Манай улсад эрт дээр үеэс Хятадууд бөөнөөрөө амьдарч ирсэн учраас
тэдний сүнсний тухай яриа маш их байдаг билээ. Тийм ч учраас хужаагийн
сүнс, хятадын мөнгөндөө хоргодсон сүнс гэх мэтийн яриаг сонсоогүй хүн
ховор. Гэхдээ хятадууд зөвхөн алт үнэт эдлэл болон мөнгөнд хоргоддог
гэвэл үгүй. Манай улсын өргөн уудам газар нутагт сайхан хүүхэнд
хоргодсон хужаагийн сүнс цөөнгүй байдаг юм. Мягмарсүрэн хэмээх залуу
Сэлэнгэ аймгийн нутаг дахь газар тариалангийн бүсэд дөрвөн га зурвас
газрыг бага сага техниктэй худалдан авсан нь адал сонин явдлын эхлэл
байлаа.
Энэ бол анх социалист нийгмийн бүхий л өмч хөрөнгө задарч бутарч, овсгоотой зарим нь хувьдаа авч байсан яг тэр цаг үе байв. Мягмарсүрэн худалдаж авсан газрынхаа хажуу талд манааны жижигхэн вагончик аваачиж тавьсан даруй нутгийн хүмүүсийг хөлсөлж хэдэн тонн үрийн төмс газарт булжээ. Хагалсан шангийнхаа мөрөн доор үрийн төмс булсан хойно намар болтол талбайгаа манаж зэрлэг ургамал түүхээс өөр нэг их хийгээд байх ажилгүй учраас байнгын харуул манаатай байя гэж бодсонгүй харин хааяа нэг эргэж тойрч байхаар шийдэн талбайгаа тойруулаад урт өргөстэй утсан төмөр тор татаж мал амьтан оруулахаас сэргийлжээ. Өмнө нь газар тариалангийн ажилтай огт ноцолдож үзээгүй тэр талаар ямар ч дөргүй Мягмарсүрэн усалгаа хийх суваг шуудуу ч таталгүй хэдэн төмс булчихаад гадуур нь торон хашаа татчихаад явмагц урд зүгийн иргэдийн үр сад болох тэндэхийн эрлийз хурлийзууд "Ингэж ч ногоо тарьдаггүй байх аа" гэлцэн шоолж байсан аж.
Хамгийн гол нь шан татан хагалж үрийн төмс газар булаад, мал амьтан оруулахгүйн тулд тор татчихаад орхиод яв гэдэг аргыг урд зүгээс доншуучилж ирсэн луухаануудын үр сад болох эрлийз хурлийзууд өерсдөө хэлж өгсөн байгаа юм. "Манай Сэлэнгийн хөрсөнд унасан юу л бол юу ургаж соёолдог юм. Худлаа ярих хүнд халааснаас унасан улаан тамхины үртэс хүртэл соёлоод ургачих шахдаг гээд л бод. Тийм л сайхан үржил шимтэй хөрс. Тиймээс тарьсан ногоогоо услах шаардлага ч байдаггүй юм. Бороо хур элбэгтэй байдаг болохоор нэг орсон хурын усыг татан шингээж аваад нарны гэрэлд суга суга үсрээд гараад ирнэ шүү дээ" гэх мэтээр баахан бурж толгойг нь эргүүлсэн юмсанж. Иймэрхүү үгэнд нам итгэсэн Мягмарсүрэн төмсөө тарьчихаад гадуур нь өргөст тор татчихаад санаа амар явсан хэрэг.
Гэтэл хоёр долоо хоногийн дараа буцаж ирвэл нөгөө төмөр торыг нь үл мэдэгдэх хүмүүс тасдан авч алга болгоод зогсохгүй тухайн үедээ л их мөнгө болох 15000 төгрөгөөр худалдан авчирч ногооныхоо талбайн хажууд тавьсан төмөр вагончикных нь дөрвөн дугуйг ч мөн тайлж авсан байж. "Энэ янзаараа бол газарт булсан хэдэн төмсийг маань ухэр мал хивээд дуусах юм байна" гэж бодсон Мягмарсүрэн өөрөө зуны турш ногоогоо манахаар шийджээ. Ингээд ажил албаа хаяж ойр зуур хэрэглэх аяга таваг, хөнжил гудас мөн ганц нэг ээлжийн хувцас чирсээр ирж ногооны талбайн захад суурилуулсан вагончиктоо төвхнөн орой болтол ногооныхоо талбайн зэрлэгийг зулгааж бөгтөлзөөд орой болмогц гурван чулуу чандманалж тавин хоол хийж идээд унтахаар зэхэж байсан аж.
Тэрбээр үдшийн бүрийд чингэлэгийнхээ гадаа тамхи татаад сууж байтал вагончикийг нь чиглээд нэлээд өндөр эмэгтэй хүн гунхалзан ирж яваа харагджээ. Уг хүүхэн ногооны талбай дотроос нь гэнэтхэн л газраас ургасан юм шиг гараад ирсэн боловч Мягмарсүрэн энэ хавийн айлуудын нэгний эхнэр хүүхэд юм болов уу надтай уулзах гэсэн юм байх даа" гэсэншүү юм бодоод сууж байсан аж. Гэтэл түүнийг чиглэн ирж явсан өндөр хүүхэн гэнэт бүдрэн унажээ. Мягмарсүрэн ч нүхэнд тээглээд уначихав уу хэмээн сандран босч ирсэн байна. Нөгөө хүүхэн босч ирэлгүй харин нэлээд уртавтар биетэй үнэг хүүхний унасан газрын ойролцоогоос босч ирэн шулдан бөгсөө хавчсаар цааш шогшихыг харсан Мягмарсүрэн бүр ч сандарч хүүхнийг үнэгнээс айгаад муужирч унан ухаангүй хэвтэж байгаа юм болов уу гэж түгшсээр явж очвол хүүхэн байсангүй. Ногооны талбай руу шингээд алга болчихов уу гэлтэй ор мөргүй алга болсон байжээ.
Ийм хурдан хаашаа алга болчихдог юм бол хэмээн ийш тийш харвал шороо самардаж хаяснаас өөр анхаарал татах зүйл байгаагүй аж. Гайхашаа барсан Мягмарсүрэн буцаад вагончик ирвэл нөгөө өндөр хүүхэн гадаа нь ташаа тулаад зогсчихсон хажууд нь түрүүчийн үнэг оцойгоод суучихсан байгаа нь харагджээ. Тэр ч байтугай хүүхэн нялхамсуу дуугаар "Дааяа та намайг хэзээ урагшаа дагуулж явах юм бэ?" гэж асуух нөгөө үнэг хазгай мурий харь аялгаар "Аяа Гоо Сараан чи жаахан жаахан тэснэ ва. Би энд тарьсан намуу цэцгээ Хүрээ оруулж борлуулчихаад шуудай дүүрэн зоостой болоод буцаж ирнэ. Буцаж ирээд чамайгаа Бээжин дагуулж очоод чи тэнд вангийн их хатан шиг жаргаж суух болно ва" гэж ярих нь сонсогдсон байна. Ийм хачин зүйл сонссон Мягмарсүрэн гэв гэнэт "Энэ хавьд хятадууд эрт дээр үеэс ногоо тарьж байсан шүү дээ. Хятадын сүнс яваад байгаа юм биш үү" гэж бодмогцоо үнхэлцэгээ хагартал айж хөл нь урагшаа гишгэхгүй тэр дороо яг хөшиж орхижээ. Түүнийг ийнхүү хөщөө адил зогсч байтал нөгөө хүүхэн намжиртай гэгч бөгсөө хаялсаар вагончик руу яваад орчихсон байна. Харин үнэг дотогшоо орж чадахгүй байна уу гэлтэй вагончикийг тойрон гүйсэн ч хэдхэн хормын дараа газарт хөрвөөн таяг тулсан хөгшин хүний дүртэй болоод босч ирсэн байна. Тэгээд вагончик руу паацагнан яваад орчихжээ. Мягмарсүрэн яахаа мэдэхгүй баахан зогсч байснаа хэдэнтээ урт амьсгаа авч жаахан тайвширмагцаа холгүйхэн харагдах айлын зүг голдоо ортол даарсан хүн шиг салгалж чичрэн зүтгэжээ. Мань эр айлд явж ороод ногооны талбай дээр болсон хачирхалтай явдлын талаар ярихад нэг хөгшин "Данжаад И-гийн сүнс энүүгээр яваад байдаг гэсэн үнэн юм байна л даа. Чи яг түүний шавар тагз байсан газар вагончикаа аваачаад тавьчихсан юм байна даа. Манай энэ нутагт 1910 оны орчим намуу цэцэг тариалдаг И данжаад гэж хүн байсан юм билээ. Тэр данжаад манай энэ хавийн сайхан хүүхнүүдийг хар тамхинд оруулаад дараа нь эзэмддзг байсан юм гэнэ лээ. Ная шахсан хойноо 19 настай Сарангоо хэмээх сайхан охиныг толгойг эргүүлж хар тамхинд оруулсан юм гэсэн. Сарангоог хүрээний баян тарган нэртэй хүндтэй ноёд бэр болгохоор гуйж ирдэг байсан юм гэнэ лээ. Нэг удаа Зоригт бэйс өөрөө Хүрээ лүү дагуулж яваад удам судар сайтай нэг сайхан залуутай танилцуулсан ч охин хар тамхиа санаад буцаад хүрээд ирсэн гэдэг юм. Хар тамхинд автсан хөөрхий охин нутгийн олноос бүү хэл эцэг эхээсээ ч айж ичилгүй хөгшин данжаадтай самуурсаар өмхий шавар тагзнаас гарахаа больсон гэдэг.
Гэвч хөөрхий нэг их удалгүй хар тамхиныхаа тунг хэтрүүлээд унтаж байхдаа амьсгал хураачихсан байсан гэдэг. Зарим нэг хүн данжаад зориуд хорлосон гэж ярьж байсан ч хөгшин данжаад Сарангоод унаж тусталаа дурлаад байсан бололтой үхсэн хойно нь араас нь өдөр шөнөгүй гашуудаж, ар гэрийнхэнд нь хүртэл өчнөөн мөнгө зоос өгсөн гэж ярьдаг юм. Мөн хөдөөлүүлэх ёслолыг нь хятад маягаар хийх гэхэд хошуу тамгаас хүн ирж Манжийн эзэн хааны хуулийг харуулан хориглосон байна. Тэр үед манай газар шороон дээр хятад хүнийг оршуулах, хятад маягийн оршуулгын зан үйл хийх нь хориотой байсан хэрэг л дээ. Харин тэгж хориглосон нь И данжаадын амьд явах хүслийг үгүй хийж нэг шөнө хор уугаад үхчихсэн байсан гэдэг. Хошуу тамгаас хүмүүс очиход данжаадын өрөөний ширээн дээгүүр мөн шалан дээгүүр алтан зоос, мөнгөн ембүү, сувдан зүүлт, эрдэнийн чулуун ээмэг бөгж гээд үнэтэй цайтай зүйлс хөглөрч, зарц нар нь айж сэжиглэн гүйлдэж байсан гэнэ лээ. Хятад хүн мөнгөндөө хоргодох нь элбэг байтал И данжаад хөрөнгө мөнгөө хавиар нэг цацаж орхиод сайхан хүүхний араас амиа хорлосон нь хүмүүсийг ихэд гайхашруулж байсан гэдэг. Түүнээс хойш энэ хавиар И данжаадын сүнс гэдэг нэг гүйдэл гарч ирсэн гэлцдэг юм. Тэр нь үнэн байж л дээ" гэхэд Мягмарсүрэнгийн ар нуруугаар хүйт оргиод явчих шиг болжээ. Өглөө нь нар дээр хөөрсөн хойно тэрбээр төмөр чингэлэгтээ ч оролгүй ум хумгүй алга болжээ. Түүний тарьсан төмснүүдийг намар нь нутгийнхан хурааж хувааж авсан бол төмөр чингэлэг нь өнөөг хүртэл хэн ч ойртохгүй нөгөө газраа зэвэнд идэгдэн хэвтэж байгаа аж.
НОЦТОЙ МЭДЭЭ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих