Семинарыг нээж Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат үг хэлэв.
Тэрээр Засгийн газар бүрэн эрхээ бүтэн хэрэгжүүлэх анхны жил эхэлж байна. Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар болон Засгийн газрын бүтцийн бүх гишүүд, ажилтан албан хаагчид батлагдсан төсөвтөө багтаан үр дүнтэй ажлуудыг харилцан уялдаа холбоотой хэрэгжүүлэхээс гадна, тансаглалаас татгалзаж, төсвийн үрэлгэн байдлыг халахын төлөө үлгэр жишээ ажиллах ёстой гэлээ.
Эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх "Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөр боловсруулсан. Хөтөлбөрийн хүрээнд энэ онд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Оюутолгойн далд уурхайн төсөл, Тавантолгойн төсөл, Гацууртын алтны ордны төсөл, Тавантолгойн цахилгаан станц, Дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх зэрэг томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлж байна.
65-аас дээш настай ахмад настанууддаа "Насны хишиг” тэтгэмж олгох, их, дээд сургуульд суралцагч оюутнуудад "Боловсролын зээлийн сан”-аас сургалтын зээл олгох зэрэг хөтөлбөрүүдийг оны эхнээс хэрэгжүүлэх боломжтой боллоо.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөр болон 2017 оны төсвөө батлуулан шинэ оныхоо ажилд ороод байна. Эдгээр ажлын үр дүнд бидний үйл ажиллагааны чиглэл, хийх ажлын төлөвлөгөө улам тодорхой болж байна. Мөн салбарын сайд бүртэй гэрээ байгуулж байгаа явдал нь хариуцлагын зарчмыг Засгийн газар улам чангатгаж, сахилга батаа сайжруулахын төлөө хийж байгаа алхам юм.
Энэ онд бидэнд бага зардлаар илүү их үр дүнд хүрэх амаргүй сорилт тулгарч байна. Төсвийн хэмнэлтийг Засгийн газар, орон нутгийн удирдлагууд өөрсдөөсөө эхлэх ёстой. Төсвийн сахилга бат шат шатандаа алдагдсанаас эдийн засгийн хямрал, санхүүгийн зуд нүүрлэсэн. Үүнийг цэгцэлнэ. Хөрөнгө оруулалтын тухай асуудлыг 2017 оны батлагдсан төсвийн хүрээнд ярилцана гэдгийг анхаарах хэрэгтэй гэлээ.
Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар хоёр өдөр үргэлжлэх бөгөөд төгсгөлд нь Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар хамтран ажиллах тухай гэрээ байгуулж баталгаажуулах юм

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих