Монгол Улсын Засгийн газар Энэтхэгийн Засгийн газартай хэлэлцээр хийж, Экспорт-импорт банкны тусламжаар газрын тос боловсруулах үйлдвэр болоод хүнд үйлдвэрийн бодлогыг дэмжин ажиллах зөвшилцөлд хүрсэн. Энэ талаар УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн газрын бодлогын дарга Б.Баатарсүхтэй ярилцлаа.
-Манай улс Энэтхэгийн Эксим банкны хөрөнгө оруулалтаар газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зөвшилцөлд хүрлээ. Энэ зээл, тусламжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Энэтхэг улсын Эксим банкны нэг тэрбум долларын хөрөнгө оруулалтаар анх төмөр зам, дэд бүтцийн чиглэлд хөрөнгө оруулахаар тохиролцсон байсан. Хоёр орны хооронд хийсэн энэхүү гэрээ хэлэлцээрт өөрчлөлт оруулах асуудал яригдаж, манайх хөрөнгө оруулалтынхаа зориулалтыг өөрчилж, хүнд үйлдвэрт хөрөнгө оруулалт авах нь зөв гэж үзээд, саналаа явуулсан. Манай улсын хувьд тус хөрөнгө оруулалтаар Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдсэн.
-Зээлийн санхүүжилт хэзээнээс олгогдохоор болсон бэ?
-Яг хэзээнээс олгогдож эхлэх гэхээсээ хоёр тал хэр хурдан ажиллахаас шалтгаална . Учир нь зээл олгогдох процесс нэлээд урт хугацаанд явагддаг юм байна. Одоогоор энэ процесс хэвийн явагдаж байгаа.
-Яамнаас ямар ямар үйлдвэр ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна вэ?
-Засгийн газрын хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт орсон дөрвөн том үйлдвэрийн төсөл бий. Ашиглалтанд оруулах нь нилээд урт хугацаа шаардана.
-Дархан Сэлэнгийн бүсэд хар төмөрлөгийн цогцолбор үйлдвэр
-Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн хар төмөрлөгийн цогцолбор үйлдвэр байгуулах төсөл нэлээд амжилттай явж байгаа. Тус үйлдвэрийн ТЭЗҮ нь ирэх долоодугаар сард эцэслэн бэлэн болох бөгөөд нийт 800 сая долларын хөрөнгө оруулалт шаардагдана. Дарханы төмөрлөгийн үйлдвэр концессын гэрээгээр явагдаж байгаа бөгөөд энэ төслийн хүрээнд 20 мянган тонн давтмал ган бөмбөлөг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтанд өгөх гэж байна.
-Нүүрснээс нийлэг хий үйлдвэрлэх үйлдвэр
-Нүүрснээс нийлэг хий үйлдвэрлэх үйлдвэрийн ТЭЗҮ нь ирэх дөрөвдүгээр сард бэлэн болно. Ингээд хөрөнгө оруулалтаа босгоод явах юм бол бүтээн байгуулалтын ажилд дөрвөн жил шаардагдана. Үйлдвэр 725 сая метр куб байгалийн нийлэг хий үйлдвэрлэх юм. Үйлдвэр ашиглалтанд орсноор Улаанбаатар хотыг утаагүйжүүлэх төсөл бүрэн хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, нийслэл хот маань утаанаасаа бүрэн сална гэсэн үг. Утаа ихтэй үе бол нэгдүгээр сараас тавдугаар сарын хооронд байдаг. Энэ хугацаанд айл өрхийг хэрэглээний нийлэг хийгээр бүрэн хангаад ирэхээр түүхий нүүрс түлэхээ болино. Мөн нийтийн тээврийн автобус, такси үйлчилгээний машинуудыг хийн хэрэглээнд шилжүүлэхээр төлөвлөж байгаа. Ингэснээр агаарын бохирдолгүй (80 орчим хувь буурна) болох юм.
-Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр
-Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр "Оюу толгой”-н уурхайг түшиглэнэ. Тэндээс зэсийн баяжмалаа авч, жилдээ 257 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэнэ. Энэ хэмжээний цэвэр зэс худалдаалснаар 1.9-2 тэрбум долларын борлуулалт хийнэ. "Оюу толгой”-н баяжмал дахь алт, мөнгөө эх орондоо цэвэршүүлээд авах боломж бүрдэнэ.
-Газрын тос боловсруулах үйлдвэр
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжид "Нефть боловсруулах үйлдвэрийг зөвхөн дотоодод олборлосон газрын тосыг боловсруулж үндэсний хэрэглээг хангахаар” заасан байдаг. Манай улс одоогийн байдлаар жилд нэг сая 50 мянган тонн газрын тос олборлож байна. Цаашдаа нэг сая 500 мянган тонн түүхий тос олборлож эхлэх бөгөөд 2040 он хүртэл тогтвортой олборлох юм. Бид Дорнод аймгийн Матад сум буюу 19, 21 дүгээр талбайгаас олборлож байгаа түүхий эддээ тулгуурласан газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Үйлдвэр ашиглалтанд орсноор ойролцоогоор 507 мянган тонн бензин, 670 мянган тонн дизель түлш, 300 мянган тонн онгоцны шатахуун үйлдвэрлэх юм.
Эдгээр үйлдвэрүүд ашиглалтанд орсноор манай улсын эдийн засаг үлэмж сайжирна. Манай яамны зорилгод "Ил тод, хариуцлагатай уул уурхай, хүнд үйлдвэрийг хөгжүүлэх замаар эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулж, эдийн засгийн олон тулгуурт бүтцийг бий болгоход оршино” гэж заасан байдаг. Бид энэ олон тулгуурт эдийн засгийн тэнцвэртэй бүтцийг бий болгож, үр дүнд нь эдийн засаг сэргэж хөгжинө.
-Эдгээр үйлдвэрүүдийн байршлыг харахад томоохон үйлдвэр, түүхий эдийн нөөцдөө түшиглэсэн байна. Харин газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг Дорнод аймгийн Матад сумын ордод түшиглэж байгаа хэрнээ үйлдвэрээ яагаад Дорноговь аймгийн Сайншандад байгуулахаар төлөвлөсөн юм бэ?
-Нэгдүгээрт. Газрын тосны илрэц, ирээдүйд илрэх магадлал нь манай орны зүүн, болон өмнөд нутгаар элбэг байна. Сайншанд нь цаашдын олборлох түүхий эддээ ойр. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээний 80 хувийг төмөр замаа дагасан Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Өмнөговьд хэрэглэж байна. Тиймээс төмөр замаа дагасан, дэд бүтэц, байршлын хувьд давуу.
Хоёрдугаарт. Сайншандыг аж үйлдвэрийн парк болгохоор ус, байгаль орчин, эдийн засгийг судалсан нэлээд сайн судалгаа хийгдсэн байдаг.
Гуравдугаарт. Дорнодоос түүхий эдээ нефтийн хоолойгоор дамжуулж авахаар төлөвлөж байна. Тэгэхээр Сайншанд Дорнодоос 540 гаруй км, өндөршлийн хувьд тохиромжтой байрлалд байдаг гэсэн урьдчилсан тооцоо бий.
Дөрөвдүгээрт. Сайншанд бол хүн ам төвлөрсөн бүс гэдгээрээ мөн давуу талтай учраас тус нутагт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад тохиромжтой гэж үзсэн.
-Нефтийн үйлдвэрийг дагаж 30 гаруй үйлдвэр байгуулагддаг юм билээ. Түлхүү ямар ямар үйлдвэр байгуулна гэсэн прогноз байна вэ?
-Нефть боловсруулах үйлдвэрийг төдийгүй дээр дурьдсан бүх үйлдвэрүүдийг дагасан олон жижиг үйлдвэрүүд бий болно. Тэр дундаа газрын тос боловсруулах үйлдвэрийг дагаад 30 гаруй жижиг үйлдвэр байгуулагдана. Үүнд 151 мянган метр куб LPG , нефтийн коксын үйлдвэр гэх мэт олон үйлдвэр бий. Нефть боловсруулах үйлдвэрт 500-600 хүний ажлын байр шууд бий болох юм.
-Үйлдвэр байгуулснаар манай улсын эдийн засагт онцгой нөлөө үзүүлж буй долларын ханшийн өсөлтийг шууд хязгаарлах хүчин зүйл болно гэж эдийн засагчид дүгнэж байна?
-Бид шатахууны хэрэглээндээ сар бүр ойролцоогоор 40-50 сая ам.доллар гадагшаа урсгаж байна. Оргил үедээ жилд нэг тэрбум 200 сая ам.долларыг зөвхөн нефтийн бүтээгдэхүүнд зарцуулж байсан тоон үзүүлэлт байдаг. Харин газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл явагдаж эхэлснээр мөнгөн эргэлтэд эерэг дүн үзүүлэх төдийгүй долларын ханш хоёр дахин буурна гэсэн прогнозыг зарим эдийн засагчид гаргасан байна лээ.
-Яамнаас үйлдвэр байгуулахад ямар ямар бэлтгэл ажлуудыг хийж байгаа вэ?
-Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн нэгж байгуулах, нэгжийн бүтэц зохион байгуулалтын ажлууд хийгдэж байна. Засгийн газраас гаргасан шийдвэрийг УИХ-аас соёрхон батална. Үүний дараа Засгийн газраас яаманд чиглэл өгсний дагуу үйлдвэрийн төслийн нэгжийг байгуулна. Хоёр орны Засгийн газар хоорондын зөвшилцөл дууссны дараа Энэтхэгийн Эксим банктай харилцаж цаашид тодорхой ажлууд хийгдээд явна .
-"Эдийн засаг солонгоруулах” талаар бид их ярьдаг ч амьдрал дээр хэрэгжихгүй, улс төрийн хоосон амлалт болж байна гэж иргэд шүүмжилдэг. УУХҮЯ-ны зүгээс бодлогын хувьд энэ асуудлыг хэрхэн харж байна вэ?
-Хүнд үйлдвэрлэл хөгжихөөр дагаад ханган нийлүүлэгч буюу тухайн бүтцийг тойрсон ханган нийлүүлэлтийн давхар бүтэц бий болдог. Тэнд ажиллах хүч, түүний орон зай, мөнгөний нийлүүлэлт, эрэлт бий болно. Мөн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болдог. Энэ нь тухайн үйлдвэрийнхээ хэрэгцээг хангаад ирэхээр, тэр үйлдвэрээс улсад орж буй ашгаас 40-50 дахин илүү ашгийг давхар бүтцээс олдог гэсэн олон улсын судалгаа байдаг. Нэг том үйлдвэр бий болоход түүнийг дагасан олон жижиг үйлдвэр байгуулагдаж, эдийн засагт оруулах үр өгөөж нь асар их байна.
-Хоёр хөрш маань нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч орнууд. Тэгэхээр бид зах зээлээ хэрхэн, яаж тодорхойлж байгаа вэ?
-Манайд үйлдвэрлэх шатахуун дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангана. Ингэснээр бид шатхууны импортын хараат байдлаас гарна. Хямд үнэтэй шатахуун хэрэглэх боломжтой болно. Дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурч, валютын үнийн савалгаа байхгүй болно. Манайх үндэсний нефть бүтээгдэхүүнээрээ дотоод хэрэглээгээ тогтвортой хангаж байх нь хамгийн чухал юм. Үнийн судалгааны төсөөллөөр дэлхийн зах зээл дээр баррель нефть 40-65 доллар байхад литр бензинийг 975-1284 төгрөгөөр худалдан авч хэрэглэх боломжтой болно.
-Бүтээн байгуулалтын чухал асуудлаар ярилцсанд баярлалаа. Улс орны эдийн засаг, хөгжилд чухал үүрэгтэй ажилд тань амжилт хүсье.
http://www.times.mn/f/17552/Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих