У Р И А Л Г А
2014.03.05.
Дэлхий дахинаа нүүрлэсэн санхүү, эдийн засгийн хямрал манай улсад сүүдрээ тусгасан таван жилийн өмнө С.Баярын Засгийн газар оношийг нь зөв тогтоож цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч ажилласны үр дүнд хямралыг хохирол багатай даван туулсан.
Өнөөдөр дэлхий нийтэд санхүүгийн хүндрэл нүүрлээгүй ч Засгийн газрын алдаатай бодлого, алсын хараагүй үйл ажиллагааны уршгаар улс орны эдийн засаг уналтын мухар тойрог руу орж эхэллээ.
Шинэчлэлийн гэх Засгийн газар ажлаа эхэлснээс хойш ам.долларын ханш 30 орчим хувиар чангаран төгрөгийн худалдан авах чадвар уналаа. Мөн Засгийн газрын гадаад өрийн хэмжээ 91,8 хувиар буюу 2,3 тэрбум ам.доллараар нэмэгдсэн, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 50 гаруй хувиар буурсан, эдийн засгийн өсөлт саарсан зэрэг олон сөрөг үзүүлэлтүүд бий боллоо.
Зөвхөн төгрөгийн ханшийн сулралаас болж Монгол Улсын Засгийн газар 1,5 тэрбум ам.долларын "Чингис" бондын 70 орчим хувьтай тэнцэх хэмжээний алдагдал хүлээхийн зэрэгцээ иргэн, хуулийн этгээд бүр олсон 100 төгрөг тутмаасаа 30 төгрөгийн алдагдал хүлээж байна. Үүний улмаас олон зуун бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа зогсооход хүрээд байгаа юм.
Энэ бүх уналт, уруудалтын эцсийн зогсоол болох ядуурсан ард түмэн, дахин сэргэхгүй бизнес эрхлэгчид, хөгжих боломж нь алсарсан Монгол Улс болох аюулын ирмэг дээр тулж ирээд байна.
Ажил үүргээ умартсан Ардчилсан нам, түүний Засгийн газарт эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилго, чиглэл бүхий тодорхой бодлогын хувилбар санал болгохгүй бол эдийн засгийн хүндрэл, бэрхшээл хаяагаа улам тэлж, монгол түмний минь нуруун дээр ачааны хүнд ирэх нь дамжиггүй боллоо.
Иймд эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүр, эдийн засагчид, бизнес эрхлэгчид Та бүхнийг санхүү, эдийн засгийн хүндрэлийг хэрхэн давах талаар санал бодлоо нэмэрлэж, энэ үйлсэд манлайлан оролцоно гэдэгт итгэж байна.
Бид хүндрэл, бэрхшээлийг бүх нийтийн оролцоо, хамтын хүчин чармайлт, үзэл бодлоо нийлүүлсэн эвийн хүчээр даван туулах нь зүйтэй гэж үзэж, дараах асуудлаар саналаа ирүүлэхийг уриалж байна.
1.Монгол Улсыг эдийн засгийн хүндрэлээс богино хугацаанд бага зардлаар гаргах арга зам;
2.Гадаад валютын ханшийн өсөлтийг зогсоон төгрөгийн худалдан авах чадварыг сайжруулах арга зам;
3.Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг хазаарлан тогтоох арга, аргачлал / үнэ тогтворжуулах хөтөлбөртэй уялдуулах/.
Иргэн Та санал бодлоо УИХ дахь Монгол Ардын Намын бүлэгт доорх хаягаар ирүүлнэ үү.
e-mail: buleg.com@gmail.com
Twitter:@MAN_buleg
Тусгаар тогтнол ордны 501 тоот. Утас: 77444198, 1921
Хойшоо биш урагшаа харж, үгүйсгэж биш бүтээж, эрхээ эдэлж биш үүргээ биелүүлж улсаа хөгжүүлэн бэрхшээлийг давна. Бид нэг Монгол.
УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ МОНГОЛ АРДЫН НАМЫН
БҮЛЭГ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих