2012 оны аравдугаар сараас Хүний хөгжлийн сангаас хишиг хувь болгон хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгож эхэлсэн юм. Ирэх оноос хүүхдийн мөнгийг зөвхөн Монгол Улсын өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 1-17 бүлэгт багтсан айл өрхийн 823 мянга гаруй хүүхдэд олгохоор шийдвэрлээд буй. Энэ талаар Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дарга Ц.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
-Хүүхдийн мөнгө олгох журамд өөрчлөлт оруулжээ. Тэгэхдээ хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгоно гэж байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-Монгол Улсын өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 1-17 бүлэгт багтсан айл өрхийн 823 мянга гаруй хүүхдэд хүүхдийн мөнгө олгохоор шийдвэрлэсэн. Энэ тоог бүлэгг хувааж үзэхэд бүх хүүхдийн 85 хувь нь хүүхдийн мөнгө авч, үлдсэн 15 хувьд нь мөнгө олгогдохгүй. Өөрөөр хэлбэл, ирэх оноос зорилтот бүлэгт хамрагдсан айл өрхийн хүүхдүүдзд мөнгө олгогдоно гэсэн үг. Үүнийг тооцоолон гаргахдаа өнгөрсөн 2013 оноос эхлэн Нийгмийн халамж үйлчилгээний газраас нийт 712 мянган өрхийн2.3 сая иргэнийг хамруулсан юм. Ингэхдээ өрх бүрийн өдөр тутам, сарын хэрэглээнд суурилар 1000 хүртэлх оноогоор үнэлгээ өгч, 20 бүлэгт хувааж эрэмбэлсэн. Тодруулбал, өрхүүдийн хэрэглээн дээр тулгуурлан жагсаатг хийсэн. Үүнд 1-17 бүлэгт зорилтот бүлэг, 18-20 бүлэгт
амьжиргааны төвшин дээгүүр гэсэн ангилалд багтаасан. Хэрвээ та дээрх бүлгийн алинд нь хамрагдсанаа мэдээгүй бол хороо, сум, аймаг, дүүргийнхээ нийгмийн халамжийн хэлтэс, мэргэжилтэнд хандаж тодруулах боломжтой. Мөн та амьжиргааны бүлгээ хүлээн зөвшөөрөхгүй, өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаатай санал нийлэхгүй бол харьяа дүүргийнхээ нийгмийн халамж, үйлчилгээний төвд дахин өргөдөл гаргаж, өрхийн амьжиргаагаа нягтлуулах боломжтой.
-Иргэд асуух байх. Өрхийн амьжиргааны төвшинг яаж тодруулаад байгаа юм бол гэж. Тухайлбал, нэг нь ажилтай, нөгөө нь ажилгүй тохиолдолд аль амьжиргааны төвшинд хамрагдах бол?
-Монгол Улсын Өрхийн мэдээллийн нэгдсэн санд иргэдийг амьжиргааны төвшингөөр нь бүлэгт хуваан ангилсан. Энд нэгдсэн сангийн программ гэж бий. Уг программ иргэдийн амьжиргааны төвшинг программчилан гаргаж байна. Үүнд хэн нэгний нөлөө байхгүй, гар ажиллагаа ч байхгүй. Өөрөөр хэлбэл тухайн программ иргэдийн амьжиргааны төвшинг гаргаж байгаа гэсэн үг. Түүнээс хэн нэгэн хүн орж танайх ийм их орлоготой юм байна хүүхдэд чинь мөнгө өгөхгүй ээ, танайх ядуу амьдралтай юм байна хүүхдэд чинь мөнгө өгнө гээд байгаа хэрэг биш. Тиймээс хэрвээ зарим эцэг эх хүүхдийн мөнгөө авъя гэсэн хүсэлтэй байгаа бол дахин судалгаанд хамрагдаж болно. Судалгааны багийг манай газраас томилон явуулж газар дээр нь очиж бодит байдлыг шалгана. 18-20 бүлэгт хамрагдсан иргэдийн хувьд амьжиргааны төвшин дээгүүр гэсэн ангилалдаа багтаж байгаа гэж ойлгож болно.
-Ирэх онд хүүхдийн мөнгөнд хэчнээн төгрөгийг төсовлөсөн бэ?
-2015 оны нэгдүгээр сарын байдлаар 1 сая 27 мянга орчим хүүхдэд хүүхдийн мөнгө олгожээ. 2015 оны төсөвт тус арга хэмжээнд зориулан 240 тэрбум төгрөг тусгаж байв. Харин 2016 оны төсөвт 144 тэрбум төгрөг баталсан нь өнгөрсөн оны төсвөөс 40 хувиар буурсан үзүүлэлт юм. Хүүхдийн мөнгөнд зарцуулах төсвийг бууруулсантай холбоотойгоор УИХ-аас 103 дугаар тогтоол гаргаж, өрхийн амьжиргааны түвшний 20 бүлгийн 1-17 бүлгийн өрхийн 0-18 насны хүүхдэд олгохоор шийдвэрлээд байна.
В.САРАНТУЯА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих