Монгол орны дөрвөн улирал өөр өөрийн гэсэн өнгөтэй. Зун ногоон, намар шар, өвөл цагаан өнгөтэй байдаг бол хаврын улиралд энэ бүх өнгө бий. Модод нахиагаа дэлгэж ногоон өнгийг харуулна. Төд удалгүй цас бударч өвлийг санагдуулна. Бороо дуслан тэнгэр бүдийж салхи намар шиг сэвэлзэнэ. Хавар байгаль дэлхий, хүмүүсийн амьдрал, сэтгэл санаа гээд бүх зүйл хөдөлгөөнд ордог. Тэр дундаа малчдын хувьд хаврын улирал ажил ундарсан гурван сар болдог онцлогтой. Яг л энэ цаг үед Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас сумынхаа малчдын хаваржилт, мал төллөлтийн байдалтай танилцахаар зургаан ажлын хэсэг болон хөдөө тал руу хөлгийн жолоо залсан юм.
Сумын ИТХ-ын дарга Б.Батбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн нийгмийн даатгалын байцаагч М.Энхцэцэг, "Мянган жаргалан” өрхийн эмнэлгийн бага эмч Б.Мөнх-Эрдэнэ, гурадугаар багийн нийгмийн ажилтан Г.Алтан-Од нар явсан. Бид Чойбалсан хотоос баруун урагш 43 малчин өрхөөр орж төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, малчдыг орон нутагтаа тав тухтай ажиллаж хөдөлмөрлөх нөхцлийг бүрдүүлэх, тэдний санал санаачлагыг төр засгийн шийдвэрт тусгах зорилготой. Бидний орсон хамгийн эхний айл Орбитод нутаглах Чулуунбаатарых. Чулуунбаатрынх дүү Энхжаргалтайгаа саахалт. Эдний хоёр гэр цайны хэдэн тугалтай үнээгээс өөр малгүй. Үнээнүүд нь хэдүйн тугалж сүү саалиндаа золгожээ. Гэрийн эзэгтэй шинэхэн бүрэлдсэн элгэн тараг барьж малчин түмний найрсаг зангаар биднийг угтлаа.
Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга төрийн ажлыг танилцуулж, багийн нийгмийн ажилтан төл малын судалгаа авч, эмч өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй хүнээ үзэж, нийгмийн даатгалын байцаагч даатгалын таван сангийн мэдээлэл өгч, сайн дурын даатгалд малчныг хамруулж тус бүрдээ бид ажилдаа орцгоов. Чулуунбаатар гуайн өрхийн гол орлого нь сүү. Аймгийн төвд сүүгээ борлуулж амьжиргаагаа залгуулна. Үүн дээрээ түшиглэн айл саахалтын малчидтайгаа хамтарч төсөл хөтөлбөрт хамрагдан төрөөс зээл, тусламж авч өрхийн орлогоо нэмэгдүүлэх саналтай байгаагаа бидэнд хэлсэн. Төрөөс жижиг дунд бизнес эрхлэх сонирхолтой иргэдэд ямар дэмжлэг тусламж үзүүлж байгаа, төсөл хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар гуравдугаар багийн нийгмийн ажилтан Алтан-Од Чулуунбаатар гуайд зөвлөгөө өглөө. Ийнхүү бидний малчдын амьдрал байдалтай танилцах ажил Чулуунбаатар гуайнхаас эхэлж цааш үргэлжиллээ. Хоёр, гурван км яваад нэг айлд бууна. Хамгийн холдоо 20 км -ын зайтай айлууд байх. Бараа бараагаа харалцан айл саахалт бууж тал нутагт нүүдэллэн амьдрах нь монголчууд бидний уламжлал.
Бид Эрдэнэцагааны замаас баруун тийш Өвдөг, Өвөр-Урт, Баяннуур,
Магнай, Зааны худаг, Хургалж , Улааннуурын шанд, Улаан худаг, Сугуй үе,
Хашаат, Хайч, Загач, Баруун зүүн шанд, Цагаан чулуут, Шувуут, Ухаа
хошуу, Хавтгай, Баян-Уулын ар өвөр гэх газруудаар хоёр өдөр явсан. Энэ
хугацаанд олон айлд бууж мордон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг
даргын Тамгын газрын өнгөрсөн оны ажлын тайланг танилцуулж, цаг үеийн
мэдээ мэдээллийг хүргэлээ. Мөн Чойбалсан хотод мал аж ахуй эрхлэх талаар
баримтлах бодлогыг сурталчилж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх
санамж бичиг тараасан. Аймгийн болон орон нутгийн хөгжлийн сангаар ирэх
онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажилд малчдын саналыг сонслоо. Иргэдээс
Дэхт-Хашаатын замыг хатуу хучилттай болгох, модон гүүрийг бетон гүүр
болгох, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор модон
гүүрийг камержуулах, мах, ноолуурын чиглэлийн сайн чанарын үүлдрийн хуц
ухныг малчдад нийлүүлэх, хөнгөлөлттэй үнээр малчдад хадлангийн хэрэгсэл,
трактор нийлүүлэх, малын индкесжүүлсэн даатгалыг хувь хүнд ашигтай
болгох, малжуулах төсөлд хамруулах талаар саналууд гарч байв.
Өнгөрсөн жил өнтэй сайхан өвөл болсон болохоор мал ядраагүй малчдын
сэтгэл санаа ч өөдрөг тэнүүн сайхан хаваржиж байна. Хэрлэн суманд малын
хулгай их. Өмнө нь малчид бэлчээр дээрээсээ малаа алддаг байсан бол одоо
сүүлгүй чононууд хотноос нь 50, 60-аар нь ачаад явдаг болсон тухай ярьж
байлаа. Бид 26 өрхөөс судалгаа авч үзэхэд сүүлийн хоёр жилийн байдлаар
бод бог нийлсэн 405 толгой мал хулгайд алдагдсан тоо байна. Хулгайд
алдсан малаа олно гэдэг найдвар бага ажээ. Аймгийн Цагдаагийн газарт ёс
юм шиг бүртгүүлэхээс биш малын хулгайчыг олж хохирлоо барагдуулсан
тохиолдол тун ховор. Харин цагдаа малчдаар байн байн эргэж тойроход
малын хулгай багасдаг гэх.
Хэрлэн сум өөрийн гэсэн бэлчээр нутаггүй. Ихэнх малчид Булган, Баянтүмэн
сумын нутагт нутагладаг. Үүнээс үүдэн нэг гэр бүлийн хоёр хүн өөр өөр
сумын харьяалалтай байх жишээтэй, бэрхшээл хүндрэл байсаар байна. Мөн
гэр бүлийн ихэнх гишүүд сургууль цэцэрлэгийн насны хүүхдүүдээ харж
аймгийн төв дээр амьдардаг тохиолдол элбэг. Малчдад бүлэг хоршоолол болж
ажиллах хүсэл сонирхол их байна. Гэвч яаж, ямар хэлбэрээр бүлэг
хоршоолол болохоо мэдэхгүй, хоршооллын тухай мэдлэггүй, мэдээлэл хомс
байгаагаа нуугаагүй. Хэрлэн сумаас тавдугаар сард сумын малчдын
зөвлөгөөнийг зохион байгуулахаар төлөвлөж малчдад ямар чиглэлээр
мэдээлэл өгөх нь зүйтэй вэ гэдэг судалгааг малчдаараа ажиллах
хугацаандаа хийсэн.
Бид ийн явсаар төлөвлөсөн ажлаа амжуулж Хэрлэн сумын сайн малчин Баатарын Наранбаатарынд хүрсэн. Эднийх Чойбалсан хотын төвөөс 90 км Зааны худаг гэдэг газар хаваржаандаа буугаад удаагүй байна. Наранбаатарт залуу малчдын Улсын зөвлөгөөнд Хэрлэн сумыг төлөөлөн оролцох болсон баярт мэдээг бид дуулгасан юм. Өнөө үед мал маллана гэхээр "барахгүй, барахгүй” гэх залуус олон. Наранбаатар харин тэдэн шиг биш. Тэрээр 16 наснаасаа мал малласан. Одоо дөнгөж 30 шүргэж яваа залуу. Эднийх хоёр хүүхэдтэй. Хүүхдүүд нь ихэвчлэн аймгийн төвдөө байдаг гэх. Малыг маллаж чадвал ашиг шимийг нь хичнээн л бол хичнээн хүртэж болохыг Наранбаатар харуулж байна. Төл малаа хорогдолгүй аваад дуусчээ. Зааны худаг өвсний гарц сайтай мал бэлчихэд сайхан ч нутаг усгүй юм. Наранбаатар ямар нэгэн төсөл хөтөлбөрт хамрагдаж Зааны худагт худаг гаргуулахаар хоёр гурван жил хөөцөлдсөн ч худагтай болж чадаагүй л байна. Тиймээс сар гараны дараа ус руугаа ойртож зусландаа бууна гэж байв.
XXI зуун бол хэн хөдөлмөрлөж чадна тэр сайхан амьдрах боломж нээлттэй тийм л цаг үе. Малчид гэрийхээ гадаа портер машин, мотоцикл сойж, нарны цахилгаан үүсгүүрээр цахилгаанаар хангагдан зурагт үзэж мэдээ мэдээллээс хоцрохгүй байна. Хөдөө хотын төвд байгаа юм шиг гялалзан амьдарч байгаа ажилласаг хүмүүс манай малчид дунд олон байна. Тийм айлд ороод аягатай цайг нь уухгүй гарах хайран санагдаж бас бахархаж явсан. Ажилтай айлыг гаднаас нь харахад андашгүй. Хот хороо нь хог новшгүй цэмцгэр, аргал түлээгээ нуруулдан хурааж нойтон үхрийн баасаар шавсан байх. Гэрт нь ороход цэмцийтэл угаасан сүүний савнууд ярайгаад, гялалзтал арчсан ширээн дээрээ тавагтай идээгээ маарлаар бүтээсэн байх. Энэ бол ажилтай малчин айлын дүр зураг. Ийм дүр зургийг айл бүхэнд харахыг хүсэж байна.
Тийм ч учраас Хэрлэн сумаас жил бүр малчдынхаа амьдрал дунд ажиллаж айл бүхнийг ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд орон нутгаас юу хийх шаардлагтайг судалж төр засгаас гарах бодлого шийдвэрт тусгахыг зорьдог. Энэ удаа Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, түүний Тамгын газраас малчдын хаваржилттай танилцах зургаан ажлын хэсэг 234 малчин өрхөөр орж мэдээлэл түгээн тэдний санал бодлыг сонслоо. Сумын хэмжээнд 42684 эх мал төллөхөөс 44,3 хувь буюу 18926 мал төллөж, 100 эхээс 99 төл бойжуулсан дүн мэдээтэй манай малчид налгар сайхан хаваржиж байна.
Б.Одмаа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих