Сирийн
хямралыг зуучлахаар томилогдсон НҮБ-ын тусгай элч Шаффан де Мистура
Сирийн иргэний дайныг зогсоохын тулд энх тайвныг "доороос нь дээш нь”
бий болгох ёстой хэмээн үзэж байна. Сири дахь энх тайвны санаачилгыг
хүмүүнлэгийн маш ноцтой хямралд ороод байгаа Алеппо хотоос эхлэх ёстой
хэмээн тэрээр хэлж байна. НҮБ-ын тусгай элч "El Mundo” сонинд ярилцлага
өгчээ.
-Та Сирийн дотно, гадна айлчилж, уулзалт, зөвлөгөөн их хийжээ. Тус улсад энх тайвныг бий болгох ямар арга зам байна вэ?
-Гурван жил хагас үргэлжлээд байгаа аймшигтай дайныг зогсоохын тулд шинэ дүрэм, томъёо хэрэгтэй болжээ. Энэ өндөрлөгөөс харахад, энхийн төлөвлөгөө биш, харин үйл ажиллагааны төлөвлөгөө хэрэгтэй байна. Би мөргөлдөөнд оролцож буй бүх талын төлөөлөгчтэй уулзлаа. Дайн, мөргөлдөөнийг цэрэг, зэвсгийн аргаар шийдвэрлэж чадна гэдэгт хэн ч итгэхгүй болж. Дамаск ч, Вашингтон ч, Москва ч, Парис ч, Анкара ч үүнд итгэхгүй байна. Энэ хямралыг сири хүмүүс өөрсдөө улс төрийн аргаар шийдвэрлэх ёстой гэдэг дээр бүгд санал нийлж байна. Бүх сири хүмүүс "Дайтаж ханалаа, одоо зогсоё” гэж хэлж байна. Энэ дайн 220 мянган хүний аминд хүрч, дөрвөн сая хүн гадаад руу гарч, 11 сая хүн орон гэрээ орхин дүрвээд байна шүү дээ.
-Таны санал болгож буй үйл ажиллагааны төлөвлөгөө юунаас бүрдэж байна вэ?
-Эхлээд хүчирхийллийг багасгах талаар бодох хэрэгтэй. Дараа нь ард түмэнд үнэхээр хэрэгтэй байгаа хүмүүнлэгийн тусламжийг хүргэхийн тулд хот, тосгодод орох үүд хаалга гаргах хэрэгтэй байна. Гуравдугаарт, энэ бүхнийг ашиглаж доод шатнаас улс төрийн үйл явцыг эхлүүлж, улс орон даяар түгээх хэрэгтэй. Хэдэн сарын өмнөөс Сири дахь нөхцөл байдлыг хоёр хүчин зүйл тодорхойлох боллоо. Нэг нь идэвхтэй урагшилж байгаа "Исламын улс” террорист бүлэг, нөгөө нь үүний эсрэг тэмцэж байгаа олон улсын цэргийн эвсэл. Лалын босогчид нь түгшүүрийн шинэ дохио өгч байгаа тул Сирийн мөргөлдөөнд оролцогч талууд өөрсдийн байр байдалд дүгнэлт хийх цаг болсон. Сирийн иргэд олон талцаж хуваагдаагүй бол "Исламын улс” гэж гарч ирэхгүй байсан.
-Таны саналыг яг хаанаас эхлүүлж болох вэ?
-Би НҮБ-ын нэрийн өмнөөс хэлэлцээ хийж, дараа нь Ерөнхий нарийн бичгийн даргатай зөвлөлдсөний эцэст Алеппо хотыг сонгож авсан. Алеппо нь Засгийн газар болон сөрөг хүчин, мөн "Исламын улс”-ын заналхийлэл, түрэмгийлэлд өртөж буй хот. Их зовлон үзсэн энэ хот хүмүүнлэгийн ноцтой хямралд хэзээ ч орж болзошгүй. Нөгөө талаар, Алеппо нь янз бүрийн шашин, баялаг соёлын билэгдэл болсон газар. Энэ бүгд дээр миний санал төвлөрч, Ерөнхийлөгч Башар Асад болон бусад талуудад саналаа танилцуулаад байна. Бид гал зогсоох тохиролцоонд хүрч Алеппо дахь мөргөлдөөнийг зогсоож чадвал сириүдэд бага ч болтугай итгэл найдвар төрүүлэх гээд байна. "Исламын улс” бүлгийн заналхийллийн улмаас Сирийн сөргөлдөгч талууд доороосоо дээшээ улс төрийн үйл явцыг эхлүүлж магадгүй юм.
-Сири иргэд таны санаачилгыг дэмжих болов уу?
-Миний уулзаж ярилцсан сири хүмүүс бүгд л дайн, мөргөлдөөнөөс залхаж, үүнийг зогсоох ямар нэг арга зам хайж байгаа нь харагдсан. Сирийн дотно, гадна байгаа сэхээтнүүд, улстөрчид, энгийн иргэд бүгд л дайныг зогсоохыг хүсч байна. Гэхдээ миний санаачилгыг Сирийн бүх иргэн дэмжиж байгаа гэж хэлээгүй шүү.
-Улс төрийн төвшинд таны санаачилга ямар нэг дэмжлэг авч байна уу?
-Ерөнхийлөгч Башар Асад миний саналыг хүлээж аваад "Судалж үзүүштэй санал байна” хэмээн мэдэгдсэн байсан.
-Таны санаачилга амжилт олно гэдэгт итгэлтэй байна уу?
-Сирид өөдрөг үзэлтэй байна гэдэг их
хэцүү. Гэхдээ л итгэл найдварын галыг асаахын тулд ямар нэг юм хийх
ёстой гэдэг дээр шийдэмгий байгаа.
Зууны мэдээ
Н.Мөнхжин

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих