Узбекстаны нийслэл Ташкент хотод жүдо бөхийн гранпри тэмцээн болж
өндөрлөлөө. Уг тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй 14 тамирчин
оролцсоноос 10 нь медалийн тавцанд зогссон сайхан амжилтыг үзүүллээ.
Тодруулбал, гурван алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж багийн
дүнгээр тэргүүн байр эзэлжээ. Рио де Жанейрогийн олимпийн эрхийн оноо
өгөх тус тэмцээнд 42 орны-300 орчим жүдоч өрсөлдсөн юм. Монголын баг
тамирчдын тухайд эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин алтан медаль хүртэж
хамгийн түрүүнд төрийн дууллаа эгшиглүүлсэн. Тэрээр уг тэмцээнээс долоо
хоногийн өмнө Астанагийн татамигаас мөнгөн медаль аваад байв. Тэгвэл 73
кг-ын жинд гавьяат тамирчин С.Ням-Очир түрүүлжээ. Түүний хувьд
Астанагаас хүрэл медаль зүүсэн билээ.
Харин Астанагаас хоосон хоцорсон олон улсын хэмжээний мастер Б.Тэмүүлэн алдаагаа засч Ташкентын гранприд аваргалав. Узбекстан, Унгар, ОХУ, Австрийн бөхчүүдийг дараалан ялж алтан медалийн тавцанд зогссон түүний хувьд 2014 оны тэмцээн уралдаанаас анхны алтан медалиа авсан нь энэ.
Үүнээс гадна эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Алтансүх мөнгөн медалиар энгэрээ мялаалаа. 73 кг-ын жинд аваргын алтан медалийн төлөө Монголын хоёр шилдэг жүдоч барилдаж С.Ням-Очирын ялалтаар өндөрлөсөн. Харин мөнгөн медалийг Х.Цагаанбаатар авчээ. Түүний хувьд Астанагаас хүрэл медаль хүртсэн юм. Астанад алдаатай барилдаан хийж медальгүй үлдсэн олон улсын хэмжээний мастер Г.Хэрлэн, О.Ууганбаатар нар Ташкентаас хүрэл медаль авсан. Тэгвэл эмэгтэйчүүдийн хувьд 52 кг-ын жинд отон улсын хэмжээний мастер А.Цолмон мөнгөн медалийн эзэн болов. Энэ жинд гавьяат тамирчин М.Бундмаа барилдсан ч хоёрдугаар тойрогтоо ялагдал хүлээжээ. Астанад түрүүлсэн олон улсын хэмжээний мастер Г.Отгонцэцэг Ташкентаас хүрэл медаль хүртлээ.
Уг тэмцээний онцлох тамирчин бол яах аргагүй олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзаяа байлаа. Хэсэг хугацаанд их спортоос хөндийрөөд байсан тэрээр жүдогийн ертөнцөд дахин ирснээ Ташкентын гранприд зарлав. Тэрээр анхны тэмцээнээсээ хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ. Хоёр цуврал тэмцээнээс нийт 15 медаль хүртсэн Монголын жүдочид өнөөдөр эх орондоо ирнэ. Манай тамирчдын оролцох дараагийн тэмцээн нь Абу Дабигийн гранприд юм.
Б.МӨНХЗУЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих