Монгол улсын сайд Мэндсайханы Энхсайхан ахлагчтай Таван толгойн Мега төслийнхөн гадны хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээ, хэлэлцээрээ эцсийн байдлаар бэлдэж дуусаад урьд орой Засгийн газартаа танилцуулжээ.
Ерөнхий сайд Чимидийн Сайханбилэг энэхүү гэрээ, хэлэлцээрийг яг одоо УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх гэж байна.
Энэ үйл явдалтай холбогдуулан "Эх орончдын нэгдсэн нам”-ын дарга Ганчилын Ганбат, "Хамаг Монголын хөдөлмөрийн нам”-ын дарга Цэндийн Шинэбаяр нар УИХ-ын гишүүдэд уриалга хүргүүлж байна.
Уриалга
Улсын Их Хурлын гишүүд ээ!
Үндсэн хуулиар ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад авсан, монгол хүн бүр хувьцаа эзэмшиж, эзэн суусан цорын ганц олон нийтийн өмч болох Тавантолгойн нүүрсний стратегийн ордын хувь заяаг төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэх нэн хариуцлагатай, эгзэгтэй цаг мөчид та бид тулж ирээд байна.
Өндөр төрийнхөө сүлдэнд, өргөн түмнийхээ өлмийд сөгдөн байж " Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн андгайлсныг тань өнөөдөр хатуу сануулах цаг болжээ.
Ийнхүү өргөсөн тангарагтаа үнэнч байж, улс үндэснийхээ ашиг сонирхлыг эрхэмлэнТавантолгойг Оюутолгойн араас буруу замаар бүү явуулаач, Монголдоо бүртгэлтэй, төлбөрийн чадвартай үндэсний компани оролцуулаач, стратегийн ач холбогдолтой төмөр замыг улсдаа үлдээгээч, нийт иргэнийхээ эрх ашгийг хамгаалан 1072 хувьцааг салхинд бүү хийсгээч, төрийн хуулийг дээдлэн Үндсэн хууль, бусад хууль, УИХ-ын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, ҮАБЗ-ийн зөвлөмж, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэргээ бүү зөрчөөч гэсэн хүсэлт, шаардлагыг ард түмэн тавьж, өөрсдийн элчийн хувьд гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхийг тань харах үлдлээ.
Оюутолгой төсөл дээр УИХ том алдсан, улс орон хохирсон, ард түмэн хууртсан. Одоо УИХ-д дахин алдах эрх байхгүй.
Ард түмэн үндэсний их өв сан Тавантолгойн ордоо эдийн засгийн эргэлтэд оруулахыг эсэргүүцээгүй, гагцхүү улс үндэснийхээ язгуур эрх ашиг, аюулгүй байдал, иргэдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн хувилбараар шийдвэрлүүлж, "хүн шиг амьдарч, улс шиг хөгжихийг” мөрөөдөж байна.
Эрх барьж буй намууд, төр засаж буй түшээд та бүхэн гомдож, цөхөрсөн эх орон нэгтнүүддээ өршөөгдөх, уучлагдах, улмаар алдагдсан итгэлийг нь олж авах өчүүхэн төдий горьдлого байгаа бол магадгүй энэ эцсийнх нь байж мэднэ. Тавантолгойн хувь заяаг шударгаар шийдвэрлэх түүхэн хариуцлагыг УИХ ийнхүү зоригтойгоор үүрч буй нь та бүхний төр, түмнийхээ өмнө хүлээх эх оронч үүрэг, заавал төлөх өр мөн.
Иймд УИХ-ын гишүүн та бүхнийг гаднын захиалга, дотоодын хуйвалдаанаас ангид байж, хувийн явцуу ашиг сонирхлоо хойш тавьж, чухамхүү эх орон, улс үндэс, ард түмнийхээ эрх ашигт үйлчлэхийг уриалж байна.
Хүндэтгэсэн:
Эх орончдын нэгдсэн намын дарга Ганчилын Ганбат
Хамаг Монголын хөдөлмөрийн намын дарга Цэндийн Шинэбаяр

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих