"...Давхиад очиход цоожгүй айл малчин танайх
Даянд ганцхан
цуургагүй сэтгэл малчин таных" гэсэн соц реализмын үеийн нэртэй нэгэн
яруу найрагчийн энэ шүлэг говь хээрийн бүсэд оршдог малчин айлуудад
үнэхээр яг тохирохоор байдаг байж билээ. Гэхдээ одоо үед бол говь нутагт
гэрээ цоожгүй орхичихоод малдаа явчихдаг, явуулын болон
аяны хүмүүс эзгүй хойгуур гэрт нь орж ирээд өөрсдөө махаа хөшиглөн хоол
хийж идээд, айраг сүүнээс нь уучихаад гараад явчихдаг айл их ховордсон
биз ээ. Дээхнэ үед буюу соц нийгмийн үед говь тал, хээрийн бүсийн
ихэвчлэн ганц гэрээрээ нүүдэллэдэг айлууд тийнхүү цоожгүй, хамаг юм нь
онгорхой байдаг байлаа. Яг тэр үед Дамчаа хэмээх залуухан хөвгүүн хэдэн адуугаа хайсаар морьтойгоо говийн бүсийн хэдэн сумдаар явж байлаа.
Сураг нь ихэвчлэн өмнө зүгт гараад байсан учраас шуурганд уруудсан байх нь гэж бодон урагшаа дөтөлж хайсаар сүүлдээ айл амьтан бараг нутагладаггүй зэлүүд газар луу ороод ирж гэнэ. Нар шингээд удахгүй харанхуй болох гэж байсан учраас айл амьтан тааралдах нь уу хэмээн дотроо түгшиж явтал ашгүй урдхан талд нь ганц гэр цайвалзаж харагджээ. Гэрийн гадаа давхиад очвол нохой ч байсангүй. Мал хуй нь хүртэл алга байхыг бодоход энэ айлынхан эзгүй байгаа нь ойлгомжтой байв. Гадаа нь буухад гэрийнх нь яг баруун талын хаяанд тулгаад нэг томоохон шон газар зоочихсон байсан нь ихэд хачин харагдсан ч Дамчаа тоосон ч үгүй. Тэрбээр гэрт нь явж ороод анх удаа говийн эзэнгүй айлд орж ирж байгаа хүн биш болохоор, хэзээ язааны гэрийн зүүн талын эрэгнэгийг онгойлгон савтай ингэний хоормогноос нь том аяганд хийгээд ууж суутал гэнэт нөгөө эзэнгүй айлын чинь баруун орон дээр нь нэг зүйл хөдлөх шиг болжээ. "Хүн байгаа юм уу" гэж мань эр асуутал гэнэт баруун талын орны араас арзайсан урт үстэй, нүд нь хачин улаанаараа эргэсэн, тас хар царайтай хүн л босоод ирэх шиг болж. Босоод ирэх шиг болж ч юу байхав, яахын аргагүй босож ирээд л унь ханаа шажигнуулан зуурч авснаа, шүдээ тас хавираад "Аа аа" хэмээн дотор зарсхийм муухай дуугаар хашгирчээ.
Ёстой нөгөө чөтгөр шуламтай айлд ороод ирлээ гэж айсан Дамчаа ч тэр даруй аягатай хоормогоо чулуудчихаад гэрээс гүйн гарч, гадаа тушсан мориндоо мордон ум хумгүй тэндээс давхин оджээ. Ингээд нөгөө хачин айлаас нэлээд холдож аваад, өөр айл амьтан олдоогүй учраас даарч бээрэн чичирсээр дээлээ нөмрөхчөө аядан хээр хонож дээ. Дөнгөж гэгээ ормогц л мань эр цаашаа давхиж явтал, ашгүй ахиад баруун талд нь хоёр гэр байгаа харагджээ. Мань эр ч давхисаар байгаад нөгөө айлын уян дээр бууж морио уячихаад, эхлээд баруун талынх нь том гэрт яваад ортол хэн ч байдаггүй гэнэ. Урд шөнийн эвгүй явдал санагдаад, эхлээд юу ч гэсэн зүүн талынх нь гэрт оръё гэж бодон нөгөө гэрт яваад ортол хойморт нь нэг хүүхэн амандаа ямар нэг дуу гунганан аялаад л юм оёод сууж байх юм гэнэ. Дамчаа мэндэлсэн боловч хүүхэн юу ч дуугарсангүй. Ингээд баруун талынх нь орны өмнүүр завилж суугаад "Би адуу хайж яваа хүн байгаа юм аа" гэж яриад дуусаагүй байтал хаалга сэвхийгээд, нэг залуу гаднаас ороод ирсэн байна. Залуу эр ч гэсэн бас Дамчааг хараад тоож мэндэлсэн ч үгүй, үг дуугүй хойморт гараад, нөгөө хүүхний оёж байгаа дээлний хажуу талаас гараараа дэмнээд суучихаж гэнэ. Дамчаа цай унд хийж өгөх нь үү гэж жаахан хүлээснээ хөдлөх шинжгүй болохоор нь "Урд шөнө төөрөөд хээр хоноод. Яг осгох нь ээ" гэсэн чинь нөгөө хоёр чинь хүн дуугарч байна ч гэж ер тоож байгаа юм алга. Харин энэ үед гадаа нохой хуцах чимээ гарсанаа удалгүй дал хүрч яваа болов уу гэмээр таяг тулсан нэгэн бөгтөр эмгэн ханиалгасаар ороод ирсэн байна. Орж ирээд Дамчааг хармагцаа" Хүүе яадаг билээ. Манайд хүн ирчихсэн байсан юм уу?" гээд л сүйд майд болж байна гэнэ. Тэгснээ цаад эрэгнэг дээрээсээ данхтай зэлгээн хярам дөхүүлж өгөөд, хоймор хэлхэлдэн сууж байгаа хоёрын зүг хяламхийснээ хуруугаа уруулдаа хүргэн "Чишш, миний хүү элдэв үг дуугарч барьж огтхон ч болохгүй шүү.
Наад
хярамнаасаа сайн уучих. Би чамд эндээс хэдэн ааруул хурууд боогоод өгье
Тэгээд гадаа гарч байгаад хоёулаа ярья" гэсэн байна. Ингээд удалгүй
эмгэн нөгөө хоймор сууж байгаа хоёр луу хяламхийснээ, Дамчааг гаръя гэж
байгаа бололтой хуруугаараа дохин үүд рүү дууджээ. Гарсныхаа дараа хажуугийнхаа том гэр лүү өөрөө түрүүлээд орчихсон гэнэ. Дамчаа ч араас нь дагаад орж дээ. Эмгэн хөлийнхөө авдрын араар нэг зүйл хайн онгичиж байснаа, нэг далны яс гаргаж ирээд галдаа хийгээд шатаасан байна.
Удалгүй гаргаж ирээд үнсийг нь үлээн харж байснаа "Чи чинь адуу малын хойноос эрэлд яваа хүүхэд юм аа даа. Урд шөнө чи нэг зүйлээс жигтэйхэн айж дээ, янз нь" хэмээн шууд л алган дээрээ тавьсан юм шиг л хэлсэн байгаа юм. Дамчаа ч "Үнэн үнэн. Урд шөнө ирж яваад танай энүүхэн хойно нэг эзэнгүй айл байхаар нь явж ороод, аяга хоормог хийж уугаад сууж байсан чинь гэрийн баруун орон дээрээс ширэлдсэн урт үстэй аймаар хүн босч ирж муухай хашгираад" гэхэд эмгэн "Өө, хөөрхий. Тэднийх өчигдөр малаа хужирлах гэж яваад эзэнгүй байгаа юм. Гэрт нь төрөх үедээ савны халуунаас болоод ухаан нь солигдоод галзуурчихсан 25 орчим насны хүүхэн уяатай байдаг юм гэсэн. Чи тэрийг харж л дээ. Эмээ нь өөрөө үзээгүй л дээ. Байнга уяатай л хэвтэж байдаг юм гэсэн" гэхэд Дамчаа нөгөө айлд ороход гэрийнх нь баруун хаяанд нэгэн том шон зоочихсон байсныг гэнэт санасан байна. Эмгэн "Манай энэ хавьд барагтай бол хүн амьтан ирээд байдаггүй юм аа. Би сая малаа усалчихаад амжиж ирээгүй бол ч, манай хоёртой юу болох байсныг бүү мэд. Манай энэ хоёр чинь амьд хүмүүс биш шүү дээ" гэж хэлээд Дамчааг бүр ч ангайлгаж орхижээ. "Эмээ, яагаад амьд хүмүүс биш гэж" гэхэд эмгэн "Би л гэж нэг ийм үйлтэй хүн юм байлгүй дээ. Манай энэ хоёр чинь хүргэн охин хоёр маань байгаа юм. Хоёр жилийн өмнө хангай нутагт машин унаатай явж байгаад онхолдож, газар дээрээ амиа алдсан юм байхгүй юу. Тэгсэн чинь сарын дараа гэнэтхэн л хоёулаа ар араасаа цувраад ороод ирсэн. Анх ирэхдээ хэсэг байж байгаад л утаа шиг замхраад алга болчихдог байсан юм. Харин сүүлдээ биежиж бодитой болоод байгаа юм уу, үгүй юу. Хаалга үүд хүртэл онгойлгож орж ирээд, заримдаа хүргэн маань хүйтэн хоормогноос аягалаад ууж байгаа харагддаг шүү.
Харин гэрийнхээ хаяанаас л огт холдохгүй юм даа. Хөнгөн цагаан төмпөн дуугаргаж цохихоор айдаг юм уу, яадаг юм, замхраад алга болчихдог юм. Би хэрвээ гэртээ байж байгаад гаднаас хүн ирж яваа харагдвал, түмпэнгээ нүдээд л энэ хоёрыг түр зуур нуучихдаг. Харин сая чамайг орж ирэхэд эзгүй байсан болохоор мэдэлгүй оруулчихлаа. Хэдийгээр одоохондоо гэмгүй ч гэсэн, хий хоосон хүмүүс чинь яаж ч мэдэх вий, хэн мэдлээ" хэмээн ярихад нь Дамчаа ихэд айж "За ч би явъя даа" хэмээн малгайгаа аваад босжээ. Эмгэн "Нутгийнхандаа ямар ингэж ярилтай биш. Хэн нэгэнд энэ талаараа ярихсан гэж бодсоор л явдаг ч, муу хэл аманд орно гээд чаддаггүй юм. Харин чамайг холын хүн болохоор чинь зоволтгүй ярьчихлаа. Нэг их сайхан дотор онгойгоод л явчих шиг боллоо. За за, эмээ нь чамайг гаргаж өгье. Харин чи хайж яваа эрлээ замдаа олох юм байна лээ шүү. Гэхдээ хагасыг нь олох юм байна" гэсэн аж. "Энэ хаашаа янзын нутаг вэ?" гэж ихэд айсан Дамчаа мориндоо мордоод эргэж ч харалгүй нутгийн зүг эргэсэн бөгөөд замдаа эмгэний өгсөн ааруул хуруудыг хүлхэж идсээр, хаа нэг таарсан ганц хоёр айлд ч оролгүй явсаар нутгийн зах руугаа орж ирмэгцээ худгийн эхэн дээрээс өөрийнхөө хайж явсан адууг олсон гэдэг.
Гэхдээ эмгэний хэлсэн ёсоор эрж явсан адууных нь тал нь байгаагүй бөгөөд "тэр айхтар мэрэг төпөг тавьдаг эмгэн хүргэн охин хоёрынхоо сүнсний талаар худлаа зохиож хэлээгүй нь лавтай" гэж бодохоос, мөн айлын баруун талын орон дээр байнгын хүлээстэй орилоод л хэвтэж байдаг сэгсийсэн үстэй хүүхнийг санахаас зүрх нь үхэж, ахин ийш тийш адуу мал эрж хайж явахаа бүр больсон гэдэг.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих