Баяндун сум нь анх 1925 оны хавар
Хужиртаан, Бүс, Салхит гэдэг газруудад нутаглаж байсан ардуудын
санаачлагаар хуралдаан хийж "Шинэ Алхана” нэртэйгээр байгуулагдсан. 1931
онд Ардын Засгийн газрын шийдвэрээр Улз голын буриад хошууг татан
буулгаж, Баяндун, Угтам хан уулын сум хоёрыг нийлүүлж Баяндун сумыг 8
багтайгаар шинэчлэн байгуулж, Улз голын Буриад хошууны төв байсан
одоогийн "Наранбулаг”-т төвлөрчээ.
Баяндун сум нь 624,5 мянган га нутаг дэвсгэртэй. Засаг захиргааны анхан
шатны нэгж 4 багтай, 658 өрх, 2873 хүн амтай, 66513 толгой малтай, төмс,
хүнсний ногооны 25 га талбайтай. Алт олборлолтын 4 уурхайтай ажиллаж
байна. Тус сум хойт талаараа ОХУ, зүүн талаараа Дашбалбар, Сэргэлэн,
баруун, баруун хойт талаараа Цагаан-овоо, Баян-уул сумдтай хиллэдэг.
Тус сум нь нийслэл Улаанбаатараас 669 км, Чойбалсан хотоос 176 км-т
оршдог. Баяндун сум нь Хан Хэнтий уулын салбар хэсэг ойт хээрийн бүсэд
оршдог. Далайн түвшнээс дээш 900-1378 метрт өргөгдсөн. Нутгийн хойд
хэсгээр ой мод элбэгтэй, уулархаг нутагтай, хамгийн өндөр өргөгдсөн цэг
нь Халиун өндөр 1378 км-т оршино. Нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг хээрийн
бутлаг ургамалтай.
Нийт 560,7 мян га бэлчээр, 0,9 мян га тариалангийн, 33,5 мян га
хадлангийн талбайтай. Ургамалжилтын хувьд алаг өвс, бутлаг үетэн хээрийн
дагуур Монгол хэв шинж /алаг өвс-хиаг-хялганат хэвшил/ зонхилно.
Ургамал газар зүйн мужлалыг тодруулбал энэ нутаг нь Евро-Азийн хээрийн
их мужийн дагуур-Монголын дэд их муж, дагуур –Монголын уулын хойт
хээрийн муж, Онон-Хянган орчмын дэд мужид хамаарна. Өвлийн улиралд
–29-39 градус хүйтэрч, зуны улиралд +19 +34 градус хална. Жилд унах хур
тунадасны хэмжээ дундчаар 391,4 мм, үүний 85,0 хувь нь хур борооны
хэлбэрээр унана. Нийт хүн амын 84,1 хувийг Хүбдүүд, Шарайд, Галзууд,
Хуацай, Гучид, Цагаангууд, Худай, Батнай, Халбин, Харгана, Бодонгууд
зэрэг буриадууд зонхилж, 15,0 хувийг халх, 0,9 хувийг бусад ястан
эзэлдэг.
Богд хаант Монгол улсын үеэс үе уламжлан тахиж ирсэн тус сумын нутаг
дэвсгэр дахь Баяндун, Хайрхан, Угтам, Бэрхийн цагаан овоонуудыг сүсэглэн
хүндэтгэн улаан, цагаан идээг өргөж 2 жилд нэг удаа хүндэтгэж иржээ.
Тус сумын нутаг Угтам уулыг 1993 онд УИХ-ын 83-р тогтоолоор Улсын тусгай
хамгаалалтанд авч Угтамыг байгалийн нөөц газар болгосон. Угтамын нөөц
газар нь 46,2 мян га талбайтай. Далайн түвшнээс дээш 1210 м өргөгдсөн.
Угтам ууланд баруун, зүүн сүүж, Аргалант, Жимгэр, Дангай, Дэл зэрэг
жижиг горхи бүхий олон хөндийнүүд, Толь нуур, Хайрханы цагаан нуур,
Өвгөдийн хар, цагаан нуур зэрэг нуур тойром, булаг, горхи, рашаан ус
ихтэй. Угтам ууланд 36 овогт хамаарах нийт 161 зүйлийн ургамал ургадаг.
Мөн 17 багийн 39 овгийн 133 зүйл шувуутай бөгөөд энд ховор шувуунаас
дэлхийд нэн ховор олон улсын улаан номд орсон 6 зүйл, Монгол улсын улаан
номд орсон 10 зүйл шувуутай. Угтамын БНГ-т хаадын сүүлч Тогоонтөмөр
хааныхан нутаглаж байсан бөгөөд тэр үеийн ордны суурь, эртний булш,
хиргисүү зэрэг түүх соёлын дурсгалт зүйлс ихтэй.
Одоогоос 130 орчим жилийн өмнө байсан Угтамын хийдийг 1992 онд сэргээж,
үйл ажиллагаа нь тогтмолжоод байна. Тус суманд Тэмээн уулын 130 м гүн
агуй, Их газрын 86 м өндөр хадан цохио, Хайрхан уул зэрэг байгалийн
үзэсгэлэнт газруудтай. Эдгээр газрууд нь байгалийн унаган төрхөө
харьцангуй хадгалсан, түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол ихтэй
нутаг бөгөөд аялал жуулчлал хөгжүүлэх өргөн боломжтой юм.
Баяндун суманд үнэт металлын нарийвчилсан геологи хайгуулын ажил
хийгдсэн. Мардайн ураны, Оорцгийн цайрын ордын нөөцийг судалсан.
Цагаанчулуут, Рашаант, Ханан, Тогоот, Лүнгийн алтны шороон ордын нөөцийг
судалж 11,8 тн нөөцтэйг тогтоосон. Одоогийн байдлаар тус суманд алт
олборлолт, хайгуулын гадаад дотоодын 45 аж ахуйн нэгж, хувь хүмүүс
лиценз авч ажиллаж байна. Мөн Болор, зэс, жонш, хар тугалга, мөнгө, цайр
холимог металлын хайгуул хийгдэж байна. Хар мод, нарс, хус, бургасан ой
шугуйтай. Нэрс, мойл, үрэл, үхрийн нүд, гүзээлзгэнэ, улаагана, тэхийн
шээг, анис, нохойн хошуу зэрэг жимс жимсгэнэ ургадаг. Мэрэгчдээс:
оготно, зурам, ширх, солонго, үеэн, чандага, туулай, тарвага, хэрэм,
махчин амьтдаас: чоно, үнэг, хярс, шилүүс, үмхий хүрэн, мануул,
туурайтнаас: буга, бор гөрөөс, цагаан зээр, гахай, шувуудаас: тас,
бүргэд, элээ, сар, харцага, шонхор, хур, ятуу, тоншуул, шаазгай, хэрээ,
нүүдлийн цэн, тогоруу, хөх тогоруу, тоодог хун, дэглий, ангир, бор
нугас, бор галуу, өвөөлж, ятга шаазгай, Түргэн цагаан, Галт, Онхоодой,
Норовлин, Шарын хотгорын болон Толь нуур цөөрөмд хилтэг /улаан нүдэн/
загас үржиж байна.
Тус сумаас :
1.Дондогийн Цэвэгмид БНМАУ-ыг 1961
онд НҮБ-д элсүүлж, төрийн далбааг мандуулсан, БНМАУ-ын онц бөгөөд бүрэн
эрхт элчин, доктор, профессор, зохиолч
2.Базарын Цэдэн-Иш БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, хилийн ба дотоодын
цэргийн анхны генерал, БНМАУ-ын дархан хилийг тогтоох комиссын анхны
дарга, дэслэгч генерал, гавъяат хуульч, дэд доктор,
3.Додийн Базар БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, анхны багш, ардын болон гавъяат багш
4.Цэмпилийн Цэрэндорж Анхны тууварчин, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар
5.Додийн Чойдог БНМАУ-ын урчуудын эвлэлийн хороог үндэслэгч, анхны дарга, БНМАУ-ын урлагийн гавъяат зүтгэлтэн, төрийн шагналт
6.Дариймийн Намдаг БНМАУ-ын анхны гавъяат зоотехникч
7.Жалцангийн Цэрэндулам Монгол улсын гавъяат их эмч, хүүхдийн анхны мэс засалч
нар төрөн гарсан байна.
Сумын ард иргэдийн амьжиргааны гол эх сурвалж нь МАА-н болон төмс,
хүнсний ногооны үйлдвэрлэл бөгөөд эдгээр салбар нь хөгжсөн. Цаашид дэд
бүтцийг эрчимтэй хөгжүүлж, уул уурхайн үйлдвэрлэл явуулах үнэт металлын
хэд хэдэн орд газруудтай.
Баяндун суманд дэд бүтэц сул хөгжсөн. Зам харилцаа муутай. Сумын төвөөс
хойш Өлийн гурван даваа оршино. Энэ даваа нь өвөл цас ихтэй болсон, зуны
бороо хур элбэгтэй үед машин техник давахад хүндрэл учруулдаг. Улз,
Урт, Яргайн гол, Наймганын булаг, Наранбулаг орчимд бэлчээр талхлагдаж
байгаа. 19,7 мян га ой модны 80 хувь нь ой, хээрийн түймэрт шатсан.
Цагаанчулуут, Ханан орчмын нутагт алт олборлолт, хайгуул хийгдэж,
байгалийн унаган төрх нь алдагдаж нөхөн сэргээлтийн ажил хангалтгүй
хийгдэж байгаа болон малын халдварт өвчний голомттой зэрэг сул
талуудтай.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих