Шалгалтыг Орон нутгийн өмчийн албаны ахлах мэргэжилтэн Г.Мөнхцэцэг, мэргэжилтэн М.Гансүмбэр нар Хэрлэн сумын ИТХ-ын ажлын албаны дарга Т.Болд, өмчийн мэргэжилтэн Г.Энхээ, эдийн засгийн бодлогын хорооны гишүүд болох П.Оюундэлгэр, Б.Батзул нарын хамт аймгийн төвийн 11-н цэцэрлэг, 9-н ерөнхий боловсролын сургууль, 3-н өрхийн эмнэлэг, нийт 23 төсөвт байгууллагыг хамрууллаа.
Шалгалтаар Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, хандив тусламж, бусад эх үүсвэрээр бий болсон хөрөнгүүдийг санхүүгийн тайлангийн бүртгэл, жилийн эцсийн өмчийн статистик мэдээллийн маягтуудын хөтлөлттэй нь тулгаж, мөн акталсан болон данснаас хасагдсан хөрөнгүүдийг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоол, холбогдох шийдвэрийн биелэлтийн хамт газар дээр нь танилцан фото зургаар баримтжуулав. Актлагдсан хөрөнгүүдийг татан төвлөрүүлэх, устгалд оруулах талаар зааварчилгаа чиглэл өгч ажилласан.
Дээрх байгууллагуудын Өмч хамгаалах байнгын зөвлөлийн ажил байдалтай танилцахдаа зөвлөлийг хэрхэн байгуулах, ямар албан тушаалтныг оролцуулах, цаашид яаж, ямар журам чиглэлээр ажиллах талаар холбогдох хууль, тогтоол журмын дагуу зөвлөгөө өгч ажиллалаа. Өмч хамгаалах байнгын зөвлөлийн ажил ихэнх байгууллагуудад хангалтгүй, шаардлагын хэмжээнд ажиллахгүй байгааг анхааруулан, хамгийн сайн идэвхтэй ажиллаж байгаа 10-р цэцэрлэг, 11-р сургуулиудаас туршлага судлан ажилдаа мөрдлөг болгохыг үүрэг болгов.
Үндсэн болон эргэлтийн хөрөнгийн хадгалалт хамгаалалт, эзэмшилт ашиглалтын байдлыг хөрөнгийн картжуулалт, коджуулалттай нь уялдуулан шалгахад ихэнх байгууллагууд шаардлагын түвшинд хийгээгүй, эд хариуцагчийн үүрэг хариуцлагыг тодорхой болгоогүй нь шалгалтын явцад илэрснийг анхааруулан эд хариуцагчдын эрх үүргийн дүрмийг баримтлан гэрээний дагуу ажиллахыг даалгав. Тухайлбал, Хөрөнгийн картжуулалтыг хийхдээ нягтлан бодогчийн санхүүгийн программ дээр байгаа кодыг үндэслэн эд хариуцагч тус бүр дээр хөтлөн, үндсэн хөрөнгө болон эргэлтийн хөрөнгөөр салгаж хариуцуулан харилцан гарын үсгээр баталгаажуулахыг, харин хөрөнгийн коджуулалтад эд хөрөнгийн нэр, марк сери дугаар, үнэ, ашиглалтад орсон огноо, эд хариуцагчийн нэр зэрэг мэдээлэл байх талаар байгууллагуудын эрхлэгч, захирал, нягтлан бодогч, нярав, Өмч хамгаалах зөвлөлийн гишүүдэд заавар зөвлөгөө өглөө.
Тухайн байгууллагын эдэлбэр газар, түүний эрхийн баталгаажилт, нийтийн эзэмшлийн байгууламжийн тохижилт, хөрөнгийн бүртгэлийн байдалтай танилцахдаа мөн л картжуулахыг зөвлөж, нийтийн эзэмшлийн байгууламж болох явган хүний болон автомашины бетон, асфальтан зогсоол, хашаа хайс, тоглоомын болон биеийн тамирын талбай, мод бут сөөг, жимс жимсгэнийн бутыг хэрхэн яаж бүртгэлд тусгах, хэн хариуцах, ямар журмаар эд хариуцагчдад хариуцуулах талаар чиглэл өгч ажилласан.
Барилга байгууламжийн болон тээврийн хэрэгслийн хувийн хэргийн хөтлөлтийн байдалтай танилцаж, заавар зөвлөмж өгөв.
Өмч хамгаалах зөвлөл болон байгууллагын удирдлагуудад Төрийн өмчийн хорооны 2009 оны "Өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн журам батлах тухай” 232 тоот,ТӨХ-ны 2012 оны 44 тоот "Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгө олж авах, худалдах, шилжүүлэх, актлах журам батлах тухай”, Засгийн газрын 2005 оны 233 дугаар "Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход баримтлах хугацаа, жилд байгуулах элэгдлийн хэмжээ батлах тухай” тус тус тогтоолуудыг мөрдлөг болгон ажиллахыг үүрэг болгов.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих