Монголын Хөрөнгийн бирж гэж өрөвдөлтэй гэмээр дампуу газар байна аа.
Уг нь ТҮЦ-ний хэмжээнд арилжаа хийдэг Хөрөнгийн биржийнхээ үйл
ажиллагааг өргөтгөж, дэлгүүр, захын хэмжээнд арилжаа хийдэг болгохоор
2011 оны дөрөвдүгээр сарын 7-нд Төрийн өмчийн хороо, "Лондоны хөрөнгийн
бирж групп” ХХК, "Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн хооронд Стратеги
хамтын ажиллагааны мастер гэрээг гурван жилийн хугацаатай
байгуулсан.
Хугацаа нь энэ долоо хоногт дуусч байгаа бөгөөд Английн талаас
хамтын ажиллагааны дүгнэлтээ хийх гээд хүрээд ирэхэд Монголын талаас энэ
ажлыг дүгнэх эзэнгүй сууж байна.
Энэхүү гэрээний дагуу Монголын Хөрөнгийн биржид "Миллениум Ай-Ти”
систем суурилуулах ажил хийгдсэн ч үр дүн гараагүй. Тэгээд Хөрөнгийн
биржийн хөдөлж ядсан үйл ажиллагааг идэвхжүүлэхэд Хөрөнгийн зах
зээлийн тухай хууль л чөдөр болж байна хэмээн үзэж, уг хуульд нэмэлт
өөрчлөлт оруулаад энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн.
Гэвч хүсэн хүлээсэн хууль нь хэрэгжээд долоо хонож байхад Монголын
Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, дэд захирал Р.Саруул нар
халагдах өргөдлөө өгөөд нэгдүгээр сарын дундуур суудлаа орхиод одсон.
Тэдгээр залуус "бид хийх ажлаа хийчихсэн учраас явж байгаа юм” хэмээн
хэвлэлээр тайлбарлаж байгаа ч цаана нь өөр шалтгаан байгаа нь тодорхой.
Чухам яагаад Хөрөнгийн биржийн захирлууд хүсэн хүлээж байсан торгон мөч
нь ирж байхад гэнэт ажлаа өгөх болов.
Үүнийг улстөрийн шахаа байсан гэж харах хүн байхад Монголын Хөрөнгийн
биржийн суусан завь зүг чигээ алдсан учраас онгоцны ахмадууд амиа
бодоорой гээд зугтаж байгаа юм гэсэн өнцгөөс ч харах хүн олон байна. Мөн
хөрөнгийн биржийн удирдлагууд өөрчлөлт шинэчлэлтээр далимдуулж 14.2
сая ам.доллар үрэн таран хийсэн үү гэх асуудал гарч ирнэ.
Хөрөнгийн биржийн 6.3 сая ам.долларын өр хэзээ, яаж төлөгдөх нь тодорхойгүй байна
"Лондонын хөрөнгийн бирж групп” ХХК-тай хамтран хэрэгжүүлсэн төслийн
нийт санхүүжилтийг Засгийн газраас 14.2 сая ам.доллараас хэтрэхгүй
байхаар төсөвлөж, 2011 оны улсын төсвөөс 7.4 тэрбум төгрөг буюу 5.26 сая
ам.доллар олгож, төслийн ажлыг эхлүүлсэн байдаг.
Харин үлдэгдэл санхүүжилт болох 8.7 сая ам.долларыг арилжааны
банкуудаас зээл авч төлөхөөр болж, нэр бүхий зургаан банктай "Хамтын
санхүүжилтийн гэрээ” байгуулан, 1.68 сая ам.долларын зээл авсан
байна. Ингээд төслийн хэмжээнд 2011-2012 онд нийт 6.94 сая
ам.долларын зарцуулалт хийгджээ.
Харин өнгөрөгч гурван жилийн хугацаанд дээрх "Миллениум Ай-Ти” систем
суурилуулах ажлын төлбөр болон арилжааны банкуудаас авсан зээл,
түүний хүүг төлж байжээ. Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн бирж 6.3
сая ам.долларын өртэй байгаа юм. Чухам энэ өрийг яаж төлөх, Монголын
Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа, нэр хүндийг хэрхэн сайжруулах вэ гэдэг
нь тодорхойгүй байна.
Иргэдийн итгэлийг сэргээх шилдэг бүтээгдэхүүнээ гаргах хэрэгтэй
Монголын Хөрөнгийн бирж "Миллениум Ай-Ти” систем суурилуулахаас өмнө
120-200 сая төгрөгийн арилжаа хийдэг байсан. Гэвч өдөрт дунджаар 20 сая
төгрөгийн арилжаа хийж буй шинэ систем манай хөрөнгийн биржид таарч
тохирохгүй байгаагийн шинж гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.
Нөгөө талаараа хөрөнгийн зах зээлийн хөгжилд иргэд, олон нийтийн
оролцоо маш чухал байдаг. Гэтэл манай улс энэ тал дээр тэг заачихаад
байгаа нь нууц биш.
Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээлд итгэх иргэдийн итгэл аль 22 жилийн
өмнөөс хөсөр хаягдаж ирсэн гэсэн үг. Тодруулбал Монголд хөрөнгийн зах
зээл хөгжиж эхлэх үед иргэдэд цэнхэр, ягаан тасалбар гээчийг тарааж
өгсөн.
Тэр үед тасалбар буюу хувьчлалын хувьцааны ид шидийг үзсэн хүн
ховор. Овсгоотой нэг нь амжилттай ажиллаж байсан үйлдвэрүүдийг зогсоож,
үр ашгийг нь хувьцаа эзэмшигчиддээ тараасан ч юмгүй өөрийн өмч болгоод
авсан.
Дараа нь Монголын уул уурхай "моод”-нд орох үед нүүрсний гол ордыг
эдийн засгийн эргэлтэд оруулж буй "Эрдэнэс таван толгой” компанийн нийт
хувьцааны 20 хувийг ард иргэддээ эзэмшүүлнэ. Нэг иргэнд 1072 ширхэг
хувьцаа ногдож байна гээд 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө сүр дуулиантай
зарлаж байсан ч одоог хүртэл тэрхүү хувьцаа нь чимээ аниргүй болчихоод
байгаа.
Энэ байдлаараа үргэжилвэл Монголын Хөрөнгийн бирж дампуурахаас өөр
замгүй. Харин иргэдийн итгэлийг сэргээх шилдэг бүтээгдэхүүн гаргах
аваас энэ салбарт өндийж ирэх нэг боломж харагдаж байгаа юм.
Засгийн газар, Монголбанк зөвхөн банкны салбараар дамжуулж эдийн
засгийн бодлогоо хэрэгжүүлдэг. Тухайлбал банкинд мөнгөө хадгалуулбал
төр 100 хувийн баталгаа гаргадаг. Орон сууцжуулах хөтөлбөр, "Дэлхийн
банк”, "Азийн хөгжлийн банк” гэх мэт байгууллагаас хэрэгжүүлж буй бүх
төслийн мөнгийг банкаар дамжуулдаг.
Монголбанкнаас арилжааны банкууддаа хөнгөлөлттэй зээл олгодог.
Дээрээс нь банкуудын хадгаламжийн хүү жилд дунджаар 18 хувь байдаг. Ийм
нөхцөлд хөрөнгийн биржид итгэж, энэ зах зээлд хөрөнгө оруулах хүн ховор
байхаас аргагүй.
Тиймээс ядаж Засгийн газар бондоо Монголын Хөрөнгийн биржээр
арилжаалах, "Хөгжлийн банк” мөн гадаадын хөрөнгийн биржүүдэд гаргаад
байгаа бондоо дотоодынхоо биржээр давхар арилжих гэх мэт хөрөнгө
оруулагчдын анхаарлыг татахаар чанартай бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй.
Мөн улстөрийн хүрээнд хоёр хөрштэйгээ зөвшилцөж "Эрдэнэс Таван толгой”
ХХК-ийн дэд бүтцийг сайжруулж "IPO” гаргах ажлыг яаралтай хийх нь
Монголын хөрөнгийн биржийн ганц итгэл найдвар болоод байна.
Д.Баяржаргал
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих