
Гэхдээ анзаарч харвал "Шударга ёс” эвслээс гарч буй, бүлгийнхээ шийдвэрийг эсэргүүцэж байгаа нь МҮАН-ын нөхдүүд байгаа юм. Тухайлбал, Ц.Цолмон гэнэт МҮАН-аас гарч, МАХН-ыг сонгож бүлэг дотроо шилжилт хөдөлгөөн хийсэн. Энэ бол бас л хувь улстөрчийн улстөрийн нүүдэл. Ямар ч хүн дампуурч байгаа байгууллагт ажиллаж, хэзээ дампуурахыг нь харж суухгүй. Өөр сонголт хийж л таарна. Хийхдээ хаана, ямар ажилд орвол ирээдүйтэйг харах нь мэдээжийн хэрэг. Тэгэхээр энэ улстөрийн бүлэглэлд ийм л зүйл болж байна.
МҮАН-ын гишүүн Г.Уянга ч бүлгийнхээ шийдвэрийг байнга эсэргүүцдэг. Ер нь бүлгээс татгалзахад бэлэн байгаагаа шууд бус утгаараа сануулсаар байгаа. Ингээд Д.Батцогт гишүүний татгалзал зэргээс харахад М.Энхсайханаар удирдуулсан МҮАН үүдээ барьж мэдэхээр харагдаж байна. Үүнийг олон салаа мөчрөөр тайлбарлаж болох юм. "Шударга ёс” эвслийн бүлгийн бодлого шийдвэр буруу яваад байна уу. МАХН, МҮАН хоёрын гишүүд хоорондоо муудалцаад байна уу. Ерөөсөө М.Энхсайхан гэдэг хүн угшил нэгтнүүдтэйгээ тохироо хийж, намтайгаа ажиллахаа больчихов уу. Эсвэл Н.Энхбаяр МҮАН-ын гишүүдийг дотроос нь хаглаад байна уу. Бүр эсвэл хувь улстөрчид тэртээ тэргүй цааш явахгүй бүлэглэлээс эртхэн шиг нэрээ татаад байна уу гээд олон асуудал хөндөгдөх байх.
Хамгийн сүүлд энэ бүлэглэлээс татгалзаад байгаа Д.Батцогтын хувьд "Сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандаагүй. Олон учир шалтгааны улмаас ийм шийдвэр гаргахад хүрсэн. Өөрийн бодол өөртөө зөв. Гол нь надад итгэл үнэмшлээ өгч, аливаа асуудалд шударга, зарчимч байр сууринаас хандаасай гэж сонгогчид намайг сонгосон байх. Цаашид өөрийн итгэл үнэмшлийн дагуу хэлэлцэж байгаа хуулийн төсөлд байр сууриа илэрхийлээд, саналаа өгөөд явна” гэсэн нь өнгөн талаасаа ихэд шударга дүр эсгэхийг хичээсэн ч цаад талдаа амин хувиа хичээж, хувь улстөрчийн тоглолт руу нэг хэсэг шилжихээ шуудхан хэлчихжээ. Тэр яаж ч бодсон бие даан улстөрд тоглолт хийхгүй. Аль аль талаараа зангараг нь хол дутна. Тэгэхээр аль нэг намын бүлэглэлийг сонгох нь гарцаагүй. Яахав, улстөрийг бүр орхино гэж байгаа бол ганцаарчилсан тоглолт хийгээд азаа үзэж болох.
Юутай ч бидний дээр дэвшүүлсэн таамгуудын аль нь ч байж болох. Гэхдээ ихэнх нь аль ч талаараа нийцэж байгаа нь хачирхалтай. М.Энхсайханы хувьд магадгүй, намтайгаа ажиллахгүй тал байж болох. Үүнийг нь Н.Энхбаяр ч хөөрхөн далимдуулж суугааг ч үгүйсгэх хэрэггүй. Хамгийн гол нь олон жил албан тушаалын бараа хараагүй М.Энхсайхан суудлын төлөө юугаа ч наймаалцахаас буцахгүй байгаа нь ийнхүү намынхаа үүдийг барихад хүргэж байж магадгүй.
С.Баяр

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2165
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих