Шинэ зуун эхэлж, хуучин шиг цэрэг, дайны хүчээр дэлхийд ноёрхолоо тогтоож, өөрсдийгөө олон улсад таниулдаг цаг ард хоцорлоо. Харин улс орнууд спорт, урлаг соёлоороо өөрсдийгөө таниулж байна.
Бид VIP ярилцлагын булангийнхаа хамгийн эхний зочноор боксын спортын энэ цаг үеийн нүүр царай болсон тамирчин ОУХМ Доржнямбуугийн Отгондалайг зочин хоймортоо урьсан юм.
Түүнтэй ямар ч үед, хэзээ ч уулзахад маш сайхан байдаг. Учир нь тэрбээр тамирчин хүний хамгийн чухал шинж болох зоримог, шийдэмгий, эрч хүчтэй байдлыг үргэлж бусдад мэдрүүлж байдаг юм. Д.Отгондалай саяхан Индонез улсад болсон олон улсын "А” зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртэж эх орныхоо алтан соёмбот далбайг Индонезын тэнгэрт намируулаад ирсэн билээ.
-Д.Отгондалай гэхээр л бокс сонирхогчид ясны тамирчин гэж хэлэхийг би олонтаа дуулсан юм байна. Хэдэн оноос хойш энэ спортоор хичээллэх болов. Яагаад бокстой амьдралаа холбох болсон бэ?
-2003 оноос хойш тоглож байгаа. Би чинь Дорнодын хүүхэд. Энэ спорттой холбож өгсөн хүн маань МУГД Ё.Төмөрбатаа багш юм. Манай ангиас найман хүүхэд боксын секцэд орсон. Ангийн хүүхдүүд тэмцээнд оролцоод медаль аваад ирэхээр нь гоё санагдаад боксын дугуйланд орчихсон. Одоо боксоо тоглож байгаа нь ганц би л байна даа. Би жоохон байхдаа үндэсний бөхөөр хичээллэдэг байлаа. Аймгийн аваргад оролцож л явлаа. Одоо боксынхон дундаа бол бөхөөр нэлээд бужигнуулна шүү /инээв/.
-Багшийнхаа талаар ярихгүй юу. Ё.Төмөрбатаа гэж Дорнодоос олон шилдэг тамирчин бэлтгэж гаргасан маш сайн дасгалжуулагч. Монголын боксын спортод үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хүн шүү дээ?
-Намайг анх бокстой холбож өгсөн хүн бол МУГД Ё.Төмөрбатаа багш маань. Дорнодоос олон сайн тамирчин бэлдэж чадсан. Одоо улсын шигшээ багт надтай нийлээд гурван тамирчин байна. Гурвуулаа л жин тус бүрийнхээ шилдгүүд нь. Гарыг минь ганзаганд хөлийг маань дөрөөнд хүргэсэн хүн бол яах аргагүй Ё.Төмөрбатаа багш. Түүний ачаар л би өдий зэрэгтэй амьдарч явна. Багшдаа баярлаад барахгүй явдаг даа. Багшийн маань олон жилийн цуцашгүй хөдөлмөр энэ олон хүмүүсийг сайхан амьдруулж байна.
ДОРНОД НУТГИЙНХАА ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ АМЬДАРМААР БАЙНА
-Бага насныхаа тухай ярьвал. Боксын тамирчид маань багадаа нэлээд хөдөлгөөнтэй хүүхдүүд байсан гэж сонсогддог. Өөрөө ер нь хэр нударга зөрүүлдэг хүүхэд байв?
-Манай Дорнод чинь бас амаргүй газар шүү дээ. Залуучууд хүүхдүүд нь жоохон омголон гэмээр нутаг. Тийм болохоор нэлээд нударга зөрүүлж л явлаа. Зарим хүүхэд зодолдож сурах гэж боксыг сонгодог юм шиг байгаа юм. Харин бокс хүнийг хүмүүжүүлдэг спорт. Миний бага нас бусад хүүхдүүдийн бага нас хэрхэн өнгөрдөг үү яг тэр маягаар л өнгөрсөн дөө. Харин энэ спортод орох хүртэлээ хичээлдээ нэлээд сайн байсан юм. Яалтчгүй спорт хөөхөөр хичээл нь орхигдож байгаа юм даа. Спортод их л дуртай хүүхэд байжээ.
-Д.Отгондалай гэдэг боксчин миний мэдэхээр л 60 кг жинд тоглодог байсан. Одоо ч тоглосоор л байна. Энэ олон жил жингээ нэг хэмжээнд барих гэдэг хэцүү шүү дээ. Магадгүй сүүлдээ сурчихдаг байх л даа?
-Энэ жиндээ би 10 жил тоглочихлоо. Өсвөрийн тэмцээн уралдаанд жин бол тооцохгүй. Насанд хүрэгчдийн тэмцээнд оролцоод эхлэхээр жингээ тооцно. Анх 2005 онд 17 настай хүүхэд 48 кг жинд Хөдөлмөрийн баатар П.Сэрдамбатай аваргын төлөө тоглосон. Дараа нь залуучуудын улсын аварга болоод шигшээ багт багтсан. Ерөнхийдөө тэр цагаас хойш л 60 кг жиндээ тоглож байна. Олон жил жингээ барина гэдэг бас хэцүү шүү. Үүнээс илүүтэй жингээ хасна гэдэг бол үнэхээр амаргүй даваа, асар их хөдөлмөр. Тамирчин байна гэдэг залуу насны ажил учраас энэ жиндээ л үзэх бодолтой байна.
-Өдгөө 27 нас хүрлээ. Ер нь тун удахгүй их спортоо орхих бодолтой байгаа юм болов уу гэсэн зүйл ярианаас тань ажиглагдлаа?
-Бокс бол залуу насны эрч хүчтэй спорт. Нийтдээ 10 гаруй жил бокс гэдэг зүйлтэй амьдралаа холбож явна. Олон арван шинэ залуу тамирчид гарч ирж байна. Тэдэндээ боломж олгох хэрэгтэй байх аа. Миний хувьд энэ жилийн ДАШТ, ирэх жилийн олимп болон 2017 оны ДАШТ гэсэн гурван том тэмцээнд юу чаддагаа үзэх санаа байна. Хэрвээ чадал байвал тоглож л байх болов уу. Монголд боксын спорт хурдацтай хөгжиж эхэллээ. Манай дараагийн үеийнхэн бол үнэхээр сайн тамирчид бэлтгэгдэж байгаа. Тиймээс дүү нараа дэмжиж, боломж олгох нь зүйтэй.
-Сонирхогчийн карьераа дуусгачихаад мэргэжлийн спортод хөл тавихгүй хэрэг үү. Ихэнх боксчид замналаа ингэж үргэлжлүүлдэг шүү дээ?
-Надад тийм бодол байсан л даа. 2011 оны ДАШТ-аар Ирландын боксчинд шүүгчийн буруутай шүүлтээс болж луйвардуулчихаад нэлээд гутарсан тал бий. Энд ирчихээд больдог ч юм билүү гэж бодож явсан үе ч бий. Тэгээд мэргэжил рүү гардаг ч юм билүү гэж бодсон. Үүнтэй давхцаад гаднаас хоёр ч санал ирсэн. Ингээд их удаан бодож байгаад эцэст нь гэр орон, эхнэр хүүхэд, эх нутгаа орхиод хүний газар амьдарна гэдэг надад хүнд санагдсан. Тэгээд ер нь больё гэж шийдсэн. Шийдвэр маань ч зөв байсан гэж хожим боддог юм. Тэр шийдвэрийн ачаар Монголынхоо боксын спортын түүхэнд нэгэн шинэ мөр гаргаж чадсандаа баяртай байгаа. Магадгүй үүнээс ч илүү амжилт үзүүлэх боломж надад байна. Би эх орныхоо нэрийг тив дэлхийд гаргах ёстой. Гаргах ч болно. Хамгийн түрүүнд энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ямар нэгэн медаль авмаар байна. Бүр цаашлаад алтан медаль авч олимпийн эрхээ өрөвтлөх туйлын зорилготой явна. Монголчууд маань надад ихээхэн итгэл тавьж байгааг би мэдэрч байгаа. Итгэлийг нь алдахгүй байхын тулд өөрийгөө бүхий л талаараа дайчилж явна даа.
-Спортын замналаа өндөрлүүлчихээд юу хийж бүтээх төлөвлөгөөтэй байна даа. Спортын хувьд ахмад болох ч амьдрал дээр бол ид хийж бүтээх сайхан нас шүү дээ?
-Дорнод руугаа явж ажиллаж амьдармаар байна. Төрсөн нутаг орондоо очиж аймаг орноо хөгжүүлэхэд бага ч гэсэн өөрийн хувь нэмрээ оруулъя даа. Би одоо Хил хамгаалах ерөнхий газарт ажилладаг. Тэр шугамаараа нутгийнхаа дархан хил дээр ажиллана гэж бодож явдаг.
ХИЛ ХАМГААЛАХ МАНЬ ИХ БУЯНТАЙ САЙХАН ГАЗАР
-Ажлынхаа талаар манай уншигчдад сонирхуулахгүй юу. Хилчин спорт хороонд харьяалагддаг байх аа?
-Анх 2008 онд Хил хамгаалах ерөнхий газарт ажилд орсон. Хил хамгаалах маань их буянтай сайхан газар. Би ажил дээрээ байхаасаа байхгүй нь элбэг. Тэр бүгдэд намайг ойлгож, үргэлж тусалж дэмжиж байдаг дарга, хамтарч ажилладаг бүх найзууддаа баярлалаа гэж хэлэх нь зүйтэй. Найман жил энэ газрын хоолноос хуваалцлаа. Уралдаан тэмцээнийхээ амжилтаар л нүүрээ тахлах юм даа. Түүнээс биш бусад шигээ ажиллаж чадахгүй байгаа. Тийм ч учраас спортоо өндөрлүүлээд хил хамгаалахдаа ажиллана. Хэрвээ боломж олдвол энэ спортод нэрээ гаргасан олон шавь бэлдмээр байна.
-Өнгөрсөн тэмцээнийхээ талаарх тайланг тавихаар ажил дээрээ ирж байна. Амжилтын хур буулгаад ажил дээрээ нүүр бардам орох ер нь сайхан байдаг биз?
-Тэгэлгүй яах вэ. Би амжилттай байх тусам энэ газрын маань нэр гарна. Би муу байвал бас л энэ газрын нэр гарна. Тийм болохоор алтан медаль авчихаад ажил дээрээ очиж даргадаа тайлангаа тавихаас өөр сайхан зүйл байхгүй. Өнөөдөр Индонез улсад болсон тэмцээнийхээ талаар даргадаа тайлагнана. Нээрээ манайх шинэ даргатай болсон гэсэн. Өнөөдөр анх удаа уулзах гэж байна. Манайхан мэдэх биз улсын заан Ц.Мягмарсүрэн гуай Хилчин спорт хороог саяханаас даргалах болсон.
ГАДНЫ ТАМИРЧДАД ИЧИХ НҮҮР ГЭЖ БАЙХГҮЙ. ХЭРВЭЭ БИ ЛУЙВРААР ЯЛАЛТ БАЙГУУЛСАН БОЛ ТЭДЭН ШИГ БАЯРЛАЖ ЧАДАХГҮЙ
-Шүүгчийн буруутай, булхайтай шийдвэрүүдээс болж рингэнээс нулимстай бууж байсан олон тохиолдол бий. Магадгүй тэрхүү гунигийг нэлээд хэдэн удаа амссан боксчин бол та байх. Хэд хэдэн том тэмцээнээ үүнээс болж өндөрлүүлж байсан гэж сонсож байлаа?
-Спорт гэдэг чинь мөнгөтэй салшгүй холбоотой зүйл юм. Хөгжингүй орны тамирчидтай тоглохоор нөгөө талд нь өгчих гээд байдаг талтай. Манай тамирчид бол яг л бор зүрхээрээ яваа хүмүүс шүү дээ. Санаж байгаа бол Инчёны Азийн наадам дээр нэг өдөр долоон тамирчин маань хасагдсан. Би аваргын төлөө шалгарчихсан, яана даа гэж бодогдож байлаа. Түрүүн хэлсэн 2011 оны дэлхийн аваргаар Ирландын тамирчинд, 2013 оны дэлхийн аваргаар Бразилийн тамирчинд муухай луйвардуулсан. Тэр тамирчин явсаар мөнгөн медаль хүртсэн. Би өмнө нь түүнийг хоёр ч удаа хожиж байсан болохоор өөртөө итгэлтэй тоглоод ялсан л даа. Гэтэл шүүгч нь нөгөө л булхай, луйвраа хийгээд нөгөө талд ялалтыг өгчиж байгаа юм. Ялсан гээд өөртөө итгээд зогсож байсан хүн чинь шоконд ороод үнэхээр сонин болдог юм байна лээ. Харин гадныхан бол ичдэггүй юм билээ. Өөрөө чадлаараа ялчихсан юм шиг баярлаж, хөөрөөд л. Хэрвээ би тийм байдлаар ялсан бол тэгж чадахгүй. Гэхдээ юм болоогүй, дуусаагүй. Би тэр хариугаа заавал авна.
-Ялалтаа алдах тэр мөч тамирчин хүнд хамгийн хэцүү байх. Магадгүй шантрах үе гарч байсан биз?
-Боксыг тоглож чадахгүй байна гэж би нэг ч удаа шантарч байгаагүй. Харин шударга бус зүйлтэй таарах үед гутрах үе гарч байсан. Жишээлбэл 2013 оны ДАШТ-д Бразилийн боксчинд луйвардуулчихаад үнэхээр урам хугарч байлаа. Магадгүй больдог ч юм билүү гэж бодогдсон шүү. Гэхдээ би аливаа юмнаас айж, эмээдэггүй. Би чадна, болно, ялна гэж байнга өөртөө хэлдэг. Энэ маань надад сэтгэл зүйн нэг том хөшүүрэг болдог.
-Өөрөө ер нь хэр бардам хүн бэ. Нэлээд шартай бололтой. Магадгүй энэ зан чанар тамирчин хүнд байх ёстой зүйлийг нэг байх?
-Ер нь багийн шартай хүүхэд байсан. Одоо ч тэр хэвээрээ үргэлж ялна, дийлнэ гэсэн бодолтой рингэн дээр гардаг. Хичнээн ядарсан байсан ч тэрийгээ өрсөлдөгчдөө мэдэгдэхгүй байхыг хичээдэг. Хүнд муугаа харуулах тун дургүй хүн дээ.
-Тэмцээн уралдаан дуусахгүй үргэлжилж байна. Ойрын үед хаана очиж, ямар тэмцээнд хүч сорих бодолтой байгаа вэ?
-Тавдугаар сарын 10-нд ОХУ-ын Хабаровск мужид болох тэмцээнд манай боксын нэг, хоёрдугаар шигшээ баг оролцоно. "А” зэрэглэлийн өндөр чансаатай том тэмцээн болно. ОХУ-аас бараг гурван баг, Тайланд, Энэтхэг, Куба зэрэг боксын томоохон төлөөллүүд ирж хүч үздэг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө зохиогдож буй томоохон сорилго юм. Ер нь тэмцээнээс тэмцээний хооронд формоо алдахгүй байхын тулд аль болох тэмцээн өнжихгүй л байхыг хичээж явна. Тэгэхгүй бол олимпийн эрх авах тэмцээнүүд ойртчихлоо. Шалгуур ч өндөр болсон. Сүүлийн жилүүдэд улсаас тэмцээний зардлыг гаргадаг болсоноор тамирчид бид бэлтгэлээ хийж амжилт үзүүлэхээс өөр зүйл бодохгүй сайхан байна. Хуучин чинь мөнгөний асуудал толгой өвтгөж байлаа шүү дээ.
-Залуу хүн учраас олон зүйлийг дотроо төлөвлөж явдаг болов уу. Өөрийнхөө хүсэл мөрөөдөлдөө хүрч чадсан гэж боддог уу?
-Залуу хүн тасралтгүй хүсэл мөрөөдөлтэй байх ёстой. Мөрөөдөл гэдэг бол зорилго гэсэн үг. Зорилго байгаа цагт түүндээ хүрэх тэмүүлэл бий болно. Ингээд түүнийхээ төлөө тэмцэж эхлэх учиртай. Магадгүй мөрөөдөлдөө хүрч чаддаггүй юм аа гэхэд замынхаа талд нь очиж чаддаг. Миний мөрөөдөл захаасаа биелэсэн. Хүн мөрөөдлийг хий хоосон зүйл гэж хүлээж авахгүй байх хэрэгтэй. Цаашдаа ч надад олон мөрөөдөл байна.
-Мөнгөний асуудлаас болж тэмцээнд явахад хүндрэлтэй үе тохиож байсан биз?
-Байсан. Одоо нэг үеэ бодвол спортыг ойлгодог болжээ. Намайг гэхэд бокст элэгтэй н.Шинэтэмцэл, н.Мөнхнаран, н.Цэнгэл болон Тамсагийн 21 дүгээр талбайн монгол талын захирал н.Батмөнх зэрэг олон сайхан ах нар маань үргэлж дэмжиж явдаг. Одоо ч бас дэмжсээр байгаа. Ах нарынхаа ачыг амжилтаараа л хариулахаас өөр сонголт надад байхгүй. Би шинэ байранд орох гээд мөнгө хайгаад ах нартаа хандаж 20 гаруй сая төгрөг зээлж авч байсан юм. Харин сая Азийн наадмын аваргын төлөө тоглох гэж байхад "За алт авчихвал зээлсэн мөнгөө ах нар авахгүй шүү” гэж ярьсан. Би ч ялалт байгуулсан. Одоо цагт ийм хэмжээний мөнгийг хүнд зүгээр өгөөд суудаг хүмүүс ховор шүү. Би хилийн цэргийн болон АПУ ХХК-ийн тамирчин. АПУ компани ч бас сайн дэмжинэ шүү. Цалинг маань өгнө жилдээ хэрэглэх витаминуудаа даалгана. Амжилт гаргахаар мөнгөн шагналыг сайн өгнө шүү. Шигшээ багт Дорнодоос надтай нийлээд гурван тамирчин багтдаг. Манай аймаг боксоороо сайндаа тооцогдож явдаг. Бид бол яах вэ ингээд хоёр, гурван жилийн дараа спортоо орхино. Харин шинээр гарч ирж байгаа залуу тамирчдыг нутгийн удирдлагууд маань дэмжээд явбал туйлын сайн хэрэг. Сураг сонсоход шинээр сонгогдсон Засаг дарга спортод жаахан элэггүй хүн гэж дуулсан. Уг нь сум орны нэрийг тамирчид л тив дэлхийд цуурайтуулдаг учиртай.
-Нууц биш бол цалин хөлс, хангамж хэр байна вэ, Сүүлийн үед сайжирсан гэх зүйл сонсогдох боллоо?
-Хил хамгаалах газраасаа сардаа нэг 600-750 мянган төгрөг авна. Намайг дэмжиж байдаг ах нар маань эм, витамины мөнгө гэж сар бүр өгнө. Шигшээ багийн цалин 388 мянган төгрөг, АПУ ХХК-иас 400 гаруй мянган төгрөг авдаг. Хуучныг бодвол бидэнд мөнгө зориулах ёстой юм байна гэдгийг төр засаг болон иргэд ойлгоод эхэлсэн шүү.
-Инчёны Азийн наадмаас алтан медаль хүртэж боксын спортын түүхэнд нэгэн шинэ мөрийг бичсэн. Тэрхүү тэмцээнийхээ сониноос хуваалцахгүй юу. Монголчууд маш их баярласан шүү дээ?
-Инчён надад их элэгтэй газар юм болов уу гэж боддог. 2011 онд Азийн аваргаас мөнгөн медаль авч байлаа. Хүмүүс маш сайхан хүлээж авсан. Фэйсбүүкээр хэдэн мянган лайк, сэтгэгдэл үлдээгээд л. Эх орондоо ирэхэд онгоцны буудал дээр тосч аваад л. Ер нь тэмцээнд оролцоод зорилгоо биелүүлээд медаль аваад эх орондоо ирэх тэр үеийн мэдрэмж хамгийн гоё шүү. Би 2013 оны ДАШТ дээр Бразилийн тамирчинд илт луйвардуулчихаад нэг амлалт өгч байлаа. Тэр нь 1974 оноос хойш өдийг хүртэл авч үзээгүй байгаа Азийн наадмын алтан медалийг ирэх жил би заавал авна гэж хэлж байсан. Түүндээ хүрч чадсандаа маш их баяртай байгаа. Хүний итгэлийг алдахаас өөр том ялагдал байхгүй шүү дээ.
-Д.Отгондалай маань ямар мэргэжилтэй билээ?
-Гаалийн мэргэжилтэй. Гадаад худалдаа болон гаалийн удирдлага гэсэн мэргэжлээр Зохиомж дээд сургуулийг төгссөн. Ирэх намраас үргэлжлүүлээд барилгын чиглэлээр сурна гэсэн бодолтой байгаа. Залуу хүн өөрийгөө цаг ямагт хөгжүүлж байхгүй бол хурдацтай хөгжиж буй энэ үед бусдаасаа хоцорчих гээд байна шүү.
ДОРНОДЧУУД БИД НЭГДЭЖ ЧАДАХ ЮМ БОЛ ХААНА Ч ТЭРГҮҮЛЭГЧ НЬ БАЙЖ ЧАДНА
-"Дорнод аймгийн манлайлагч 100 залуу” арга хэмжээнд уригдаж оролцож байна. Уг арга хэмжээний ач холбогдлыг юу гэж харж байгаа бол?
-Өнөөдөр "Дорнодын манлайлагч 100 хүн” гээд улс төр, бизнес, урлаг, спортын гээд салбар бүртээ тэргүүлж яваа шилдэг 100 залуус чуулж байна. Энэхүү арга хэмжээнд уригдаж ирээд байгаадаа баяртай байна. Миний харж байгаагаар энэ арга хэмжээний ач холбогдол нь энэ олон залуучуудыг хооронд нь танилцуулж, биднийг нэгтгэж байгаа явдал юм. Монгол хүн төрсөн нутаг усаа цаг ямагт сэтгэл зүрхэндээ тээж явдаг учиртай. Тиймээс Дорнод аймгаа хөгжүүлэх гэгээн үйлсийн төлөө нэгдмэл байгаарай гэсэн утгыг илэрхийлж байгаа юм болов уу.
-Танай аймгаас энэ цаг үед гялалзаж яваа ямар залуус байна. Мэдээж та бол спортын салбарт тэргүүлэгч нь шүү дээ?
-Баярлалаа. Би өөрийнхөө чадах чинээгээр өөрийгөө дайчилж яваа. Урлагийн салбарт яг одоо ид гялалзаж яваа хүн бол дуучин П.Баярцэнгэл байна. Алдартай уяачид, бизнесийн төлөөлүүд ч бий.
-Спортын салбарт эсвэл бусад салбаруудад аймгийнхаа төлөө хийж бүтээх юмсан гэж боддог зүйл байдаг байх?
-Дорнод аймгаа хотын дайтай аймаг болоосой гэж хүсч, мөрөөддөг. Зав л гарвал нутагтаа очих дуртай. Залуу хүн учраас бодсон зарим зүйлүүд ч байгаа. Цаг нь болохоор хийгээд явна даа. Гэхдээ дааж давшгүй том зүйл бодоод шаналаад яваад байх хэрэггүй. Зүгээр л энгийн жаахан сэтгэл л байхад болно. Жишээлбэл нутгийнхаа төлөө өөрийнхөө боломжоороо хандив өргөх хэрэгтэй.
-Энэ хавар хуурайшил ихтэй байна. Хээрийн түймэр зүүн аймгуудыг нэлээд сандаргаж байгаа. Та түймрийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст зориулж хандив өргөсөн. Энэ талаар сонирхуулахгүй юу?
-Дорнод аймгийн хэд хэдэн сум түймэрт өртөөд байна. Би хэрвээ тэмцээн уралдаангүй байсан бол очоод тэр галыг нь хэдэн өдөр ч хамаагүй унтраалцах байсан. Харамсалтай нь зав зай маань болохгүй юм. Тэгээд далайд дусал нэмэр гэгчээр нутагтаа зориулж өөрийнхөө хэмжээнд бага зэрэг хандив өргөлөө. Манайхан хандив гэхээр л хэдэн зуун сая гэж ойлгодог. Тийм биш л дээ. Хэрвээ надад тэр боломж нь байсан бол сая, саяаар нь нутагтаа зориулна даа.
Бидний урилгыг хүлээн авч, сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа. Өмнөө тавьсан том зорилго, нутгаа хөгжүүлэх их үйлс болон боксын спортод өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Бэлтгэсэн:
Г.Лхагва
Я.Аранжинбаатар
Zaluu.com

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих