Мэргэжлийн боксын хамтарсан бэлтгэл хийхээр өнгөрсөн сарын 1-нд Америк улсыг зорьсон олимп, дэлхийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирлээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Таныг "Мэргэжлийн бокст тулалдахаар Америк руу явлаа” гэх мэдээлэл гарсан. Та энэ тухай хэвлэлд мэдээлэл өгөөгүй санагдана?
-Би өнгөрсөн сарын 1-нд Америк руу яваад өнгөрсөн баасан гаригт Монголдоо буулаа. Тэндэхийн хот болгон мэргэжлийн боксын клубтэй юм билээ. Миний очсон газарт Мексик, Америкийн боксчид бэлтгэл хийж байсан. Би тэдэнтэй 25 удаагийн хамтарсан бэлтгэл хийсэн юм. Тэр клубт хүнд жингийн ганцхан дэлхийн аварга байсныг эс тооцвол ихэвчлэн залуу боксчидтой. Харин би мэргэжлийн боксын рингэнд тоглох талаар хараахан шийдээгүй байна. 2016 оны олимп миний гол зорилго хэвээрээ. Түүнчлэн дахиад дэлхийн аваргад хүч үзэх бодолтой байгаа. Түүний дараа л мэргэжлийн боксын рингэнд тулалдъя гэж бодож байна. Одоохондоо мэргэжлийн бокс руу орох гэж яарахгүй байна.
-Өнгөрсөн дэлхийн аваргаас эхлэн сонирхогчдын боксын дүрэм шинэчлэгдэж, боксчид толгойны хамгаалалтгүй тулалдах болсон. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Алма-Аты хотноо болсон дэлхийн аваргын тэмцээнд би бэлтгэл муу хийснээсээ болж дийлдсэн.
-Дүрмийн өөрчлөлт таны тоглолтын ур чадварт нөлөөлөөгүй хэрэг үү?
-Дүрмийн өөрчлөлт ганц надад ч гэлтгүй бүх боксчдод арга барилаа өөрчлөхөд хүргэсэн. Урьд нь онооны эцсийн үнэлгээгээр ялалт авдаг байсан бол одоо бүх үеийн турш жигд тулалдах хэрэгтэй болоод байгаа юм. Миний Америк руу явсан шалтгаан ч үүнтэй холбоотой. Хурдтай тулалдах техник надад үгүйлэгдэж байсан хэрэг.
-Өнөөдөр боксын шигшээ багийнхан Казахстан улсад зохиогдох тэмцээнд мордоно. Та оролцох уу?
-Би тэдэнтэй хамт явахгүй ч хэд хоногоос Казахстаныг зорино. Харин тулалдах эсэхээ шийдээгүй байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих