Монгол Улс байгалийн баялаг газрын тосны ордоороо дэлхийд дээгүүрт жагсдаг. Манай улсад
газрын тосны олборлолтын орд хэдэн хэдэн аймагт байдаг бөгөөд нөөцийн хувьд ч хангалттай бий гэсэн судалгааг мэргэжилтнүүд гаргасан.
Хамгийн гол цөм орд бол Дорнодын Матад сумын нутаг дэвсгэрт газрын тосны 19, 21 дүгээр талбай юм. Мөн түүнээс гадна Дорноговь, Увс, Өмнөговь зэрэг аймгууд газрын тосны нөөцтөй нь тогтоогдож зарим газарт нь хайгуул хийж эхэлсэн байгаа. Гэтэл олборлох орд нь байгаа ч түүнийг түшиглэсэн үйлдвэр барих асуудал шийдэгдэлгүй явсаар хэд хэдэн төрийн нүүр үзсэн байна.
Анх БНХАУ-ын төрийн өмчит "Перто Чайна Дачин” компани 2006 онд Дорнод аймгийн Матад сумын нутагт газрын тосны 19, 21 дүгээр талбайд олборлолт хийх лицензийг Канадын "Соко” компаниас шилжүүлэн авсан байдаг. Засгийн газар хоорондын гэрээнд тус талбайд 25 жил олборлолт хийхээр заасан. Гэрээний хугацаа дууссанаас хойш тус бүр таван жилээр хоёр удаа, нийт 10 жилээр гэрээг сунган ажиллаж болохыг ч тусгасан байдаг.
Бүхэл бүтэн 35 жил бол бүхэл бүтэн хот байгуулах, үйлдвэр барьж амжих цаг хугацаа юм. Ер нь газрын тосыг дагаад хот байгуулдаг дэлхийн жишиг бий. Манай улс тэр жишгийг бий болгох боломж бий. Гэвч 35 жилийн хугацаанд газрын тосны нөөцтэй аймаг сумдыг хөгжүүлэх сэтгэл байгаагүй бололтой. Ядаж энэ олон хугацаанд дотоододоо боловсруулах үйлдвэрийг барих санаа байсангүй. Гэхдээ санаа байхгүй гэж хэлж болохгүй байх. Ойрын дөрвөн жил Газрын тосны үйлдвэр барих асуудал нэлээдгүй яригдсан. Мэдээж хөрөнгө мөнгөний асуудал байсан байхыг үгүйсгэхгүй.
Тэгвэл өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар нэгэн баяртай мэдээг дуулгажээ. Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд "Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр болжээ.
Төслийг БНЭУ-ын банктай тохиролцохыг холбогдох сайд нарт даалгасан байна. Газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр зэрэг үзүүлэлтийг харгалзан Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт энэ үйлдвэрийг барихаар сонгожээ. Дорноговийн Дошингийн талбайд олборлолт хийгээд эхэлсэн бөгөөд тус газрыг сонгосон бололтой. Уг нь гол цөм нөөцтэй гэж яригддаг Дорнодын Матад суманд бариулах шийдвэр гаргаж болоогүй юм болов уу.
Дээрх үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалт 1 тэрбум ам.доллар бөгөөд боловсруулах үйлдвэр 0.7 тэрбум гаруй ам.доллар, газрын тос дамжуулах хоолой 264 сая ам.доллар, жилд 1.2 тэрбум ам.долларын борлуулалт хийн, жилийн 43 сая ам.долларын цэвэр ашигтай, хөрөнгө оруулалтаа 8-10 жилийн дотор нөхнө гэж тооцож байна.
Үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, евро-4,5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.
Төсөл хэрэгжсэнээр Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хүртэл хувиар, боловсруулах аж үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдэх боломжтой. 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирснээр валютын орлого нэмэгдэн, макро эдийн засгийн тэнцвэр хангагдаж, мөнгөний бодлогын орой зай нэмэгдэнэ. Улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар, хураамж хэлбэрээр жил бүр 150 сая ам.доллар төвлөрч, 600 гаруй шууд ажлын байр бий болох юм.
Үйлдвэрийг дагаж будаг, автомашины дугуй, резинэн эдлэл, хуванцар, химий-цэвэрлэгээний материал, үнэртэн гоо сайхан, эмийн зэрэг 30 төрлийн үйлдвэр байгуулагдана гэж Сангийн яам тооцоолсон байна. АМГТГ-ын ашиглалтын хэлтсийн дарга О.Энхбаяраас үйлдвэр барих асуудлаар сарын өмнө тодруулж байхад тэрбээр "1993 онд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнд орон нутгийг хөгжүүлнэ, барилга байшин барина гэсэн заалт байхгүй. Ер нь бол газрын тосыг дагаад хот байгуулдаг нь дэлхийн жишиг.
Гэхдээ манайд ашиглалтын үйл ажиллагаа эхлээд дөрөв, тавхан жил өнгөрч байна. 2017 онд ажилчдын орон сууц барихаар төлөвлөсөн байгаа. "Петрочайна”-гийн хувьд бидний шаардлагын дагуу ажилчдын орон сууц барих ажлыг яаралтай эхлүүлэх гэж байсан ч зураг төслөө хятад хэл дээр гаргасан байсан. Монгол хэл дээр хийх шаардлага тавьснаас энэ асуудал сунжирсан” гэсэн юм. Манай улсад газрын тосны 24 орд бүртгэгдсэнээс Тосон уулын 19, Тамсагийн 21, Дорноговь аймгийн Доншингийн талбайд олборлолт хийгээд эхэлчихсэн. Бусад нь хайгуулын шатандаа явж байгаа. Дээрх гурван талбайгаас жилд олборлох газрын тосны хэмжээ 1 сая тоннд хүрээд байна. Гэхдээ жилд дор хаяж 1,5 сая тонн тос олборлож байгаа нөхцөлд боловсруулах үйлдвэр байгуулах нь ашигтай байдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Удахгүй Галбын 11, Хөхнуурын 18-р талбайгаас олборлолт хийж эхлэх гэж байгаа юм байна.
Тэгэхээр манай улсад газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах бүрэн боломжтой гэж үзсэний үндсэн дээр үйлдвэр барих асуудал шийдэгдлээ.
О.Сайхан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих