Монгол Улс усны нэгдсэн тооллогыг орон даяар дөрвөн жилд нэг удаа явуулдаг. 2011 оны тооллогын нэгдсэн дүнгээс харахад 551 гол горхи ширгэж, 9000 гаруй булаг шандны 2000 орчим нь усгүй болсон харамсалтай дүн мэдээ гарсан байдаг. Тэгвэл Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд хуурай газраас булаг ундарчээ. Одоо энэ булаг 2 км гаруй урсаж, хүн малыг ундаалж байна. Энэ булаг анх наймдугаар сарын 15-нд ундарч эхэлжээ. Сарын хугацаанд 1 км гарантай урссан бол өнөөдөр 2 км гаруй урсаад байгаа юм. БОНХАЖЯ-ны шинжээчдийн дүгнэлтээр цагт 20 тн ус ундарч байгаа нь тогтоогджээ. Нутгийн иргэд булагаа ойролцоох уул, усных нь нэрийг түшиглэн Шивээтийн шар модны булаг гэж нэрлэсэн байна.
Түүнчлэн 30 метрийн зайд дахин ус ундарч эхэлжээ. Ундарга нь нэмэгдэж, урсаж эхэлвэл голдрилоороо энэ хоёр булаг нийлнэ. Тэгвэл одоо урсаж байгаа голын усны хэмжээ ихсэж, малын тарга тэвээрэгт сайнаар нөлөөлж, бэлчээр талхлалт багасна гэж малчид үзэж байна. Дэлгэрэх сумын Аманшанд баг 82 мянган толгой малтай. Үүний 40 гаруй мянган мал нь энэ булагийн ойр орчмоор бэлчээрлэдэг.
Аманшанд багт булаг гараагүй байсан бол малчдад хэд хэдэн гүний худаг шаардлагатай байсан. Говьд гүний худаг гаргахад 80-140 м гүн ухах болдог байна. Төсөв санхүүгийн хувьд ч 20-25 сая төгрөг шаардлагатай байдаг аж.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих