Энэ сарын 26-нд буюу өчигдөр "Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин нэвтрүүлгээ түр хугацаанд хийхгүй болсноо албан ёсоор зарласан. Тиймээс бид яагаад, ямар шалтгаанаар нэвтрүүлгээ түр хугацаанд түтгэлзүүлж байгаа талаар нь түүнээс тодруулсан юм.
-"Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээ хийхгүй болсон шалтгаан нь юу вэ?
-Нэвтрүүлгийн тусгай дугаарт бэлтгэсэн "нууц” дүрс бичлэг алдагдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж "том” бүлэглэлийн хийсэн гаднын нөлөөтэй хэрэг биш гэж үзсэн. Тиймээс тус хэрэг шийдэгдтэл санаачлагчийн хувьд "Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээ түр хугацаанд түтгэлзүүлж байна.
-Нэвтрүүлгээ хэдий хэр хугацаанд зогсоох вэ?
-Хуучин хийсэн нэвтрүүлгүүд телевизүүдээр цацагдах байх. Харин шинээр хийгдэх "Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг бол Монгол Улсын оюуны өмчийн хуулиар зохицуулагдана. Би бол хууль ёсны өмчлөгч нь.
-Бичлэг алдагдсанаас хойш нэвтрүүлэг хийгдсэн үү?
-Бичлэг алдагдсанаас хойш нэвтрүүлгийн анхны бүрэлдэхүүнээрээ нэвтрүүлэг хийгээгүй.
-Цагдаагийн байгууллагын зүгээс бичлэг алдагдаагүй гэх дүгнэлт гаргасан. Та ямар байр суурьтай байгаа вэ?
-Би өөрөө хууль цагдаагийн байгууллага биш учраас тэдний өмнөөс хариулах надад эрх зүйн боломж байхгүй. Бичлэг алдагдсаны дараа би сэтгүүлч Б.Ганчимэгт ярилцлага өгч байсан. Уг ярилцлагын үеэр надаас бай нь хэн байсан бэ гэж асууж байсан. Би бодсоор л байна. Тийм учраас энэхүү асуудал шийдэгдэх хүртэл "Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг түр хугацаагаар түдгэлзүүлж байна.
-Б.Баатар найруулагч та хоёрын дунд үл ойлголцол үүссэний улмаас өнөөдрийн энэ байдал үүссэн гэх хардлага бий. Та энэ асуудалд ямар нэг хариулт өгөөч?
-Дүрс бичлэг гарснаас хойш хоёр дугаарыг "Херо энтертаймент”-ийнхэн хийсэн гэж бодож байна. Хоёрдугаарт анхны бүрэлдэхүүн ажиллаагүй. Б.Баатар бид хоёрын дунд хувийн харилцаа байсан гэж битгий гуйвуулаасай.
-Тэгэхээр Х.Баттулга гишүүн "Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг хоёр ч удаа хөтөлсөн нь хууль зөрчсөн гэсэн үг үү?
-Хөтлөгчийн хувьд хатуу тогтсон зүйл байхгүй. Оюуны өмчийн хуулийн дагуу санаачлагч, үндэслэгчтэй зөвлөлдөн тохиролцсоны дагуу хийх ёстой байсан. Хэрэв ингэж зөвшилцөж чадвал хэн нэгэн сэтгүүлч "Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг хөтөлж болно.
-Б.Борхүү гуайг санаачлагч гэх мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?
-Б.Борхүү гуай "Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч биш.
-Хэдхэн хоногийн өмнө таны нөхөр А.Эрдэнэбат мэдээлэл хийсэн. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Ямар хүн эр нөхрийгөө, алаг үрсийнхээ аавыг шүүмжлэх билээ. Намайг нөхрийгөө шүүмжилсэн мэтээр харагдуулсан нь хэвлэлийнхний алдаа байсан. Бусад зүйлийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Дашрамд хэлэхэд, миний гэр бүл улсын гэрэл гэгээ, хөгжил цэцэглэлт, оюун санаанд хөрөнгө оруулалт хийхийн төлөө л өөрсдийн байгаа хүч чадамж, оюунаа зориулж ирсэн гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Т.Гэрэл

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих