Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн / ДАШТ/-ий нээлт болох
цэнгэлдэх хүрээлэнгийн дээврийн зөвхөн нэг хэсэг нь л бэлэн болжээ.
Тиймээс үлдсэн хэсгийг нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дууссаны
дараа хийж дуусгахаар болж байна. Бразилийн Сан-Пауло хотноо дэлхийн
аварга шалгаруулах тэмцээний нээлт болох "Itaquerao" цэнгэлдэх
хүрээлэнгийн барилгын ажлыг хариуцаж буй "Odebrecht" нэртэй компани
дээврийн ажил цагтаа дуусах боломжгүй болсныг өнгөрсөн баасан гаригт
мэдээлжээ.
Тэмцээний нээлт болохоос өмнө барилгачид дээврийн ердөө нэг секцийг л
угсарч дуусах аж. Шилэн хийц бүхий уг хэсгийг "Odebrecht" компанийн
мэргэжилтнүүд тэмцээний дараа дуусгах нь зүйтэй хэмээн шийдвэрлэжээ.
Гэхдээ барилгын компанийнхан барилга бүрэн дуусаагүй ч үзэгчдэд энэ нь
ямар нэг байдлаар саад болохгүй гэж мэдэгдсэн байна.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд Бразилийн 12 хотод ирэх
зургадугаар сарын 12-оос долдугаар сарын 13-ны өдөр хуваарийн дагуу
болно. Тэмцээн Бразилийн Рио-де-Жанейро, Ресифи, Салвадоре, Сан-Пауло,
Порту-Алегри, Манаусе, Форталезе, Натале, Белу-Оризонти, Бразилиа,
Куябе, Куритибе хотод болох ажээ.
Нисэх буудлуудыг шинэчлэхээр яарч байна
Бразильд өнгөрсөн 10 жилийн хугацаанд агаарын тээврийн урсгал эрс
нэмэгджээ. Тухайлбал, 2013 онд нийт 110 сая хүн агаарын тээврээр
үйлчлүүлсэн бол үүнээс 10 жилийн өмнө энэ тоо ердөе 37 сая байсан гэнэ.
Тиймээс Бразиль улс Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээн авах эрхээ
авах үед энэ орны нисэх буудлууд нэлээд ачаалалтай ажиллаж байж.
Тиймээс Бразилийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Дэлхийн
аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах нь ашиг тусаа өгнө хэмээн
тайлбарласан аж. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэх ажлын
хүрээнд Бразилиа хотын нисэх буудалд өнгөрсөн сард шинэ терминал нээжээ.
Харин Бразилийн зүүн хойт хэсэгт орших Форталеза хэмээх өөр нэг хотын
нисэх буудалд зорчигсдод үйлчлэх шинэ терминалын оронд том асар майхнууд
хүлээж байна. "Гол нь одоогийн Засгийн газраас дэд бүтцийн салбарт
хувийн хэвшлээс хөрөнгө оруулалт хийх нь зайлшгүй боловч буруу гэж
үзсэнээс энэ бүхэн болсон" хэмээн Сан Пауло хотноо төсөл хэрэгжүүлж буй
нэгэн компанийн захирал өгүүлжээ. Тэрбээр "Хандлагаас болж концессийн
эрхийг олгохдоо удаж цаг алдсан" гэжээ.
Дэд бүтцийн ажил
Бразиль ДАШТ болох үеэр нийт 600 мянга орчим хөгжөөн дэмжигч хүрэлцэн
ирнэ хэмээн тооцож байгаа юм. Тиймээс нисэх буудлууд нэлээд бэрхшээлтэй
учирна хэмээн үзэж байна. "Нисэх буудлыг нээж ажиллуулна гэдэг нэлээд
нарийн түвэгтэй ажил тул өмнө нь нэлээд хугацаанд тоног төхөөрөмж,
программ хангамж болон үйл ажиллагааг нь туршилтын журмаар ажиллуулж
байж ашиглалтад өгдөг" хэмээн "ICF International"-ын нисэхийн
мэргэжилтэн тайлбарлажээ. Ашиглаж эхлэхээс өмнө нэлээд туршиж байж дараа
нь ашиглаж эхэлдэг. Бразилийн хувьд энэ системийг ердийн ажлын өдөр бус
аялал жуулчлалын жинхэнэ оргил үеэр шууд ажиллуулахаар болж байна"
гэжээ.
Нисэх буудлууд бол Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээн авах дэд
бүтцийн байгууламжийн ердөө нэг хэсэг юм. Цаана нь замын сүлжээ,
боомтууд, төмөр замын сүлжээг сайжруулах зэрэг өмнө нь амласан олон ажил
Бразильд цагтаа хийгдэж амжихгүй болжээ. "ДАШТ нь улс оронд цуврал
хөрөнгө оруулалт хийх оршил болох нь" хэмээн Сан Пауло дахь INSPER
хэмээх бизнесийн сургуулийн профессор өгүүлсэн байна.
Замын түгжрэл
Бразилийн хотуудын хоорондох замууд нэлээд түгжрэлтэй болжээ. McKinsey
Global Institute хэмээх судалгааны байгууллагын тайланд өгүүлснээр
Бразильд дэд бүтцийн салбартаа ДНБ-ийнхээ 1.5 хувийг зарцуулдаг байна.
Гэтэл дэлхий дундаж үзүүлэлт үүнээс хоёр дахин их байдаг аж. Дэд
бүтцийнхээ салбарт ийм бага хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг нь Латин
Америктаа эдийн засгийнхаа хэмжээгээр тэргүүлдэг энэ орны хөгжилд чөдөр
тушаа болж, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг тухай дээрх
байгууллагын тайланд өгүүлсэн байна.
Ерөнхийлөгч Д.Русефын санал болгосон дэд бүтцээ хөгжүүлэх төлөвлөгөө
цагаа олсон хэдий ч ДАШТ-ийн хувьд амжихгүй нь тодорхой юм. Түүнчлэн
газар дээрээ бууж хэрэгжихэд нэлээд хугацаа орж байна. Тухайлбал, хурдны
замын ажлыг концессын гэрээгээр бариулах эхэлсэн бол Засгийн газраас
өнгөрсөн онд далайн боомтын тухай хууль батлуулсан боловч ажил хэрэг
болох арай болоогүй аж.
Эсэргүүцлийн хөдөлгөөн нэмэгдлээ
Бразильд сүүлийн үед ДАШТ зохион байгуулахыг эсэргүүцэгчдийн тэмцэл
нэлээд эрчимжжээ. Тухайлбал, Сан Пауло хотноо болсон эсэргүүцлийн
жагсаалын үеэр иргэд гудамжуудыг хааж, машины дугуй шатааж, цагдаа нар
луу чулуу шидэж байж. Иргэд олон тэрбум ам.долларыг иргэдийн нийгмийн
асуудал, тухайлбал, орон сууцаар хангах ажилд зарцуулахын оронд
хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулахад зарцуулж буйг шүүмжилж байгаа
юм.
Эсэргүүцлийн хөдөлгөөн нийслэл Бразилиа хот болон олон том хотод
өрнөжээ. ДАШТ ойртох тусам энэ хөдөлгөөн тэмцлээ улам хурцатгана хэмээн
зохион байгуулагчид нь мэдэгдэж байгаа юм. Өнгөрсөн оны зургадугаар сард
сая гаруй иргэн жагсаж, авлига, хөлбөмбөгийн тэмцээнд хэт их хөрөнгө
зарцуулж буйг эсэргүүцэн жагссан байна.
Энэ хөдөлгөөнөөс өнгөрсөн долоо хоногт Рио де Жанейро хотноо зохион
байгуулсан эсэргүүцлийн жагсаалын үеэр эмч, багш зэрэг нийгмийн
үйлчилгээний салбарт ажиллагсад гудамжинд олноороо гарсан юм. Энэ хотноо
ирэх долдугаар сарын 13-ны өдөр ДАШТ шувтаргын шигшээ тоглолтууд болно.
Д.Мөнхболд
Эх сурвалж:

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих