Риогоос Токиогийн олимпын мөчлөгт сойх боксын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн хараахан тодроогүй байгаа билээ. Монголын боксын холбооноос шилдэг боксчдын тэмцээнийг өнгөрсөн оны сүүлчээр зохион, тус тэмцээнд гаргасан амжилтыг нь харгалзан, шигшээ багт хэн, хэнийг багтаахаа тодруулахаар төлөвлөсөн.
Тус тэмцээнийг өнжсөн олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Отгондалай залуу тамирчдад боломж олгох зорилгоор үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнээс нэрээ татжээ. Тэрбээр албан бус шигшээд орж, өөрийнхөө оронд 69 кг-д өрсөлддөг, залуу боксчин О.Бямба-Эрдэнийг багтаах хүсэлт гаргасан аж. Энэ талаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэнгээс тодруулахад "Оки 2007 онд үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд анх багтсанаасаа хойш олон амжилт гаргаж, монгол түмнээ баярлуулж байна.
Шавь минь Токиогийн олимпод хүч сорих, амжилтаа ахиулах зорилготой яваа. 34 настайдаа яагаад олимпын хос медальтан болж чадахгүй гэж. Зөвхөн өөрийгөө бус, залуу тамирчдаа бодож, үндэсний шигшээ багаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг нь би дэмжиж байна. О.Бямба-Эрдэнэ шилдэг боксчдын тэмцээнд О.Батзоригийг ялж түрүүлсэн, амжилт нь өсөж яваа залуу тамирчин. Окигийн энэ шийдвэр залуу тамирчдад урам өгөх байх. Монголын боксын 60 кг өрсөлдөөн ихтэй, Э.Цэндбаатар, Б.Мишээлт тэргүүтэй олон шилдэг бий. Тэр хэрээр тамирчдын амжилт хурдан ахидаг. Тэдэнд Д.Отгондалайг ялж, энэ жилийн Азийн АШТ, ирэх оны ДАШТ-д оролцох боломж бий” гэлээ.
Өнөөдөр сонин

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих