Кубын нийслэл Хавана хотноо 2016 оны анхны жүдо бөхийн Гран при ангиллын тэмцээн өчигдөр орой эхэллээ. Энэ удаагийн Хаванагийн Гран прид дэлхийн 66 орны эрэгтэй 233, эмэгтэй 155, нийтдээ 388 жүдоч өрсөлдөж байгаа юм. Харин манай улсаас эрэгтэй 5, эмэгтэй 3 жүдоч Кубын татамид гарна.
Тэгвэл өчигдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын барилдаанууд боллоо. Манайхаас 60 кг-д энэ жилийн улсын аварга Ц.Цогтбаатар, 52 кг-д А.Цолмон нар барилдсан. А.Цолмонгийн хувьд энэ удаагийн Гран прид тун давгүй барилдаж, хүрэл медаль хүртлээ.
Манай бөх эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Аргентины бөх Оритиа Гонзалесыг буулгаж авсан бол хэсгийн аваргын төлөө Италийн Одеттег барсангүй. Гэвч торгуулын тойрогт Израйлын Рони Счвартзыг ялж, хүрэл медалийн төлөө Португалын Жоана Рамосыг буулгаж авснаар медалийн тавцанд зогссон юм.
Тэгвэл Ц.Цогтбаатар гуравдугаар тойрогт Азербайжаны Орхан Сафаровтай барилдсан ч цагийн төгсгөлд базари үнэлгээ алдаж, ялагдсанаар тэмцээнээ дуусгасан юм.
Н.Болд

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14251
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих