Хөлбөмбөгт үнэнхүү дуртай таван настай Афган жаалын мөрөөдөл биелж, өөрийн бишрэн шүтдэг хөлбөмбөгчин Лионел Месситэй уулзжээ.
Бидний нэрлэдгээр хогны хэмээх тодотголтой цэнхэр уутаар хөлбөмбөгчний өмсгөл хийж өмссөн ядуу тосгоны бяцхан жаалын зураг интернет орчинд тархаж, бүгдийн хайр өхөөрдлийг төрүүлж мөн хувцас муутай балчир жаалыг өрөвдөж байлаа. Түүнийг Муртаза Ахмади гэх бөгөөд Барселона багийн шилдэг тоглогч Лионел Мессигийн "улаан фен”. Үргэлж л хөлбөмбөг, хөлбөмбөгчний өмсгөл гэж шаардах хүүгээ өрөвдсөндөө эцэг нь торон уутаар хувцас хийж мөрөөдлийг нь биелүүлсэн нь "Месси 10” хэмээх өмсгөл байсан юм.
Түүний зураг цахим сүлжээгээр нэг тархаж, Лионел Мессигийн сонорт хүрч, тэрбээр хүүд өөрийн гарын үсэгтэй футболк бэлэглэж байсан ч биечлэн уулзах боломж олдоогүй байсан юм.
Харин шинэ он гарахаас өмнө "бяцхан Месси” жинхэнэ Месситэй уулзсан нь эгээ шинэ жилийн уут дүүрэн бэлэг мэт байсан бизээ.
Барселончууд "2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгуулах Катар улсад хүрэлцэн ирээд байгаа бөгөөд тус улсын Аль Ахли багтай нөхөрсөг тоглолт хийжээ. Тус тоглолтын үеэр Муртаза Ахмади хүүг Месситэй уулзуулжээ.
Анх бяцхан Муртаза хүүг дэлхий нийтээр таньдаг болсон тухай эцэг нь хөршөөсөө сонсож байжээ.
Ядуухан аж амьдралтай учир телевиз байхгүй гэнэ.
Муртаза хүүгийн уутаар хийсэн өмсгөлтэй зургийг Австралид цагаачилсан хамаатных нь хүн цахим сүлжээнд оруулснаар хүүгийн мөрөөдөл биелсэн түүхтэй.
И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: www.zone.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих