УИХ өнгөрсөн хоёрдугаар сарын 18 буюу битүүний өдөр "Эдийн засгийн
хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр"-ийг баталжээ. Биднийг бөхөө
үзэж тостой буузанд бялуурч байх үед баталсан уг хөтөлбөрийн 10 дугаарт
бичсэн "экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлуулах" гэсэн заалт хардлага
төрүүлж олны анхаарлыг татах боллоо. Учир нь, энэ заалтад "Улсын хилийн
зурвас газар дахь алтны зарим ордыг тусгай хамгаалалттай газрын
ангиллаас гаргах УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх"
гэж онцолжээ. Энэ асуудлыг судалж санал боловсруулахыг Засгийн газрын
2015 оны 94 дүгээр тогтоолоор Уул уурхай болон Байгаль орчин, ногоон
хөгжил.аялал жуулчлалын сайд нарт даалгасан бөгөөд энэ онд УИХ-аас
шийдвэр гарсан байх учиртай юм байна.
Ажил одоогоор 30 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар "parliament.mn" веб хуудсанд мэдээлжээ. Хэдийгээр тодорхой ордын нэр заагаагүй ч Говийн дархан цаазат газрын Талын мэлтэс, Хатан суудал зэрэг газрыг тусгай хамгаалалтаас гаргахаар тусгажээ гэж эх сурвалжууд таамаглаж байгаа нь үнэний ортой. Яагаад гэвэл, хилийн зурвас дагуу байрлалтай, баялаг ихтэй нь тодорхой газар дээрхээс өөр алга. Тэгээд ч Засгийн газар хоосон цаасанд үндэслэж хөтөлбөр боловсруулахгүй шүү дээ.
ТҮҮХ ИНГЭЖ ӨРНӨЖЭЭ
Хатан
суудалын газрыг тусгай хамгаалалтаас гаргах оролдлого анхных биш.
С.Баярын тэргүүлсэн Хамтарсан Засгийн газрын үед тусгай хамгаалалттай
газар дахь тодорхой талбайг улсын нөөцөд авах тухай тогтоол гарч байв.
2009 оны дөрөвдүгээр сарын 1-нд гарсан 86 дугаар тогтоолоор Ашигт
малтмалын тухай хуулийн тодорхой залтыг үндэслэн улсын төсвийн хөрөнгөөр
геологийн 1:50000-ны масштабын зураглал, ерөнхий эрлийн ажил хийж
байгаа 25 талбайг нөөцөд авахыг Эрдэс баялаг, эрчим хучний сайд
Д.Зоригтод даалгажээ. Эдгээр талбайн тоонд одоогийн тусгай хамгаалалтаас
гаргахаар зэхэж буй Хатан суудал орж байсан юм. Гэтэл улсын нөөцөд авч
ашигт малтмалын эрэл, хайгуул хийх, олборлох нийт талбайн ихэнх нь
тусгай хамгаалалттай газарт байсан аж. Засгийн газрын энэхүү тогтоол
байгаль хамгаалах байгууллагууд, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй
тулгарснаас 86 дугаар тогтоолыг цуцлахаас аргагүйд хүрчээ.
Асуудал ингээд дууссангүй, Хамтарсан Засгийн газрын үед унасан тогтоол Шинэчлэлийн Засгийн газраар дамжин зүсээ хувирган орж иржээ. Одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ЗГХЭГ-ын дарга байхдаа Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаярт 2013 оны есдүгээр сарын 13-нд санал авах албан бичиг явуулсан байдаг. Үүнд "Говийн их болон бага дархан цаазат газрын зарим хэсэгт ашигтмалтмал,эрэх,хайх,ашиглах,тусгай хамгаалалтаас гаргах тогтоолын төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа тул саналаа яаралтай ирүүлнэ үү" гэжээ. Саналыг иргэдийн оролцоотой бус зөвхөн аймгийн удирдлагуудын хэмжээнд хэлэлцэхийг үүрэгдсэнийг албан бичгээс харж болно. Тухайн үед Засгийн газраас боловсруулсан хуулийн төслөөр Говийн их дархан цаазат газрын Талын мэлтэс, Хатан суудал зэрэг газрыг тусгай хамгаалалтаас гаргахаар тусгажээ. Хатан суудалыг мазаалайгаар, Талын мэлтэс орчмын газрыг хавтгай тэмээгээр нь дэлхий нийт мэддэг. Тиймдээ ч аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр энэ хоёр газрыг тусгай хамгаалалттай бүсээс гаргах боломжгүй гэдгээ Засгийн газарт уламжилжээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга "Эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбоотойгоор тодорхой арга хэмжээ авах асуудлыг судалж, парламентад оруулж ирэх үүргийг УИХ-аас Засгийн газарт өгсөн. Энэ хүрээнд бид Говь-Алтай аймаг руу албан бичиг явуулсан. Тэгэхэд ашиглах боломжгүй гэдэг бичиг ирсэн. Албан бичиг бол тухайн үед ярьж байгаад өнгөрсөн асуудал" гэсэн тайлбарыг 2014 онд хэлж байсан юм. Төсөвт мөнгө хэрэгтэй гэхээр тусгай хамгаалалттай нутгаасаа алт ухчихъя гэж боддог яасан бөх зүрхтэй хүмүүс вэ гэж тэр үед олон нийт шүүмжилж байв.
Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын ИТХ-ын телөөлөгчид, Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа Засгийн газраас санаачилсан хуулийн төслийг дэмжихгүйгээ илэрхийлснээр Говь-Алтайн иргэд дархан цаазат газраа хамгаалах хөдөлгөөнийг өрнүүлсэн юм. Дахиад л эсэргүүцэлтэй тулгарсан учир энэхүү төсөл даргын ширээний шүүгээнд эргэн оржээ.
Сонирхолтой нь, одоогийн буюу Шийдлийн Засгийн газрын үед энэ асуудал бас л яригдах учиртай байжээ. Тэгэхдээ "Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр"-т багтаад сроод ирэв. Энэ удаа УИХ-аар дэмжигдэх магадлал их байна. Учир нь, хөтөлбөрийг хэрэгжүүл гэсэн тогтоолыг УИХ өөрөө засагт үүрэгдсэн нь асуудлыг ороод ирэхэд ногоон гэрлээр дэмжинэ гэсэн баталгаа болж байна.
ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР БОЛ ДЭЛХИЙД ДАНСЛАГДСАН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ БҮС
Манай
оронд олон зууны турш байгалийн унаган төрхөө хадгалан үлдсэн цөөнгүй
газар бий. Эдгээрээс дэлхийн болон Монголын Улаан номонд данстай
хавтгай, тахь, цоохор ирвэс, аргаль хонь, мазаалай зэрэг ховор амьтад
нутагладаг, нэн ховордсон ургамалтай газар байдаг нь Говийн их дархан
цаазат газар. Тиймдээ ч нэн ховордсон амьтан, ургамлыг амьдрах орчинтой
нь хамгаалах зорилгоор 1975 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр улсын
тусгай хамгаалалтад авч, дархан цаазат газар болгосон байдаг. Мөн унаган
төрхөө хадгалж үлдсэн, амьтан, ургамал хосолсон говийн экосистемийн
бүрдэл нь дэлхийн онцгой бүс гэж үзэн ЮНЕСКО-гоос 1991 онд Олон улсын
хүн ба шим мандалын нөөц газрын сүлжээнд хамруулсан юм. 5.3 сая га
талбай бүхий энэ нутаг газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тавдугаарт
ордог. Ийм олон шалтгаанаар Говийн их дархан цаазат газар Монголын
төдийгүй дэлхийд данслагдсан тусгай хамгаалалттай бүс юм. Цаад утгаараа
аль хэдийнэ дэлхийн мэдэлд оччихсон газар билээ.
Ер нь газар нутгаа яах гэж тусгай хамгаалалтад авдаг юм бэ. Ерөөсөө л онгон дагшнаараа байгаа байгалиа, тэнд амьдарч буй ховордсон ан амьтнаа хадгалж, хамгаалж хойч үедээ үлдээхийн тулд. Манай төрийн түшээд, дарга нарын хүүхдүүдэд ч энэ хамаатай. Харамсалтай нь, тусгай хамгаалалттай газар нутаг гэж юу байдаг, үнэ цэнийг нь мэддэггүй хүн төрд олон байдаг юм байна. Мэддэг байсан бол тусгай хамгаалалттай гээд хуульчилсан газрыг хууль зөрчиж хөндөх гээд явж байхгүй шүү дээ.
Засгийн газраас дэлхийд 22-хон үлдсэн мазаалайг хамгаалах гэж багагүй хөрөнгө зарцуулж. төр олон нийтийн хамтын зүтгэлээр их ажил хийж байгаа. Гэтэл "америкжсан" дарга нар өөрсдөө Засгийн газрынхаа хийж байгаа ажлыг баллуурдахаар оролдож байгааг эрүүл сонголт гэж хэлэхгүй л болов уу. Хэрвээ Говийн их дархан цаазат газрын хэсгийг тусгай хамгаалалтаас гаргаж олборлолт явуулбал энэ хэдхэн мазаалай газрын хөрснөөс арчигдана шүү дээ.
Газар нутгийг тусгай хамгаалалтад авна гэдэг хэдэн хүн хүрч ирээд хашаа татаад хийчихдэг ажил биш. Эрдэмтэн. судлаачид олон жилийн хөдөлмөр зарж байж нутгийнхаа аль хэсгийг хамгаалалтад авч үр хойчдоо үлдээхээ судалгааны үндсэн дээр шийддэг. шийдсээр ирсэн. Шинжлэх ухааны үндэслэлтэй хийдэг энэ ажлыг юу ч мэдэхгүй төрийн түшээд дураараа өөрчилж хууль зөрчөөд байж болохгүй биз дээ. Газар нутгаа тусгай хамгаалалтад авна гэдэг зөвхөн дотоодын асуудал биш болсон. Үүнийг дагаад улс орны нүүр царай харагддаг. П.Очирбат Ерөнхийлөгч байхдаа "Монгол Улс газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авна" хэмээн олон улсын өмнө амлалт өгсөн түүхтэй. Үүнийг нь дэлхий нийт алга ташин хүлээн авч, тэр хэмжээгээрээ Монголын нэр хүнд өсч байлаа. Өнөөдөр манай улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээ ердөө 17.4 хувьтай байна. Дэлхийн өмнө хүлээсэн амлалтаа биелүүлээгүй байхад үнэ цэнийг нь мэддэггүй дарга нараас болж Монгол Улсын нэр хүнд унах учиргүй.
Мэдээж эдийн засгийн хямралыг давахын тулд алт хэрэгтэй. Үүнийг хэн ч буруутгаагүй. Харин хямралыг даван туулах арга зам гэдэгт шүтээн уулаа ухах. алтыг нь авах гэж дэлхийд данстай нутгаа тусгай хамгаалалтаас гаргахыг хэлэхгүй байх. Бид арай дэндүү туйлшрах юм. Монгол байгалийн асар их баялагтай гэдгийг хүн бүр мэднэ. Тэгсэн мөртлөө бусад ордоо ашиглахын оронд заавал хамгаалалттай газарт шунаад байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Говийн их дархан цаазат газраа бүтнээр нь тусгай хамгаалалтад үлдээж алтыг нь ухахаа болилоо гээд монголчууд тураад үхчихгүй. Харин тусгай хамгаалалтаас гаргавал дэлхий биднийг шоолох болно. Бас ингэж болдог юм байна гэсэн буруу жишиг тогтож Монгол орны тусгай хамгаалалттай газрууд ээлж дараалан хамгаалалтаас гарах эхлэл тавигдахыг хэн ч үгүйсгэж чадахгүй билээ.
Иймд Засгийн
газар энэ асуудлыгэргэж сайн нягтлах хэрэггэй байна. Ялангуяа Байгаль
орчин.ногоон хөгжил.аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын хичээл.зүтгэлээс
их зүйл шалтгаална. Байгаль.ан амьтнаа хамгаалах үүрэгтэй яам нь Говийн
их дархан цаазат газрын зарим хэсгийг тусгай хамгаалалтаас гаргах нь
буруу гэсэн байр суурин дээр хатуу зогсвол олны дэмжлэгийг авах нь
гарцаагүй. Тэгэхгүй бол Д.Оюунхорол сайдын үед тусгай хамгаалалтаас
гаргаж билээ гэсэн муу дурсамж л үлдэх бодит байдал өнөөдөр хүлээж
байна.
Н.ЭНХБАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих