Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар ам.доллар 1782 төгрөгтэй тэнцэж байна. Аль хэдийнэ 1700 төгрөгийн босгыг давсан ам.долларын ханш 26 хувиар чангараад байгаа нь энэ. 2009 оных шиг нөхцөл байдал эдийн засагт бий болж, түүнд нь бид дасах шинжтэй. Үүнийг "Монгол төгрөгийн бодит ханш” хэмээн Төвбанкны ерөнхий эдийн засагч С.Болд дүгнэсэн. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларсаар байгаа нь эдийн засаг тамирдаж байгааг илтгэх нэг үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засгийн өрсөлдөх чадвар тааруу байгааг ханшийн хөдөлгөөн харуулсаар. Цаашдаа ханшийн "салхи" нааштай эргэхгүй л бол дарамт даамжирсаар байх нь.
Монголын эдийн засагт төгрөг бус ам.доллар ноёлж байна. Эдийн засагч Ж.Үнэнбат ханшийн өсөлтийг эдийн засгийн бодит тусгал хэмээсэн нь бий. Импортын хэрэглээнд бүхнээ даатгасан монголчуудын хувьд тарчиг өдрүүд үргэлжилсээр. Хоног хугацаа одох тусам эдийн засаг сайжирсангүй. Итгэл өвөртлүүлсэн урин цаг наашилсаар. Гэвч эдийн засагт хавар болохгүй нь. Анхны бороо ч орохгүй нь. Ган тайлж, нэвширтэл норгохгүй нь бололтой. Гаднын хөрөнгө оруулалтаар амь зогоож ирсэн эдийн засаг гантай байгааг бултаараа мэдэрч буй. Монголын брэнд гэж хэлж болох "Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт урагшаа явж өгөхгүй нь. Араас нь залгаад Тавантолгойн байж байгааг нэг хар даа. "Хар алт” хэмээх нүүрс гааль дээр "хар шороо” болох нь холгүйг салбарынхан хэлцгээж байна.
МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Б.Эрдэнэбат "Ханш зах зээлийн амьд организм. Тиймээс ханшийг нэг түвшинд тогтмол хадгалах ямар ч боломжгүй” хэмээсэн. Төвбанк ханшийг тогтворжуулах гэж хэт зорих нь нөөцөө шавхах эрсдэлтэйг мөн тэрбээр анхааруулсан юм. Харин үүний эсрэг мэдэгдэлийг МҮХАҮТ хэдэнтээ гаргаад ам.долларыг бууруулж чадахгүй нь. Нэгэнт өндөрт гарсан ам.долларын ханшийг буулгаж дийлэхгүй нь, Монголбанк. Ханш өндөр байгаад бизнес эрхлэгчид илүү бухимдах болсон. Тэр тусмаа валютын зээлтэй аж ахуйн нэгжүүд тэвчээрээ барж, алдагдал хүлээж эхэлсэн. Үүнээс бол зарим нь хаалгаа барихгүйн тулд цомхотгол хийж, зардлаа танах болов. Энэ нь зардлаа бууруулах хамгийн хялбар арга аж.
Харин импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортоо нэмэгдүүлэх нь зөв сонголт болохыг Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Рандолф С.Коппа хэллээ. Мөн импортын тансаг хэрэглээнээс татгалзаж, дотоодын зах зээлдээ дасан зохицох шаардлагатайг Ерөнхий сайд нэг бус удаа хэлсэн. Энэ нь өндөг болж, сүүлд эрч нь суларсан. Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Ян Хансен "Валютын урт хугацааны ханшийн талаар таамаг дэвшүүлж болно. Гэхдээ ханш ийм байна гэсэн хууль байхгүй. Одоогийн ханшийн өсөлтөд уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналт нөлөөлсөн” гэв.
Нүүрсний үнэ шалдаа бууж, экспортын хэмжээ үлэмж багассан нь төсвийн орлогод цоорхой үүсэхэд хүргэсэн тал бий. Гадаад валютын нөөц дундарч байгаа нь үнэн. Дундуур байгаа нөөцөө хэдхэн хоногийн дотор хоослох сонирхол Төвбанкинд үгүй нь лавтай. Үүнээс сэргийлж, Засгийн газраас зүтгүүлсэн Алтны ил тод байдлын тухай хуулийн төслийг УИХ баталсан. Экспортын 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Үүнээс нэмүү өртөг шингээсэн нь нэн ховор. Сэтгэж, бүтээж, үйлдвэрлэдэггүй орон үргэлж ханшийн өсөлтөд "хиар цохиулж” байдаг гэх. Манай улсын эдийн засаг өнгөрсөн 11.3 хувиар өссөн. Өмнөх жилүүдийн өндөр өсөлтийн хажууд энэ бол навс уналт юм. Энэ жил ДНБ 9.5 хувиар өсөхөөр байгааг АХБ өнөөдөр хэллээ. Ингэхээр манай эдийн засаг өнөөх гайхуулдаг хоёр оронтой тоот өсөлтөөсөө доош орох нь.
Төгрөгийн эсрэг валютын ханш чангарсан нь иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж, өрхийн төсөвт цомхотгол хийхэд хүргээд байгаа. Хэрэглээнийхээ 90 хүртэлх хувийг импортоор авдаг Монгол Улс ханшийн өсөлтөд чөдөрлүүлсээр. Бүтээмж муутай, баялаг бүтээдэггүй эдийн засагтай орныг ханшийн эрсдэл нөмрөн авдаг аж. Рандолф С.Коппа "Монголын эдийн засаг харьцангуй жижиг. Хурдан засал авах боломжтой. Төлбөрийн тэнцлийн алдагдал буурч байгаа нь сайн хэрэг. Одоогийн валютын ханш илүү бодитой тогтсон ханш. Урт хугацаандаа ханш тогтворжино. Гэхдээ эдийн засгийн өөрийнх нь бүтээмж сайжирсан ч хэт их хэрэглээ рүү тэлсэн. Тиймээс зохисгүй хэрэглээгээ танах хэрэгтэй. Ингэснээр хуримтлал бий болно. Хуримтлалтай эдийн засаг амар хямраад байхгүй” хэмээсэн. Ханш тогтворжих тэр цагийг хүлээх үлдлээ.
Б.Баяртогтох
http://mongolianeconomy.mn/mn/e/5451
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих