
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр буутай этгээд банк дээрэмдсэн гэх мэдээлэл цацагдаж эхэллээ.
Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад "2015 оны гуравдугаар сарын 7-ны өдөр 20:00-21:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 25-р хороонд байрлах арилжааны банкинд халдлага гарлаа гэх мэдээлэл ирсэн. Ингээд цагдаагийн байгууллага дуудлагаар очиж шалгалтын ажиллагаа хийхэд 20:00-21:00 цагийн үед 30 орчим насны үл таних этгээд зэвсгийн чанартай зүйл ашиглан дээрмийн гэмт хэрэг хийсэн байсан. Хэргийг БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна” гэв.
Эх сурвалжийн хэлж буйгаар гэмт хэргийг хийсэн этгээдийг олж тогтоосон ч хараахан баривчлаагүй байгаа аж. Гэмт этгээд "Капитрон” банкинд халдаж 20 орчим сая төгрөг дээрэмдсэн ч түүнээгээ авч чадалгүй гарч зугтжээ. Тухайн үед уг банкны харуул хамгаалалт сайн байсан төдийгүй сэжигтний дүрс камерт бичигдсэн байж болзошгүй байгаа аж. Сэжигтэн Баянзүрх дүүргийн 25-р хорооны "Эрэл”-ийн 40 дүгээр байранд байрлах "Сандэй” тооцооны төвд ийн халджээ. Одоогийн байдлаар гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд банкны үйл ажиллагааг түр зогсоосон байна.
Ер нь манай цагдаагийн байгууллагын алба хаагчдын сэжигтэн этгээдийг шуурхай тогтоож, илрүүлэх ажил маш сайн. Энэ нь сүүлийн үед гарсан томоохон хэргүүдээс тод харагдаж байгаа билээ.
Өнгөрсөн удаад таксины жолоочийн аминд хүрч машиныг нь авч зугтсан хэрэг, "МТ” колонкийг дээрэмдсэн хэргүүд гарсан. Гэвч цагдаагийн байгууллагын зүгээс 24-48 цагийн дотор сэжигтнийг олж тогтоож, шалгалтын ажиллагааг эрчимжүүлээд байгаа билээ.
Д.Ундрах /24tsag.mn/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих