Цөмийн
энергийн газрын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн өнөөдөр болсон ээлжит
хурлаар шар нунтгийн талаар үнэн зөв мэдээлэл, ойлголтыг олон нийтэд
өгөх талаар хэлэлцлээ.
Мөн тус хурлаар Цөмийн энергийн тухай хуулийн 28.9-д заасан Төрийн санд мөнгөн хөрөнгө байршуулах заалтын дагуу дэлхийн ураны зах зээлд тэргүүлэгч байр эзэлдэг орнуудын туршлага, жишиг ямар байдаг, хэдий хэмжээний мөнгөн хөрөнгийг ямар журмаар байршуулдаг талаар мэдээлэл солилцов. Санал солилцсон эрдэмтэд өөрсдийн саналаа нэгтгэн зөвлөмж гаргах асуудлуудыг хэлэлцэн ойрын үед тодорхой шийдвэр гаргахаар болов.
Өнөөдөр хүн төрөлхтөний аж амьдрал, хөгжил зөвхөн эрчим хүчнээс хамааралтай. Дулааны цахилгаан станцууд дэлхийн нийт дулаан, цахилгааны бараг 60 хувийг хангадаг ч тэр хэмжээгээр "Дэлхийн дулаарал”-ыг үүсгэж, цаг уурын өөрчлөлтөд муугаар нөлөөлсөөр байна. Иймд НҮБ-аас хүлэмжийн хийг ялгаруулахыг хориглосон Монреалын болон Киотогийн гэрээ, хөтөлбөрийг дэлхийн бүх улс оронд дагаж хэрэгжүүлэхийг хатуу шаардаж байгаа.
Уг аюулыг мэдэрсэн БНХАУ-д цөмийн эрчим хүчний реактор 26-г барьж байгаа, цаашдаа 74-ийг барихаар төлөвлөжээ. Тэгвэл Энэтхэг долоог барьж байгаа, 56-г төлөвлөсөн, ОХУ 10-ыг барьж, 14-ийг төлөвлөсөн, АНУ, Япон, БНСУ, Англи, Франц, Канад ч мөн л адилхан нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Вьетнам хоёрыг барихаар ОХУ, Японтой хамтраад байгаа. Арабын Эмират улс 1400 МВт чадалтай 4 реактор 2020 онд ашиглалтад оруулах тухай 40 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээг БНСУ-тай байгуулаад ажилдаа оржээ. Энэ мэт 40 улс шинээр АЦС байгуулахаар захиалснаас 10 улс өмнө нь нэг ч цөмийн ректоргүй байсан юм.
Монголчууд бидний ихэд эмзэглэж байгаа ураны хор хөнөөлийн талаар болон шар нунтаг гэгч юу болох талаар Цөмийн судалгааны төвийн салбарын эрхлэгч, профессор Г.Хүүхэнхүүгээс тодрууллаа.
"Ураныг анх шавар эдлэлийг пааландах, шилэн эдлэлд өнгө оруулах, гэрэл зургийг тодруулах будагч бодист ашигладаг байжээ. Одоо ч энэ хэрглээ нийтлэг хэвээрээ байна. Харин цөмийн технологийн хэрэглээ нэмэгдэж ураны хэрэгцээ өссөн. Өнөөдөр цөмийн технологийг сансар судлал, ХАА, Уул уурхай, эмнэлэг, эрүүл ахуй, гоо сайхан, хөнгөн үйлдвэр гэх мэт хүний амьдралын эргэн тойронд ашиглаж байна. Уран нь дэлхийн цардас бүрхүүлийн хэмжээнд алтнаас 400 дахин, мөнгөнөөс 20 дахин их тархалттай, далай тэнгис, рашаан булаг, газрын доорхи ус, нүүрс болон зарим чулуулагт тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг мөнгөлөг өнгөтэй металл юм. Харин шар нунтаг нь ураны хүдрээс боловсруулан гаргаж авсан ураны исэл агуулсан химийн нэгдэл. Ураны ислийн төрөл, агуулга, уусгагч уусмал, хатааж буй температураас хамаарч өнгө нь шар, улбар шар, хар ногоон, хар бараан өнгөтэй байдаг. Монгол Улс ураныг шар нунтаг хүртэл боловсруулж экспортлохоор Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ураныг шар нунтаг хүртэл боловсруулах нь цөмийн түлш үүсгэх, цөмийн хаягдал бий болгох үйл явц биш юм. Өөрөөр хэлбэл зөвхөн олборлосон ураны хүдрийг баяжуулж шар нунтаг болгох үйл явц гэж болно. Шар нунтгийг шууд цөмийн реакторт ашиглаж болдоггүй. Юуны өмнө хийн төлөвт хувиргаж баяжуулсаны дараа л ураныг бий болгоно. Нэг кг баяжуулсан уран 170 тонн нүүрстэй тэнцэх хэмжээний эрчим хүч гаргадаг. Өндөр хөгжилтэй орнууд цөмийн эрчим хүчнээс татгалзахгүй байгаа нэг гол шалтгаан ердөө л энэ.” гэв.
"Хортой, аюултай” хэмээн бидний айдаг "Шар нунтаг”-ийг бусад улс орон өндөр үнээр авъя хэмээн булаацалддаг нь үнэхээр ашигтай, хямд эрчим хүч гаргах түүхий эд гэдэгт байгаа хэрэг. Харин бид маш өндөр хяналтын дор хатуу дүрэм, журам, хуулийн хүрээнд ураныг шар нунтаг хүртэл боловсруулах шаардлага тулгарч байна.
Цөмийн энергийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.9-д "” Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, цөмийн болон цацрагийн ослоос сэргийлэх үүргээ биелүүлэх баталгаа болгон Төрийн санд мөнгөн хөрөнгө байршуулна” гэж заасан. Тус хуулийн 28.10-д "Энэ хуулийн 28.9-д заасан мөнгөн хөрөнгийн хэмжээг нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд,хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд учирч болох эрсдлийг харгалзан цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, байгаль орчны болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захригааны төв байгууллагын хамтран гаргасан саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заажээ.
Үүний дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 79 тоот захирамжаар Сангийн яам, БОНХЯ болон Цөмийн энергийн газраас төлөөлөл оролцсон Ажлын хэсэг байгуулжээ. Уг санг бүрдүүлэх, зардлыг нь тооцох аргачлал байхгүй байгаа учраас үүнийг боловсруулахад төрийн байгууллагууд болон эрдэмтэн судлаачдын санал, судалгаа чухал ач холбогдолтой байна. Ажлын хэсгийнхэн бусад улс орнуудын туршлага, арга аргачлалыг судлаж байгаа юм.
Дашрамд дуулгахад, Монгол Улс цацрагийн тун хэмжигч ухаалаг электрон дозиметртэй болжээ. Дэлхийн улс орнуудад цөмийн технологийн хэрэглээ жилээс жилд эрчимтэй нэмэгдэх болсон. Манай улсад цөмийн технологи нь геологи уул уурхай, анагаах ухаан, шинжилгээ судалгаа, аж үйлдвэр, хүнс хөдөө аж ахуй гэх мэт олон салбарт хэрэглэгддэг. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд цацрагтай ажиллагсдын тоо 4 дахин нэмэгджээ. Тэгвэл цацрагийн үүсгүүр, цацрагийн үүсгүүр бүхий багаж хэрэглэдэг байгууллагуудад зайлшгүй шаардлагатай электрон дозиметрийг бид ашиглаж эхэллээ. Цөмийн энергийн газраас уг багажийг маргааш Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хавдар судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр эмнэлэгийн цөмийн онош зүйн тасаг, МУИС-ийн Цөмийн судалгааны төв, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Шүүхийн шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлэгийн үндэсний хүрээлэн, Мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори хүлээлгэн өгнө. 420 ам.долларын үнэтэй DoseRAE 2 ухаалаг багажтай болсноор цацрагтай ажиллагч хэр хэмжээний тун авч байгааг шууд мэдэх давуу талтай юм.
Д.Өлзий МОНЦАМЭ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих