Израилийн нисэх хүчин Сирийн хилийн Голаны өндөрлөг дахь босогчдын байрлалд цохилт өглөө хэмээн "Associated Press” агентлаг уламжлав. Зэвсэглэсэн хэсэг террорист израильчуудын эсрэг ашиглах зорилгоор дэлбэрэх бодис ачаад хил рүү ойртож байгааг Израилийн цэргүүд илрүүлсэн тул довтолгооноос урьдчилан сэргийлэхийн тулд агаараас цохилт өгөхөөр шийдсэн хэмээн Тель-Авивын цэргийн яамнаас мэдэгджээ. Агаарын довтолгоо ямар хохирол учруулсан нь тодорхойгүй байна. Голаны өндөрлөгт болсон хэрэг явдлын хариуцлагыг Сири дахь бүлгүүд хүлээсэнгүй.
Дамаск, Тель-Авивын харилцаа олон жилийн турш хурцадмал, маргаантай явж иржээ. Тэр тусмаа Голаны өндөрлөгийн газар нутгийн маргааны улмаас хоёр тал бие биедээ дайсагнасаар ирсэн юм. Израиль улс 1967 оны Зургаан өдрийн дайны эцэст Голаны өндөрлөгийг эзлэн авсан билээ. Сирийн эрх баригчид энэ өндөрлөгийг өөрсдийн газар нутаг хэмээн үзэж, даруй буцааж өгөхийг шаардсаар байна.
Израилийн арми Сирийн нутаг дэвсгэр рүү үе үе гал нээж довтолсоор байна. 2014 оны арванхоёрдугаар сард Израилийн байлдааны нисэх онгоцууд Дамаскийн олон улсын нисэх буудлыг пуужингаар бөмбөгдсөн юм. Мөн Ад-Димас хотод агаараас цохилт өгчээ. Сирийн Засгийн газар энэ довтолгоог "Түрэмгий гэмт хэрэг” хэмээн үзэж, НҮБ-д хандаж Израилийн эсрэг хориг арга хэмжээ авахыг шаардсан байна.
Үүний хажуугаар, өрнөдийн талыг баримталдаг Сирийн босогчдын "Сирийн чөлөөлөх арми” бүлэг Тель-Авивтай харилцаагаа сайжруулахыг эрмэлзэж саяхан Израиль улс байгуулагдсаны 67 жилийн ойд зориулж мэндчилгээ дэвшүүлжээ.
2011 оноос хойш үргэлжилж буй Сирийн иргэний дайн "Исламын улс” террорист бүлэг үлэмж газар нутгийг эзлэх нөхцөлийг бүрдүүлсэн юм. 2014 оны наймдугаар сард АНУ тэргүүтэй олон улсын цэргийн хүчин "Исламын улс”-ын эсрэг цэргийн ажиллагааг эхлүүлжээ. Ажиллагааны эхний найман сард лалын босогчид Ирак дахь 13-17 мянган км кв нутаг дээрх хяналтаа алдсан хэмээн Пентагон мэдээлж байна. Гэвч Сири дахь "Исламын улс” бүлгийн байр суурь огтхон ч сулраагүй ажээ.
Н.МӨНХЖИН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих