"Шинэ томилгоо ” булангийнхаа зочноор аймгийн ЭМГ-ын дарга Х.Хуланг урьж ярилцлаа.
-Юуны өмнө Танд энэ өдрийн мэнд хүргэе?
-Баярлалаа. Танай сониноор дамжуулан Дорнод нутгийн зон олондоо энэ сайхан өдрийн мэндийг хүргэе.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач.
-Би 1987 онд Анагаах ухааны Их сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд Улаанбаатар хотын Сэтгэцийн клиникийн эмнэлэгт их эмч, тасгийн эрхлэгчээр 1994 он хүртэл ажилласан. 1994 оноос УБТЗамын төв эмнэлэгт сэтгэц, наркологийн кабинетад эрхлэгч эмчээр, 2000 оноос Нийслэлийн Наркологийн эмнэлгийн даргаар 14 жил ажиллаж байгаад энэ албанд томилогдож ирсэн. Манай аав Сүхбаатар аймгийн Халзан сумынх, ээж маань Цагаан-Овоогийнх. Багадаа аав, ээжийнхээ нутгаар их ирдэг байлаа.
-Тэгэхээр Дорнод нутаг таны хувьд огт таньж мэдэхгүй газар биш байх нь. Энэ албанд томилогдохыг хэн нэгэн танд санап болгов уу?
-Ээжийн минь тоонот. Ах, дүү, төрөл төрөгсөд маань энэ нутагт ажиллаж, амьдарч байна. Тэр утгаараа надад их ойр. Энэ албанд томилогдохын тухайд гэвэл, ЭМЯ-наас санал болгосон. Миний хувьд ЭМЯамны төрийн жинхэнэ албан хаагчийн хүний нөөцөд бүртгэлтэй байсан. Тэгээд яамнаас надад Дорнод аймгийн ЭМГ-ын даргаар ажиллах саналыг тавьсан. Би ч дуртай хүлээж авсан. Яагаад гэхээр нэгд огт таньж мэдэхгүй газар биш. Хоёрт гэвэл, сурсан мэдлэг, олсон туршлагаа нутгийн олондоо зориулъя гэсэн чин сэтгэл байсан.
-Шинэ хамт олон хэрхэн хулээж авав, ар гэрээ төвхнүүлж амжсан уу?
-Төвхнөж л байна. Манайх ам бүл дөрвүүл. Хоёр хүүхэд өрх тусгаарласан, нөхөр маань УБТЗ-ын худалдааны албанд орлогч даргаар ажилладаг. Шинэ хамт олон намайг сайхан хүлээж авсан. Должин даргын хувьд олвн жил ажилласан туршлагатай сайн дарга байсан байна. Ажил нь жигдэрсэн газарт ирсэндээ баяртай байгаа.
-Ажлаа юунаас эхлэв, эн түрүүн анхаарал татсан ямар асуудал байна?
-Мэдээж, ажилд шинээр томилогдсон хүн ажил байдалтайгаа эн түрүүн танилцсан. Хийх ажлын төлөвлөгөөгөө ерөнхийд нь гаргасан. Үндсэн гурван чиглэлд түлхүү анхаарч ажиллана гэсэн бодол байна. Энэ жилийн хувьд манай аймаг архигүй аймаг болох зорилт тавьсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд миний мэргэжил туршлага их ойрхон санагдсан. Мөн ЭМЯ-наас үндэсний хэмжээнд эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан. Мөн манай аймаг халдварт өвчлөл, архины хэрэглээгээрээ улсын дунджаас дээгүүр байдаг юм байна. Эдгээр асуудал дээр илүүтэй анхаарч ажиллана даа.
-Аймгийн ЭМГ гэдэг бол тухайн орон нутгийн хүн амын эрүүл мэндийг бодлогоор зангидаж байдаг газар. Энэ утгаараа хөдөөгийн сумдын эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагаанд хэрхэн анхаарч ажиллах вэ?
-Сумдын эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүд аймгийн Эрүүл мэндийн газрын харьяанд байдаг. Энэ утгаараа ЭМЯ, ЗГ-аас бодлогын түвшинд гарч байгаа гол ажлыг хэрэгжүүлэх объект нь сумд. Тэгэхээр сумдынхаа Эрүүл мэндийн төвтэй нягт улдаа холбоотой ажиллах нь бидний гол үүрэг. Тиймээс тэдэнтэй хэрхэн хамтарч ажиллах талаар таныг орж ирэхийн өмнөхөн бид хуралдаж хэд хэдэн шийдэлд хүрлээ. Үйл ажиллагааны хувьд бичиг цаас явуулах, мэдээ тайлангаа авч, өгөх ажил хийгдэж байгаа ч өдөр тутам холбогдоод байж тэр бүр чаддаггүй. Тиймээс сумдтай теле хурлын түвшинд биш юмаа гэхэд интернетээр байнга холбогдож байх бодолтой байна. Энэ асуудлыг шийдэхэд техник тоног төхөөрөмж, хөрөнгө мөнгө мэдээж хэрэгтэй. Ажлаа аваад удаагүй байгаа учир сумдаар тойрч амжаагүй байгаа болохоор яг ямар асуудал тэдэнд тулгамдаж байгааг одоогоор хэлж чадахгүй байна.
-Сумдын эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлэг гэдэг бол иргэдэд хамгийн түрүүнд хүрч үйлчлэх ёстой газар шиг санагддаг. Гэтэл байдал эсрэгээрээ байгаагаас аймгийн БОЭТ-ийн оочер дугаар гүйцэгдэхгүй, хүндрэл чирэгдэл байнга гардаг. Магадгүй анхан шатны эмнэлгүүдэд ажиллаж байгаа ажилчдын чадвар, мэдлэг иргэдийн тэдэнд итгэх итгэл зэрэгтэй холбоотой байх. Энэ тал дээр таны бодол?
-Яах аргагүй сумдын эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлэг гэдэг бол иргэдэд анхан шатны үзлэг оншлогоог үзүүлдэг газар. Энэ утгаараа үйл ажиллагаанд нь ихээхэн анхаарах хэрэгтэй байдаг. Иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж \’йлчилгээ хамгийн түрүүнд өрх, сумдын эмнэлгүүд байх ёстой. Гэтэл манайд байдал эсрэгэээрээ байгаа нь үнэн. Тиймээс энэ асуудал дээр хаа хаанаа анхаарч ажиллана.
-Ажлаа аваад аймагтайгаа танилцаж байхад анхаарал татаж байгаа асуудал юу байх юм?
-Халдварт өвчин, архины хэрэглээ гээд хэд хэдэн анхаарал татсан
асуудал байна. Мөн манай аймгийн иргэдийн дундаж наслалт улсын дунджаас
доогуур байгаа нь анхаарлын төв дэх гол асуудлын нэг. Зэргэлдээ
Сүхбаатар, Хэнтий аймагт дундаж наслалт 69-70 байхад манай аймгийнх
наслалт 65, тэр дундаа эрэгтэйчүүдийн наслалт 62. Тэгэхээр энэ асуудал
дээр тогтож ажиллах нь зүйтэй. Янз бүрийн статистик суурь судалгаанууд
хийгдэж байна. Энэ бүгдээс харахад нас баралтын гол шалтгаан нь зүрх
судасны эмгэг, осол гэмтэл гэж харагдаж байна. Зүрх судасны эмгэг, осол
гэмтэл гэдэг нь нөгөө л амьдралын буруу хэвшил, архи дарсны буруу
хэрэглээтэй холбоотой. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт анагаах
ухааны хүрээлэнтэй хамтран иргэдийнхээ суурь судалгаа хийнэ гэж
тусгагдсан юм билээ. Энэ бол маш чухал. Яагаад гэхээр бид нотолгоон дээр
суурьласан тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой. Ингэж байж дээрх тулгамдаад
байгаа асуудлуудыг шийдэж чадна.
-Таны хувьд төрийн байгууллагад удирдах албан тушаалыг нэлээдгүй олон
жил хашсан. Ажилдаа баримталдаг гол зарчим, ажилчдадаа тавьдаг
шаардлага?
-Шударга байхыг эрхэмлэдэг, гол зарчмаа болгодог. Удирдлага талаас ч тэр
ажилчдын зүгээс ч шудрага байх ёстой. Мөн ажлыг төлөвлөлттэй хийх,
хийсэн ажилд нь хяналт тавихыг зарчим болгодог. Ингэхээр төрийн ажил аль
аль талдаа хурдан шуурхай явдаг. Эмх цэгцгүй, төлөвлөлтгүй,
хяналтгүйгээр ажил явна гэж байхгүй.
-Хэтийн төлөвлөгөө ихл байгаа байх. Гэхдээ ойрын үед ажил хэрэг болгох зүйлүүдээ дурдвал?
-Аймгийн ЗД-ын мөрийн хөтөлбөрт манай эрүүл мэндийн салбарт хийгдэхээр тусгагдсан ажил, Эрүүл мэндийн газраас үйл ажиллагааны төлөвлөгөө гээд гарчихсан. Энэ дагуу хийх олон ажил байна. Манай аймгийн хувьд эмийн бөөний 3 төв байдаг юм байна. Эдгээр төвүүдээр үнэлгээ хийхээр орсон. Мөн зарим нэг эмийн сангаар иргэн хүний хувьд үйлчлүүлсэн. Эндээс ажиглаж байхад иргэд маань эмийг талх шиг худалдаж авч байна. Эмийн сангууд ч ингэж зарж байна. Тэгэхээр иргэдэд эмийн зохистой хэрэглээг бий болгоход эмийн сангууд эхний алхамыг тавих ёстой. Нэгдүгээрт тухайн эмийн сангийн ажилтан мэргэжлийн эм зүйч хүн байх шаардлагатай. Хоёрдугаарт жоргүйгээр иргэдэд үйлчлэхгүй байх. Мөн тухайн эмийнхээ талаар маш сайн мэдлэгтэй байх хэрэгтэй. Зүгээр нэг талх зарж байгаа юм шиг 500, 1000 гээд өгөөд байх биш. Тухайн эмийнхээ эерэг болон сөрөг нөлөө, орц найрлагын талаар хэлж ойлгуулах ёстой. Дэлхий нийтээрээ эмийг биш эрүүл мэндийг шүтэж амьдрахыг уриалж байна. Тиймээс манай байгууллагын зүгээс 4 дүгээр сарын 1-ээс нарны гүйлтийг иргэдийнхээ дунд зохион байгуулж эхэлсэн. Цаг агаар цаашид дулаараад ирэхээр нарны дасгал хийхээр төлөвлөөд байна. Иргэдийн дунд эрүүл зан үйл, дадал хэвшлийг бий болгох нь бидний нэн тэргүүний ажил. Мөн ЭМГ-ынхаа байранд залуу эцэг, эхчүүдэд зориулж эсэн мэнд амаржахуйн кабинет нээсэн. Иргэд энд ирж үйлчлүүлэх, зөвлөгөө авах бүрэн боломжтой. Мөн манай аймагт 21 жилийн дараа 3 ихэр хүүхэд төрсөн. Тэднийгээ хүлээж авах ажлыг зохион байгууллаа. Дашрамд хэлэхэд 3 ихэр хүүгээ эрүүл өсөхөд нь ээлтэй хандаж 2 өрөө байр өгөхөд сэтгэлийн болоод эдийн засгийн дэмжлэг үзүүлсэн аймгийн ЗДТГ, харьяа байгууллагууд, компани, хувь хүмүүст хамт олныхоо өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
-За баярлалаа. Таны болон танай хамт олны цаашдын ажилд амжилт хүсье.
Б.ТУЯАМАА
Дорнод сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих