч сэхээнд орчихоогүй жил байлаа.
Улиран одож буй онд дэлхийн эдийн засаг хямраагүй ч Монгол Улсын эдийн засаг хямарсан. Энэ нь гаднын гэхээс илүү дотоод хүчин зүйлсээс хамааралтай. Сонгуулийн жилүүдэд эрх мэдэлтнүүд популизм хийж, шинэ амлалт, лоозон гаргаж улс орны эдийн засгийг муутгах тохиолдол гардаг. Гэтэл 2014 онд ямар нэгэн сонгууль болоогүй хэрнээ улсын эдийн засаг орвонгоороо эргэчихлээ. Улсын гадаад валютын нөөц 2008 оны эдийн засгийн хямралын төвшин буюу 800 сая ам.доллар болж, төгрөгийн ханш түүхэнд байгаагүй хувь хэмжээгээр суларсан нь үүнийг улам илтгэж байна. Эдийн засгийн хямрал бодлогын алдаанаас үүдэлтэй гэдэг дээр хүн бүр санал нийлэх болов уу. Төрөөс явуулж байгаа эдийн засгийн бодлого буруу байсан гэдэгтэй. Ам.доллар орох гол хоёр урсгалаа буруу бодлого явуулж зогсоосон. Төрийн тогтворгүй бодлого, шийдвэрээс болж манай улсыг сонирхох гаднын хөрөнгө оруулагч үгүй болж хөрөнгө оруулалтын хэмжээ татарлаа. Монгол Улсад жилд хоёр тэрбум гаруй ам.долларын гаднын хөрөнгө оруулалт ордог байсан бол зөвхөн сүүлийн хоёр жилд 70 гаруй хувиар саарч бүтэн жилд 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт оржээ. Хөрөнгө оруулалт саарсан нь эдийн засгийн хямралд гол нөлөө үзүүлж, үүний уршгаар төгрөг ам.долларын зохистой харьцаа алдагдаж эхэлсэн юм. Мөн ам.доллар орох урсгалд экспорт бас нөлөөлөв. Уул уурхайн салбарыг түшиглэсэн ам.долларын урсгал л даа. Монголчууд уул уурхайг хэтэрхий шүтсэнийхээ горыг өнгөрч буй хоёр жилд амслаа. Улсын төсөвт нүүрс, зэсийн хэмжээ, үнийн дүнг хэт өөдрөгөөр төсөөлж, эцэст нь улсаараа хохирлоо. Нийт экспортын 40 хувийг дангаараа эзэлдэг нүүрсний орлого, хэмжээ үлэмж ихээр дутаж, төсөв алдагдал хүлээлээ. Нүүрсний экспортын орлого тасарсан нь гадаад хүчин зүйлээс боллоо гэж зарим хүн ярьдаг. Гэтэл манай нүүрсийг худалдан авагч Хятадын зах зээл дэх нүүрсний хэрэглээ буураагүй.
Манай нүүрс өрсөлдөх чадвараасаа болж үнэ, хэмжээ нь буурсан. Тээвэр, ложистик болон нүүрсний өрсөлдөх чадвар нэг алхам ухарлаа. Тодруулбал, манай улсын өнгөрч буй онд дэлхийн 148 орноос өрсөлдөх чадвараараа 107-д орж, өмнөх оны үзүүлэлтээсээ 14 байраар ухарсан юм. Энэ нь гадаад хүчин зүйл биш бидний дотоод бодлогын л алдаа. Ерөнхийдөө 2014 онд эдийн засгийн гол үзүүлэлтүүд унахад эдгээр хүчин зүйл нөлөөлсөн. Дээр нь, эдийн засагтаа их хэмжээний мөнгөний нийлүүлэлт хийж, уршгаар нь монгол төгрөг бараг л цаас болж хувирлаа. Энэ мөн л бодлогын алдаа. Хатуухан хэлэхэд сандал ширээ, эрх мэдэл булаацалдахаа ард түмэн, улс орныхоо эрх ашгаас дээгүүрт тавьсан УИХ-ын гишүүд, нам бүлэг фракцуудаас болж эдийн засгийн бодлого алдагдсан. Товчхондоо улсын эдийн засаг нь улс төр, хувийн эрх ашигт хэт хөтлөгдсөний горыг улсаараа, ард түмнээрээ амссан нэгэн он өнгөрч байна.
2015 ОНД АЛДААГАА ЗАСАХ БОЛОМЖ БИЙ
Ирэх
оны төсвийн орлого, зарлагыг 17 хувиар өсгөж баталсан. 2014 оны алдааг
ирэх онд давтах эрх бидэнд байхгүй. Өнгөрч буй онд төлөвлөсөн төсвийн
орлого нэг их наяд төгрөгөөр тасарч байхад ирэх оны орлогыг үүнээс 17
хувиар өсгөж батлах нь яавч зөв бодлого биш. Тиймээс ирэх онд хийх нэн
тэргүүний ажил төсвийн тодотгол байх нь гарцаагүй. Эдийн засгийн хямралд
орж улсаараа хэмнэлтийн горимд шилжиж, хямралыг хамтдаа туулахыг
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ард түмэндээ уриалсан. Мөн эдийн засгийн
бодлогыг мэдлэгт оруулж шинжлэх ухааны үндэстэй, тооцоотой, холч
хараатай болгож ажиллахаа амласан.
Өөрөөр хэлбэл, 2014 онд хийсэн бодлогын алдааг засч, ирэх. онд давтахгүй гэдэг санааг тэрээр хэлсэн. Хэрвээ хэлсэн үг нь үйлдэлтэйгээ зөрвөл Монгол Улс хямралын гүн шоконд орж ч мэднэ. Ирэх онд сөрөг гэхээс эерэг өөрчлөлт авчрах хүлээлт илүү олон бий. Үүний эхлэлийг Тавантолгой тавилаа. Олон жил ярьсан Тавантолгойн ордод стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулж, ирэх жилийн эхээр гэрээ хэлэлцээг эцэслэнэ. Үүнийг дагаж төмөр замын дэд бүтэц бий болж, цаашлаад нүүрсээ олон зах зээлд нийлүүлэх боломж харагдаж байгаа. Ирэх онд гаднын хөрөнгө оруулалт өсөх эсэх нь Оюутолгойгоос хамаарна. Яг үнэндээ гадаад зах зээлд Монголыг Оюутолгой төслөөр мэддэг. Тиймээс энэхүү төслийг ашигтай нөхцөлөөр урагшлуулах нь монголчуудад төдийгүй дэлхий дахинд эерэг мэдээ болно. Монголд хөрөнгө оруулахаар хүлээж эсвэл эргэлзэж буй хөрөнгө оруулагчдыг татахад ч нөлөөлнө.
Мэдээж дотоодын дэд бүтцийн томоохон үйлдвэрүүд хүчин чадлаараа ажиллавал эдийн засагт эерэг өөрчлөлт авчирна. Жишээ нь, 2015 онд дотооддоо цемент, арматурын хэрэгцээг бүрэн хангах үйлдвэр ажиллаж эхэлнэ. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн өргөтгөл, Бэрэн группийн төмрийн үйлдвэр, "МАК"-ын нэг сая тонн цемент үйлдвэрлэх үйлдвэр хүчин чадлаа бүрэн ашиглана. Арматур, цемент худалдан авдаг ам.доллар дотоодод шингэнэ гэсэн үг. Дотоодын үйлдвэрлэл хөгжсөнөөр эдийн засагт бодит өсөлт гарна.
Хамгийн гол санаа бол ганц жил ч болов улс төр нь эдийн засагтаа хөтлөгдөөсэй. Хэрэв тэгж чадвал Монголын эдийн засагт эдгэрэхээргүй өвчин тусчихаагүй байна. Айл бүрт аль нэгэн улс төрийн нам, улстөрчийн эрх ашиг, карьер хамаагүй. Харин айл, хүн бүрт эдийн засаг хамаатай. Тийм учраас сайныг бэлгэддэг монгол заншлаа бэлгэдсэн ч аз, амны хишиг дагадаг хийморио бодсон ч ирж буй 2015 онд улсын маань эдийн засаг ч эрүүл байна гэдэгт итгэж байна. Ард түмний биө нь эрүүл, улсын эдийн засаг нь эрүүл угтах он жилүүд биднийг хүлээж байна.
Э.Мөнхцэцэг /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих