Монгол түмний шүтээн болсон адуун сүргийнхээ тоо толгойг 1291-д хүргэсэн Дорнод аймгийн Сэргэлэн сумын хоёрдугаар багын малчин Н.Даваахүү"Адуучин 2015” тэмцээний үеэр хамгийн олон адуутай малчнаар тодорсон юм.
- Адуун сүргийнхээ тоо толгойг өсгөж, мянга давуулсанд танд баяр хүргэе?
- Баярлалаа. Өнгөрсөн жил 1290 толгой адуу тоолуулж, МУ-ын хамгийн олон адуутай хүнээр шалгарсандаа баяртай байна.
- Хэдэн жил адуу маллаж байгаа вэ?
- Манайх 50 гаруй азарга адуутай. Би 1995 онд наймдугаар анги төгсөөд л мал дээр гарч адуугаа өсгөсөн. Ганц адуу гэхгүй таван хошуу малаа адгуулж явна аа.
- 50 азарга адууг хэдэн хүн маллах вэ?
- Хоёроос гурван адуучин л маллана даа. Олон сайхан залуучууд манай адууг адгуулж байсан. Олондоо Гангаа хэмээн алдаршсан Ганхуяг, Г.Ганжигүүр, Э.Нямсүрэн, Б.Мягмарсүрэн, П.Бат-Учрал, Энхболд, Ууганбаяр гэх мэтчилэн залуучууд адууг маань өсгөлцөж өдий зэрэгтэй болголоо.
- Адууныхаа тоо толгойг өсгөхөөс гадна чанаржуулах тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ?
- Араб, Англи азарга авсан. Мөн нутгийн сайн сайн угшлаас авлаа.
-Морь уяна биз?
-Энэ олон адуунаас уяж сойхгүй бол адууны заяа гомдох байлгүй дээ. Уг нь ч манайхан морь мал уядаггүй улс л даа.
-Уяа эвтэй, морь хурдан байна уу?
- 7 сарын 6,7-ны өдрүүдэд манай сумын наадам болж, азарга, хязаалан айрагдууллаа. 2010 оны аймгийн уяачдын холбооны уралдаанд миний хүрэн азарга айргийн гуравт хурдалсан.
-Адуугаа хаагуур хариулдаг юм бэ?
- Манай нутаг тал хээр болохоор адуу өсөж үржихэд хамгийн тохиромжтой газар. Надаас өөр адуу өсгөж үржүүлж байгаа олон сайхан адуучид бий. Энэ дашрамд Сэргэлэнчүүдэдээ, Монголынхоо нийт ард түмэнд түүхт 94 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.
- Ярилцсанд баярлалаа. Халуун хошуут, бүлээн дэвсгэрт малын буян заяа түшиг.
А.Энхжил
www.Todmagnai.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих