Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өнөөдөр АТГ-т Дорнод аймгийн удирдлагуудыг шалгуулах тухай хүсэлтээ хүлээлгэн өгчээ. Тэрээр Халхголоос хөөгдөх шахам буцсаныхаа дараа Халх гол сумын ИТХ-аас 2009 оны дөрөвдүгээр сарын 13-нд 100 хувь Солонгосын хөрөнгө оруулалттай "Хансоломо” компанид 25966 га газрыг хууль бусаар өгсөн тухай баримт дэлгэсэн.
Энэхүү баримтад дурьдагдсанаар сумын ИТХ-ын дарга Ц.Насанхүү, тэргүүлэгч Л.Энхтөр, Д.Дулмаа, Ч.Дүдлийнамжил, М.Уртнасан нар "Халх голын ялалтын ойн өдрийг тохиолдуулаад Засаг даргаар тогтоол гаргуулъя, цаашид гэрээгээ тав, 10 жилээр сунгаж ажиллахад татгалзах зүйлгүй” хэмээж газар эзэмшүүлэх эрхийг өдөрт нь гаргаж өгсөн аж. Гэвч энэхүү хууль бус шийдвэр нь 2011 онд илэрч ИТХ-ын даргаар Н.Буяндэлгэр томилогдсон тус хууль бус шийдвэрийг цуцалжээ. Гэвч Солонгосчууд 25966 га талбайг ашиглах эрхийг Үйзэн тал, Цог Октаэдр, Ашдын нөхөр гэсэн гурван компанид шилжүүлсэн байгаа аж. Газар эзэмших эрх авсан компаниуд нь ч хэдхэн хоногийн дараа эрхээ дахин өөр компаниудад шилжүүлсэн байна. Тодруулбал, Үйзэн тал компани 14232 га талбайгаа Голденсояа, Нью-Ариг-Ус компанид хуваан худалджээ. Цог Октаэдр компани нь 6917 га талбайн эзэмших эрхээ Хожуулын эх компанид тус тус дамлан худалдсан аж.
Үүнээс гадна Халх гол сумын одоогийн Засаг дарга В.Мөнхтайван Хадлангийн талбай түрээслэх нэрийдлээр 6000 гаруй га талбайг хууль бусаар эзэмшүүлсэн баримт сөхсөн. Тухайлбал, Хятадын хөрөнгө оруулалттай "Соёмбо буудай” компанид 1621 га талбайг "Үйзэн тал” компанид эхлээд долоон мянга, сүүлд 14 мянга га талбайг эзэмшүүлжээ. Энэ мэтээр тус сумын удирдлагууд газар нутгаа хууль бусаар зарж, худалдсан байж болзошгүй үйлдлийг АТГ-д шалгуулахаар өгсөнөө Р.Бурмаа танилцуулсан юм.
dornod.netТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих