Сүүлийн жилүүдэд "Болор цом”-ыг орон нутагт зохион байгуулдаг уламжлалтай болсон. Энэ жил Дорнод аймагт зохион байгуулсан бөгөөд хэн түрүүлэх бол гэсэн хүлээлт яруу найраг сонирхогчдын дунд байсан. Харин энэ жилийн наадамд Борхүүгийн Батсайхан "Тэр эмэгтэй” шүлгээрээ тэргүүн байр эзэлсэн билээ. Гэвч тэргүүн байрын шүлгийг нийгэм тэр чигээрээ шүүмжилж бас гоочилж байна.
Тухайлбал, "Яруу найргийн том наадам хаашаа явж байгаа юм бэ. Болор цом бохир цом болжээ. Болор цом балар зам боллоо. Мөнгөний наадам болжээ. Нэгдүгээр ангийн хүүхэд ч бичиж чадах шүлэг тэргүүн байранд шалгарлаа ичиг ичиг” гэсэн шүүмжлэл ар араасаа хөвөрсөөр байгаа юм. Үүнд "Болор цом”-ын эзэн ямар нэгэн тайлбар өгөөгүй явна. Ингээд энэ жилийн "Болор цом”-ын тэргүүн байрыг хүртсэн Б.Батсайхантай цөөн хором ярилцлаа.
-"Болор цом”-ын эзэн болсон танд баяр хүргэе ээ. Хаана байна та?
-Баярлалаа. Нутагтаа ээж дээрээ байна.
-Энэ жилийн наадмын онцлог юу байв. Таны хувьд хэддэх удаагаа энэ наадамд шүлгээ уралдуулж байна вэ?
-Яруу найрагчдын хүсэн хүлээдэг наадам жилийн жилд өвөрмөц болдог. Өнөө жил ч гэсэн тийм л сайхан боллоо. Миний хувьд найм дахь удаагаа орж байна. Ер нь бол 10 удаа шүлгээ өгч байсан.
-Таны хувьд энэ жилийн "Болор цом"-ын эзнээр тодорно гэдэгтээ итгэлтэй байв уу?
-Үнэнийг хэлэхэд түрүүлнэ гэж бодож байгаагүй. Энэ бодлоо нуухгүй. Урьд нь эзэлж байсан байраа л батлахыг бодож байсан. Өвөрхангайд болсон "Болор цом” наадмаас 3-р байрыг нь авч байлаа. Гэхдээ мэдээж ямарч бөх унана гэж барилддаггүйтэй адил ямар ч яруу найрагч хасагдана гэж "Болор цом”-д орохгүй байх. Хэзээ нэгэн цагт эзэн нь болно гэж боддог байсан.
-Тэгвэл тэргүүн байрын шүлэг нэлээд шүүмжлэл дагуулж байгаад та ямар тайлбар хэлэх вэ?
-Би ямар тайлбар хэлэх вэ дээ, чухам яагаад энэ шүлгийг онцлов, яагаад шалгаруулав гэдгийг шүүгчдээс асуу.
-"Тэр эмэгтэй” шүлгийг нэгдүгээр ангийн хүүхэд ч бичиж чадна гэх юм. Энэ яг ямар утгатай, ямар урсгалын шүлэг юм бэ?
- "Тэр эмэгтэй”...\дадайст шүлэг\ юм. Өөрөөр хэлбэл, дадайзм гэдэг нь гэнэн хүүхдийн сэтгэлээр ертөнцийг хардаг модернист урсгал байдаг. Би энэ шүлгийг гэнэн цагаахан сэтгэлээр ээжийгээ хардаг тэр гэгээн ертөнцийг л илэрхийлэх гэсэн юм.
-Тэгвэл ийм шүлгийн урсгал мэдэхгүй хүмүүс хий хоосон цэцэрхэж, шүүмжлээд байгаа гэсэн үг үү?
-Намайг шүүмжлээд байгаа тэр хүмүүс тэгээд биччих нь яасан юм. Бичээгүй байж бичсэн хүнийг гоочлоод байх хэрэггүй болов уу. Тэд ярьж л байг. Би шүлгээ бичсээр байх болно.
-Шалгуурлалтанд уншсан шүлгүүдийнхээ тухайд гэвэл?
-Сайн сайхан шүлэгнүүд олон бий. Би шүлгээ өгсөн бас шүлгүүдээ уншсан. Шүүгчид үнэлгээгээ өгч шалгаруулсан.
-Таныг Дорнодын Засаг даргын эхнэрийнх нь ойрын хамаатан арын хаалгаар авчихлаа гэсэн хардлага ч байгаа юм. Энэ үнэн үү?
-Би яг ямар тайлбар хийх ёстой вэ. Би Болор цомоор дамжуулж хамаатнаа олж авсан бололтой. Ийм дэмий явган ярианд итгээд ч яах вэ дээ. Огт танихгүй хүн шүү дээ. Энэ наадмын сургаар л хамаантай болж байх шиг байна. Засаг даргыг нь ч гэсэн анх удаа харж байна.
-"Болор цом” бохир цом болдог болжээ. Шүүгчдийн бүрэлдэхүүн таньдаг хүнээ дээгүүр давхиулдаг шударга биш наадам болдог болсон уу?
-Жил болгон л гарч байдаг жиг жуг яриа шүү дээ. Шүүгчид бүх яруу найрагчаа танина. Ганцхан намайг таниад бусдыг нь танихгүй байна гэж байхгүй. Энэ бол эцсийн дүгнэлт биш. Уншигч яруу найрагчдын хамгийн том уулзалт юм. Түүнээс биш эцсийн шалгаруулалт биш шүү.
-Таныг шүүмжлээд байгаа уншигч иргэдийн шүүмжлэлд өгөх эерэг хариулт байна уу?
-Та нар хийснээ, хийж байгаагаа биш хийхгүй байгаагаа л өөлж гоочил доо л гэж хэлье. Намайг муулсан бүхэн, намайг доромжилсон бүхэн гэгээрэх болтугай гэж ерөөе.
О.Сайхан
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих