Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшин ялалт байгуулсан Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нарын гишүүнчлэлийг өчигдрийн МАН-ын бага хурлаар сэргээлээ. Тус хурлаар шинэ гишүүд Бага хурлын гишүүнээр сонгогдсоноос гадна Ц.Даваасүрэн гишүүн Удирдах зөвлөлд багтжээ. Энэ талаар бид УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас дараахь тодруулгыг авсан юм.
– Таныг МАН-ын гишүүнээр элссэн гэх мэдээлэл авлаа. Чухам яагаад энэ намд элсэх болов гэдгийг олон нийт их сонирхож байна.
– Намд элссэн гэхээс илүү намын гишүүнчлэлийг сэргээсэн гэх нь зөв байх. Өчигдөр Ц.Даваасүрэн гишүүн бид хоёр МАН-ын бага хурлын үеэр гишүүнчлэлээ сэргээж, улмаар бага хуралд сонгогдсон. Бие даагч биднийг намдаа элсээч гэх хүсэлтийг УИХ-д ажиллаж эхэлсэн цагаас хойш эрх баригч, сөрөг хүчний нам эвслийн аль аль нь тавьж ирсэн юм. Нэгэнт бид ард түмнээсээ нам бусаар бие дааж сонгогдсон хүмүүс. Олонхи болсон улстөрийн хүчнүүдийн алдаа дутагдлыг хараад эвлэрэх ёсгүй л дээ. Иймээс бие даагч бид 3-уулханаа гэлтгүй сөрөг хүчний үүргийг боломжийн хэмжээнд гүйцэтгэж, иргэдийн дуу хоолойг илэрхийлж ирсэн гэж үзэж байгаа.
Энэ хугацаанд парламентад сөрөг хүчин байсан МАН-тай зарим тохиолдолд санал нийлж, хамтран тэмцэх үе ч байсан. Ингээд МАН-аас улс орны эрх ашиг, байгалийн баялаг, иргэдийн нийгмийн асуудал гэх мэт тодорхой чиглэлээр байр сууриа нэгтгэе гэсэн санал тавьж урьсны дагуу бид 2 ярилцаад МАН-ын гишүүнчлэлээ сэргээсэн юм.
– Та хоёрыг намын харъяалалд орчихоод хайрцагт баригдах болов уу гэсэн хардлага байна л даа
– Намд элслээ гээд амаа үдүүлнэ гэсэн үг биш. Бид өнгөрсөн 4 жилд уул уурхай, ашигт малтмалаа гадныханд хэтэрхий мөлжүүлсэн хууль тогтоомж гаргадаг, гэрээ хэлцэл хийдэг байдлыг эсэргүүцэж, харилцан ашигтай, хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх, байгалийн баялгийг улс орон, олон түмэндээ хүртээмжтэй байлгахыг үндсэн зорилго, чиг баримжаа болгон ажиллаж ирсэн. Энэ зарчмаасаа өчүүхэн ч ухрахгүй. Харин ч нам доторх эрүүл, алсын хараатай хүмүүстэй хүчээ нэгтгэн ажиллах болно.
Дахин хэлье. Хэдийгээр бид намд орсон ч Монгол улсын том эрх ашиг номер нэгд байна. Намын, бүлгийн, хувийн эрх ашиг бол хойшоо, хоёрдугаарт байна гэж хэлэх байна даа.
dfact.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих